Трамп, түүний албан тушаалтнууд Иранд хийж буй дайныхаа талаар зөрүүтэй мэдээлэл гаргаж эхлэв
Доналд Трампын захиргаа Ираны дайны талаарх байр суурь, мэдэгдлээ ойр ойрхон өөрчилж байна. АНУ-ын албаны хүмүүсийн хэлж буй зүйлс хоорондоо зөрчилдөж, ажиллагааны зорилго нь цаг тутамд шинэчлэгдсээр байна.
Эхлээд Трамп энэ дайныг дэлхийг илүү аюулгүй болгох жижиг хэмжээний ажиллагаа гэж тодорхойлсон. Дараа нь тэр дөрөв эсвэл таван долоо хоног үргэлжлэх томоохон байлдааны ажиллагаа гэж байр сууриа өөрчилсөн юм. Гэвч үүний дараа тэр дайнд хэдийн ялсан гэж зарласан ч ажлаа дуусгах хэрэгтэй гэж хэлж байна.
Хоёрдугаар сарын 28-нд АНУ Иран руу довтолж, хугацаа нь тодорхойгүй дайн эхлүүлсэн нь америкчууд болон дэлхий нийтийг гайхшируулсан. Трамп анх сонгуульд нэр дэвшихдээ Америк нэгдүгээрт гэх уриа гаргаж, гадаадын улсад зэвсэгт хүчнээр хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцдэг байсан билээ.
Трамп өнгөрсөн жилийн зургаадугаар сард Иран, Израилын дайнд хөндлөнгөөс оролцож Ираныг бөмбөгдсөнийхөө дараа тус улсын цөмийн хөтөлбөрийг сүйрсэн гэж мэдэгдсэн. Ираны цөмийн хөтөлбөрийг бүрэн устгасан хэр нь яагаад энэ дайныг хийх шаардлагатай талаар тэр америкчуудад цохилтын өмнө учирлан тайлбарлаагүй.

Мөргөлдөөн эхлэхэд АНУ Израилын хүслээр л ямар ч шаардлагагүй дайн эхлүүллээ гэж олон хүн дүгнэсэн. Уг дүгнэлтийг АНУ-ын Үндэсний терроризмын эсрэг төвийн захирал Жо Кент мягмар гарагт /2026.03.17/ ажлаа хүлээлгэн өгөхдөө баталсан юм. Тэр “Иранд явуулж буй дайныг ёс зүйн хувьд дэмжиж чадахгүй. Учир нь Иран манай улсад шууд аюул заналхийлээгүй байсан. Энэ дайныг бид Израил болон Израилын лоббины дарамт шахалтаас болж эхлүүлсэн нь тодорхой байна” гэж өргөдөл дээрээ бичсэн байна.
Одоо Трампын захиргаа дайнд эргэлзэж буй иргэдийг ятган сэнхрүүлэх хэцүүхэн асуудалтай тулгараад байна. Учир нь дайны улмаас шатахууны үнэ нэмэгдэж байгаа нь америкчуудын амьдралд хэдийн нөлөөлж эхэлсэн. Мөн дэлхий даяар газрын тос, байгалийн хий, бордооны хомсдол үүсээд байгаа билээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт Иран явуулж буй ажиллагааны зорилго тодорхойгүй байгаа гэдэг нь худал гэх мэдэгдэл гаргаад буй. Ливитт хэлэхдээ дайн нь Ираны пуужингийн чадамжийг устгах, тэнгисийн цэргийг нь үгүй хийх, террорист бүлэглэлүүдийг дахин халдлага хийлгэхгүй байх зорилготой гэжээ.
Тэгвэл одоо Трамп болон түүний захиргааны албан тушаалтнууд бие биеэ үгүйсгэсэн, авцалдаа холбоогүй мэдэгдэл гаргасан тохиолдлуудыг харцгаая.
Иран руу яагаад довтолсон бэ
Гуравдугаар сарын 2: 47 жилийн дайныг дуусгах зорилготой довтолсон. АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Пит Хэгсет "Техран дахь дэглэм 47 жилийн турш Америкийн эсрэг зэрлэг дайн хийсэн" гэж хэлжээ.
Гуравдугаар сарын 2: Иран хэлэлцээр хийхээс татгалзсан учраас. Батлан хамгаалахын сайд Хэгсет "Бид тэдэнд боломж олгосон ч цаг хожих гэж оролдон, пуужингаа нөөцөлж, цөмийн хөтөлбөрөө дахин эхлүүлсэн" хэмээжээ.
Гуравдугаар сарын 2: Израил юу ч болсон цохилт өгөх байсан тул довтолсон. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "Израил цохилт өгвөл Иран манай баазууд руу дайрна гэдгийг мэдэж байсан. Тиймээс бид хохирол амсахгүйн тулд түрүүлж цохилт өгсөн" гэсэн юм.
Гуравдугаар сарын 2: Израилын төлөвлөгөөтэй хамаагүй. Трамп "Харин ч би Израилын шийдвэрт нөлөөлсөн байж магадгүй" гэж хэлжээ.
Гуравдугаар сарын 2: Иран жилийн дараа хэт их пуужинтай болох байсан. Төрийн нарийн бичгийн дарга Рубио "Жилийн дараа тэд маш олон пуужинтай болж, хэн ч юу ч хийж чадахааргүй болох байсан" хэмээсэн.
Гуравдугаар сарын 4: Зөн совин. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Ливитт “Иран халдана гэсэн зөн совин Трампт төрж байсан” гэжээ.
Дайны эцсийн зорилго юу вэ
Хоёрдугаар сарын 28: Ираныг цөмийн зэвсэггүй байлгах. Трамп "Энэ террорист дэглэм хэзээ ч цөмийн зэвсэгтэй болж болохгүй" гэсэн.
Гуравдугаар сарын 2: Дэглэм солих зорилгогүй. Батлан хамгаалахын Хэгсет "Дэглэм солих зорилготой ажиллагаа биш. Гэхдээ удирдлага нь өөрчлөгдөж, хорвоо ертөнц илүү дээрдлээ" гэжээ.
Гуравдугаар сарын 2: Пуужин, тэнгисийн флот, цөмийн аюулыг устгах. Батлан хамгаалахын сайд Хэгсет "Пуужингийн аюулыг устгаж, флотыг үгүй хийх нь гол даалгавар юм" хэмээсэн.
Гуравдугаар сарын 2: Иран бусад улсад хүчээр нөлөөлөхөөс сэргийлэхийн тулд. АНУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Дан Кэйн "Бидний зорилго бол өөрсдийгөө хамгаалж, Ираныг гадагшаа хүчээр нөлөөлөх боломжгүй болгох юм" гэсэн.
Гуравдугаар сарын 2: Цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх. Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс “Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болж болохгүй. Энэ ажиллагааны зорилго бол Иран цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх. Ерөнхийлөгч Трамп ажиллагааны эцсийг нь үзнэ” гэжээ.
Гуравдугаар сарын 4: Пуужингийн аюул, тэнгисийн флот, цөмийн хөтөлбөрийг устгах. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Ливитт "Ажиллагааны зорилго бол баллистик пуужингийн аюул, тэнгисийн флот, цөмийн хөтөлбөрийг устгаж пуужингийн үйлдвэрлэлийг нь зогсоох” гэж мэдэгдсэн.
Гуравдугаар сарын 6: Болзолгүйгээр бууж өгөхөд хүргэх. Трамп "Иран зөвхөн болзолгүйгээр бууж өгөх ёстой. Үүний дараа бид холбоотнуудтайгаа хамтран Ираныг эдийн засгийн хувьд урьд өмнөхөөсөө илүү хүчирхэг болгоход тусална. Иранд агуу ирээдүй бий" гэж хэлсэн юм.
Дайн дууссан уу?
Гуравдугаар сарын 8: Дайн дөнгөж эхэлж байна. Батлан хамгаалахын сайд Хэгсет "Үүнийг үзэж байгаа хүмүүс ажиллагаа дөнгөж эхлэл гэдгийг ойлгоосой гэж би хүсэж байна” хэмээн мэдэгдэл гаргасан.
Гуравдугаар сарын 9: Бараг дууссан. Трамп “Дайн ерөнхийдөө дууссан гэж би бодож байна" гэж хэлсэн.
Гуравдугаар сарын 9: Дууссан, бас дөнгөж эхэлж байна. Трамп "Дайн дууссан, бас дөнгөж эхэлж байна хэмээн зэрэг хэлж болно гэж би бодож байна" гэсэн.
Гуравдугаар сарын 9: Хангалттай ялалт байгуулаагүй байна. Трамп "Бид олон талаар хэдийн ялсан. Гэхдээ хангалттай хэмжээнд ялаагүй байна. Бид энэ аюулыг бүр мөсөн дуусгахын тулд илүү шийдэмгий байх болно” гэж мэдэгдсэн.
Гуравдугаар сарын 9: Цааш үргэлжлүүлнэ. Трамп "Одоо хүртэл явуулсан ажиллагаагаа асар том амжилттай байсан гэж хэлж болно. Гэхдээ бас үргэлжлүүлэх боломжтой. Цаашид үргэлжлүүлнэ" гэсэн
Гуравдугаар сарын 11: АНУ аль хэдийн ялсан. Трамп "Ялсан гэдгээ хэт эрт зарлах хэрэггүй л дээ. Гэхдээ бид ялсан. Ажиллагааны эхний цагт л бүх зүйл дууссан" хэмээн мэдэгдсэн.
Гуравдугаар сарын 11: Эхлүүлсэн ажлаа дуусгах хэрэгтэй. Трамп "Хэтэрхий эрт явчихад болохгүй, тийм биз дээ? Бид эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой" гэсэн юм.
Гуравдугаар сарын 13: Цохилтын цар хүрээ, хүчийг нэмэгдүүлж байна. Батлан хамгаалахын сайд Хэгсет "Өнөөдөр АНУ-аас Иранд урьд өмнө нь өгөөгүй том цар хүрээтэй цохилт өгнө. Бөмбөгдөгч онгоцнуудын нислэг болон цохилтын тоо урьд өмнөхөөсөө илүү нэмэгдэж байна"
Дайн хэр удаан үргэлжлэх вэ?
Гуравдугаар сарын 2: Дөрвөөс таван долоо хоног эсвэл илүү удна. Трамп "Бид анхнаасаа дөрвөөс таван долоо хоног үргэлжилнэ гэж тооцсон. Гэхдээ үүнээс хамаагүй удаан үргэлжлүүлэх чадавх бидэнд байгаа. Зарим хүн ‘Ерөнхийлөгч хурдан дуусгах хүсэлтэй байгаа, нэг удалгүй уйдах байх’ гэж ярьж байсан. Би уйддаггүй. Үүнд уйдах зүйл огт байхгүй” хэмээсэн.
Гуравдугаар сарын 2: Хоёр, дөрөв, эсвэл зургаан долоо хоног ч байж болно. Батлан хамгаалахын сайд Хэгсет "Ерөнхийлөгч Трамп дайн хэр удаан үргэлжлэх талаар ярих бүрэн эрх бий. Хоёр долоо хоног, дөрөв, эсвэл зургаан долоо хоног ч байж болно. Хугацаа наашилж эсвэл хойшилж болно” гэж мэдэгдсэн.
Гуравдугаар сарын 2: Шаардлагатай хугацаагаар үргэлжлүүлнэ. Батлан хамгаалахын сайд Хэгсет "Америкийн ашиг сонирхлын төлөө бид хэр хол явах шаардлагатай, тэр хүртлээ явна. Гэхдээ бид тэнэг биш. Иран руу 200 мянган цэрэг илгээгээд, 20 жил байх шаардлагагүй" гэсэн юм.
Гуравдугаар сарын 10: Трамп өөрөө шийднэ. Батлан хамгаалахын сайд Хэгсет "Бид анхнаасаа л хэр удаан үргэлжлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Бидний хүсэл зоригт хязгаар гэж үгүй. Эцсийн зорилгоо ерөнхийлөгч өөрөө шийднэ. Гэхдээ энэ ажиллагаа эцэс төгсгөлгүй үргэлжлэхгүй гэдгийг Америкийн ард түмэн ойлгоосой гэж тэр хүсэж байна. Бид үндсэн зорилгоосоо хазайхгүй. Ерөнхийлөгч маш тодорхой даалгавар өгснийг биелүүлэх нь бидний ажил" гэж хэлсэн.
Гуравдугаар сарын 10: Трамп өөрөө шийднэ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Ливитт "Америкийн цэргүүд төлөвлөгөөнөөсөө түрүүлж, зорилгоо хурдан биелүүлж байна. Гэхдээ Иран бүрэн, ямар нэгэн болзолгүйгээр бууж өгсөн нөхцөлд л ерөнхийлөгч ажиллагааг дуусгавар болгоно” гэж мэдэгдсэн.
Гуравдугаар сарын 11: Удахгүй дуусна. Трамп Ирантай хийж буй дайн удахгүй дуусна, цохилт өгөх зүйл бараг үлдээгүй гэж хэлсэн.
Эх сурвалж: NBC News, Yonhap News














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм зөрүүтэй мэдээлэл бол итгэл алдуулна шүү
yag yu bolj bga ni oilgomjgui bolchloo
Дайн шиг том асуудал дээр ингэж будилах буруу
neg ni neg yum yariad nuguu ni uur yum heldeg ni sonin
Удирдлагын түвшинд ийм зөрчил байж болохгүй
ene bol zugeer l bodlogogui baidliin jishee
Ийм байвал дэлхий даяараа эргэлзэнэ дээ
yag yalsan yum uu esvel ehlej bga yum uu
Дайн дээр туршилт хийж байгаа юм шиг
irged ni yaj oilgoh yum be
Галзуу хүний өдрийн тэмдэглэл