АНУ Ойрх Дорнод руу нэмж олон мянган явган цэрэг илгээнэ
АНУ-ын зэвсэгт хүчин Ойрх Дорнод руу нэмж газар уснаа явагч машин, тэнгисийн явган цэрэг илгээнэ гэдгээ баасан гарагт /2026.03.20/ мэдэгджээ. Харин Ерөнхийлөгч Доналд Трамп НАТО-гийн холбоотнууд нь Ормузын хоолойг нээхэд туслахад татгалзсан явдалд бухимдаж буйгаа дахин илэрхийлж, тэднийг аймхай гэсэн байна.
Гурван долоо хоногийн өмнө АНУ, Израил хоёр Иран руу довтолж эхлүүлсэн дайны улмаас Ормузын хоолойн тээвэр ерөнхийдөө зогссон. Тус хоолойгоор дэлхийн газрын тос, байгалийн хийн тавны нэг дамжин өнгөрдөг. Мөн далайгаар тээвэрлэдэг бордооны 33 хувь Ормузын хоолойгоор дамждаг билээ. Ийм чухал ач холбогдолтой бүс хаагдсаны улмаас газрын тосны үнэ 50 орчим хувиар нэмэгдэж, дэлхийн хойд хагаст үр тариа суулгалт эхэлдэг үед бордооны хомсдол үүсгээд байгаа юм.
Газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ бууруулахын тулд Трамп ОХУ-д тавьсан хоригоо түр хугацаанд сулласан. Мөн Ираны эсрэг хориг арга хэмжээг түр цуцалж, дайн эхэлснээс хойш тээвэрлэгч онгоцнууд дээр гацсан байгаа Ираны 140 сая баррель газрын тосыг борлуулахыг зөвшөөрнө гэж мэдэгдсэн. Дайны улмаас 2 мянга гаруй хүн амь үрэгдсэний ихэнх нь Иран, Ливаны иргэд байна. “Reuters”, “Ispos” хамтран явуулсан судалгаагаар америкчуудын 65 хувь нь Трамп Иран руу явган цэрэг оруулна гэж боддог хэмээх тоо баримт гарсан. Ийм алхам хийхийг зөвхөн 7 хувь нь л дэмжжээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.