Зүүн аймгуудад ноолуур ₮180 мянгаас эхэлж, ₮200 мянга хүрэх хүлээлт үүсгээд байна
Манай улс дангаараа дэлхийн ноолуурын нөөцийн 40 гаруй хувийг бэлтгэдэг. Үүнийгээ дагаад малчид нийт орлогынхоо 60-70 хувийг ноолуур борлуулж бүрдүүлдэг. Өнгөрсөн оны 4 дүгээр сард нэг килограмм ноолуурын үнэ 150-160 мянган төгрөгийн хооронд байсан. Тэгвэл энэ жил Хэнтий аймагт ноолуурын ханш 175-180 мянган төгрөгт хүрсэн нь тодорхой хэмжээгээр өссөн үзүүлэлт боллоо.
Энэ жилийн хувьд ноолуурын үнэ өмнөх жилүүдээс өндөр тогтох хүлээлттэй байгаа юм. Салбарын сайд М.Бадамсүрэн "Энэ жил ноолуурын үнийг ₮200 мянгаар эхлүүлэх хүсэлтийг дотоодын үйлдвэрүүдэд тавьсан. Цаашдаа бид түүхий ноолуурын экспортыг хязгаарлаж, дотооддоо бүрэн боловсруулах шаардлагатай байна. Засгийн газраас дотоодын үйлдвэрүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлж, үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон. Тиймээс малчдаас ноолуурыг илүү өндөр үнээр худалдан авахыг уриалж хэлсэн. Энэ жил ноолуурын үнэ өмнөх жилээс өндөр тогтох байх гэсэн хүлээлттэй байна" гэсэн юм.
Ноолуурын үнэ бүс нутгаасаа хамаарч адилгүй байдаг. Тухайлбал, зүүн аймгийн малчид ямаагаа эрт самнаж улмаар ноолуураа үнэтэй борлуулдаг. Учир нь зүүн аймгийн ноолуур хялгасгүй, угааж боловсруулахад хаягдал бага гардаг. Харин баруун аймгийн ноолуур хялгас ихтэй, угаахад хаягдал их гардаг байна. Мөн зүүн аймагтай харьцуулахад айжуу ямаагаа самнадаг зэрэг нь үнэ унахад нөлөөлдөг аж.
Энэ хаврын тухайд цаг агаарын байдлаас шалтгаалан зүүн аймгийн ноолуур гарах хугацаа хойшлогдож байгаа юм. Зүүн гурван аймаг болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт нэг кг ямааны ноолуур ₮170-180 мянгын ханштай байгаа бөгөөд нэг ямаа самнуулах хөлс ₮12-15 мянга байна.
Өнгөрсөн жил зүүн аймагт ноолуурын үнэ ₮185 мянгаар хэлсэн ч зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан ₮110 мянган төгрөг хүртэл буурч байсан. Иймд энэ жилийн ноолуурын үнэ дотоодын бодлого, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс шууд хамаарах төлөвтэй байгаа юм. Түүнчлэн түүхий ноолуур экспортлохыг хориглосон. Энэ зүүн аймгуудын ноолуур түрүүлж гарч дотоодын үйлдвэрүүд худалдан авч улмаар эрэлтгүй болсноор баруун аймгийн ноолуур үнэ буурах эрсдэлтэй үүсгэж буй.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ноолуур ийм үнэтэй байвал малчдад бол сайн мэдээ байна даа
180-200 myanga geheer bas l undur une bolchihloo shuu
малчдын орлого нэмэгдэх нь сайн ч зах зээл тогтвортой байх хэрэгтэй
өнгөрсөн жил унасан шиг гэнэт буувал малчид хэцүүднэ дээ
зүүн аймгийн ноолуур чанартай гэдэг нь үнэн шүү
дотооддоо боловсруулах нь зөв ч бодлого нь зөв хэрэгжих хэрэгтэй
baruun aimgiin malchid bas l hohirch magadgui l yum bn daa
ноолуурын үнэ өсөхөөр малчид жаахан ч гэсэн амсхийх байх
huleelt hetereed daraa ni unaval bas l hundrel uusne shuu
neg jil undur bgaad daraa jil ni unadag ni l hamgiin tom asuudal
ene jil malchid ih l naidvar tavij bn daa
хялгас багатай ноолуур үнэтэй байдаг нь ойлгомжтой
малчид хөдөлмөрийнхөө үр шимийг арай илүү хүртэх хэрэгтэй шүү