Иран: Дайныг дуусгах АНУ-ын саналыг авч үзэж байгаа, гэхдээ хэлэлцэх сонирхол байхгүй
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи лхагва гарагт /2026.03.25/ мэдэгдэл хийхдээ дайныг дуусгах АНУ-ын саналыг авч үзэж байгаа, гэхдээ хэлэлцэх сонирхол байхгүй гэжээ. Аббас улсынхаа төрийн өмчит телевизэд ярилцлага өгөхдөө зуучлагчаар дамжуулж мессеж солилцож буй нь АНУ-тай хэлэлцэж байна гэсэн үг биш хэмээсэн байна. Хэрвээ гал зогсоох тохиролцоонд хүрэхээр бол Ливан дахь мөргөлдөөнийг мөн дуусгах ёстой гэж Иран АНУ-д мэдэгджээ. Израил Ливаныг бөмбөгдөн, хэсэг газар нутгийг нь хяналтдаа аваад байгаа юм.
Вашингтон Иранд 15 зүйл бүхий дайныг дуусгах санал илгээсэн. Тус саналд цөмийн хөтөлбөрөө татан буулгах, холбоотой террорист бүлгүүдээ дэмжихээ зогсоох, Ормузын хоолойг нээх, пуужингийн тоогоо хязгаарлахын хариуд хориг арга хэмжээг цуцлах гэх мэт зүйл багтжээ. Дайн эхлэхээс өмнө Техран, Вашингтон нар тохиролцоонд хүрэхээр хэлэлцэж байсан. Тухайн үед Иран баллистик пуужингийн үйлдвэрлэл болон бүс нутаг дахь террорист бүлгүүдийг дэмжихээ зогсооно гэдэг нь хүлээн зөвшөөршгүй санал гэх байр суурийг илэрхийлсэн билээ. Одоо Иран өөрсдийнх нь тавьсан шаардлага биелсэн тохиолдолд л дайныг дуусгана гэж мэдэгдэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт үг хэлэхдээ “Вашингтон Ираны эрх баригчидтай хэлэлцэж байгаа шүү. Тэд тохиролцоонд хүрэхийг маш их хүсэж байгаа, гэхдээ үүнийгээ хүлээн зөвшөөрвөл ард түмэндээ алуулах учраас олон нийтэд мэдэгдэхээс зайлсхийж байна. Бас бидний гарт амиа алдахаас айж байгаа” гэжээ.
Ираны албан тушаалтнууд хэлэлцээ хийхгүй байгаа гэж мэдэгдсэн ч Цагаан ордон ярилцаж байгаа хэмээн гүрийсээр байна. Тодруулбал Цагаан ордны хэвлэлийн Төлөөлөгч Кэролин Ливитт “Ерөнхийлөгч даваа гарагт хэлснээр хэлэлцээ үргэлжилж, үр бүтээлтэй явагдаж байгаа” гэжээ. Мөн Иран тохиролцоонд хүрэхгүй бол Трамп өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хүчтэй цохилт өгнө гэж тэр анхааруулсан байна.
Вашингтон Иран руу дайныг дуусгах санал бүхий төлөвлөгөө илгээсэн гэх мэдээ лхагва гарагт гарсны дараа газрын тосны үнэ бага зэрэг буурч баррель нь 98 орчим ам.доллароор арилжиж байсан бол одоо нэмэгдэн 103 ам.доллар хавьцаа хүржээ.
Эх сурвалж: Reuters, Korea Times














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайтах дуртай юм бол одоо яая гэхэв, сунжрах л болж дээ.