Урьд өмнө нь үзэгдээгүй том цохилт өгнө гэж сүрдүүлсэн Трамп Иранд дахин “боломж” олгов
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний албан тушаалтнууд Ираны дайн дээр нэг нэгээ үгүйсгэсэн, зөрчилдөөнтэй мэдэгдэл олон дахин гаргасан. Харин энэ удаад Техран хэлэлцээ хийхгүй байгаа гэж мэдэгдсээр байхад Трамп Ирантай ярилцаж байгаа, тэд тохиролцоонд хүрэхийг маш их хүссэнээ илэрхийлсэн гэж гүрийж буй.
Тэгвэл Трамп пүрэв гарагт /2026.03.26/ хэлэхдээ Ираны хүсэлтээр эрчим хүчний станцуудад нь өгөх цохилтыг арван хоногоор хойшлууллаа гэжээ. Тэр Ираны дайныг зогсоох хэлэлцээ сайн ахицтай явагдаж байгаа хэмээсэн юм. Энэ мэдэгдлээ гаргахаас өмнө Трамп Иран тохиролцоонд хүрэхгүй бол урьд өмнө нь үзэгдээгүй том цохилт өгнө гэж сүрдүүлсэн билээ.
“Wall Street Journal” сонин энхийн хэлэлцээг зуучилж буй хүмүүсийг иш татан мэдээлэхдээ Иран цохилт өгөхөө арван хоног хойшлуулах хүсэлт тавиагүй гэжээ. Мөн Ираны нэгэн албан тушаалтан АНУ-ын 15 зүйл бүхий дайныг зогсоох санал нь хэт нэг талыг барьж, шударга бус байна гэж мэдэгдсэн юм. Трамп өмнө нь хэлэлцээ сайн явагдаж байна хэмээн Ираны цахилгаан станцуудад цохилт өгөх хугацаагаа таван хоногоор хойшлууллаа хэмээн Техранд “боломж” олгож байсан. Дайнд ялсан гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн тэрбээр Иранд ийнхүү дахин “боломж” олгов.
Трамп Ираныг сүрдүүлэхийн зэрэгцээ хэлэлцээ сайн явагдаж байгаа хэмээн өөдрөг мэдэгдэл гаргаж байхад Техран АНУ, Израилын эсрэг цохилтоо үргэлжлүүлж байна. Мөн Иран Персийн булангийн орнуудад цохилт өгсөөр байгаа юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.