“Артемис 2”-ын нисгэгчид Аполлон 13-ын рекордыг эвдэн, дэлхий руу буцах замдаа орлоо
“Артемис 2” даалгаврын нисгэгчид Улаанбаатарын цагаар мягмар гарагийн 01:57 минутад Аполлон 13-ын тогтоосон рекордыг эвджээ. Тодруулбал Аполлон 13 даалгавраар 1970 онд НАСА-гийн Жим Ловелл, Фред Хайз, Жак Свигерт нар сарыг тойрохдоо дэлхийгээс 400,171 км зайд байсан юм. Тухайн үед энэ нислэг нь дэлхийгээс хүн хамгийн хол зайд очсон рекордыг тогтоосон. Тэгвэл “Артемис 2”-ын нисгэгчид Orion хөлөгтэйгөө 01:57 минутын үед дэлхийгээс 400,171.432 км зайд нисэж Аполлон 13-ын рекордыг эвджээ. Үүнээс таван цагийн дараа буюу 07:02 минутад нисгэгчид 406,771 км зайд аялж, рекордыг шинэчлэн тогтоосон байна.
Нисгэгчдийн нэг болох Канадын сансрын агентлагийн Жереми Хансен “Саран дээр юу байгааг нүдээрээ харахад үнэхээр гайхширмаар байлаа. Итгэмээргүй мэдрэмж. Одоо болон дараагийн үеийнхэн бидний амжилтыг хурдан эвдэхийг уриалж байна” гэжээ. Хөлөг сарны дэлхийд харагдахгүй хэсэгт орж нисэхэд НАСА тэдэнтэй 40 минутын турш холбоо тасарсан байна. Orion сарны дэлхийд харагдахгүй хэсгээс гарж, хөлгийн гишүүд дэлхий мандахыг харжээ.
НАСА-гийн даалгавраар хөлгийн гишүүдэд сарны гадаргуу дээрх 30 орчим бүтцийг ажигласан байна. Тэд долоон цагийн хугацаанд сарны гадаргууг ажиглажээ. Нисгэгчдийн ажигласан бүтцүүдэд 3.8 тэрбум жилийн настай 965 км өргөн Orientale тогоо, 643 км өргөн Hertzsprung сав газар багтсан байна. Хөлгийн гишүүд ажиглалтаа дуусгаад одоо дэлхий руу буцах замдаа орсон байгаа юм. Нисгэгчид Улаанбаатарын цагаар бямба гарагийн 08:07 минутад дэлхийд газардах төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.