Трамп Ираныг бүхэлд нь устгана гэж сүрдүүлсний дараа газрын тосны үнэ өслөө
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2026.04.06/ Ираны сүрдүүлэхдээ, мягмар гарагт Ормузын хоолойг нээхгүй бол бүх цахилгаан станц болон гүүрнүүдийг нь устгана гэсэн. Тэр “Ираныг нэг шөнийн дотор л бүхэлд нь устгаж болно. Тэр шөнө маргааш ч байж магадгүй” хэмээсэн юм. Трамп хэд хэдэн удаа Иранд анхааруулга өгч, сүрдүүлэн Ормузын хоолойг нээ гэж тодорхой хугацаа зааж шаардсан. Заасан хугацаа нь ойртоход Трамп дөрвөн удаа сунгасан юм. Харин энэ удаагийн хугацаа нь эцсийнх гэж тэр анхааруулж байна.
Үүнтэй холбогдуулан газрын тосны үнэ өслөө. Тодруулбал Брент маркийн газрын тосны фьючерс 1.68 хувиар өсөж баррель нь 111.6 ам.доллар хүрчээ. Харин АНУ-ын WTI маркийн газрын тосны фьючерс 2.81 хувиар нэмэгдэж баррель нь 115.6 ам.доллароор арилжиж байна. Фьючерс гэдэг нь тухайн барааг ирээдүйд худалдан авна гэх тохиролцоо юм.
Иран даваа гарагт мэдэгдэл хийхдээ дайныг үүрд зогсоох тохиролцоонд хүрэх хүсэлтэй байна гэжээ. Мөн Ормузын хоолойг нээ гэх дарамтыг эсэргүүцэн, Вашингтоноос тавьсан 45 хоног гал зогсоох тохиролцоог хүлээн авсангүй. Ираны хариу санал тавьж арван зүйл бүхий тохиролцоог танилцуулжээ. Арван зүйлд нь Ойрх Дорнодод явагдаж буй мөргөлдөөнийг зогсоох, Ормузын хоолойгоор хөлгүүд аюулгүй зорчим протокол, Иранд тавьсан хоригуудыг цуцалж сэргээн босголт хийж өгөх зэрэг шаардлага багтсан байна.
Трампын Иранд өгсөн хамгийн сүүлийн гэх хугацаа нь зүүний цагаар мягмар гарагийн 20:00 (Улаанбаатарын цагаар лхагва гарагийн 08:00) юм. Түүний гаргасан сүрдүүлгийг бүдүүлэг, үндэслэлгүй заналхийлсэн явдал гэж Ираны зэвсэгт хүчний дээд командлал шүүмжилжээ. Мөн Ираны спортын дэд сайд Алиреза Рахими “Олон нийтийн дэд бүтцэд халдах нь дайны гэмт хэрэг” гэж мэдэгдсэн юм.
Цахилгаан эрчим хүчний станц, гүүр зэрэг иргэний дэд бүтцэд халдах нь дайны гэмт хэрэг болно гэж бие даасан шинжээчид хэлж байгаа. Харин Трамп иранчууд эрх чөлөөтэй болохын тулд зовоход бэлэн байгаа гэжээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.