Зендаяа: Эцсийн дүндээ бүх кино адилхан, зүгээр л чи хүмүүсийн амьдралын өөр өөр мөчөөс нь үзэж эхэлж байгаа хэрэг
Жүжигчин Роберт Паттинсон, Зендаяа нар найруулагч Кристофер Борглигийн The Drama кинонд залуухан хосын дүр бүтээсэн билээ.
Тэд энэ киноноос гадна найруулагч Кристофер Ноланы "Одиссей" уран бүтээл, найруулагч Денис Вилленуэгийн Dune: Part Three-д хамт тоглож буй. Ингээд тэд хоорондоо утсаар өрнүүлсэн яриаг орчуулан хүргэж байна.
РОБЕРТ ПАТТИНСОН: Юу байна даа?
ЗЕНДАЯА: Давгүй дээ. Чамаар юу байна?
ПАТТИНСОН: Би ч гэсэн давгүй ээ?
ЗЕНДАЯА: Тэгэхээр бид нэг нэгэнтэйгээ ярилцлага хийх нь ээ?
ПАТТИНСОН: Тийм л бололтой.
ЗЕНДАЯА: Би ингэнэ гэж мэдсэнгүй?
ПАТТИНСОН: Чи намайг чамаас ярилцлага авна л гэж бодсон уу? /Инээв/
ЗЕНДАЯА: Үгүй ээ, Хэн нэгэн биднээс асуулт асууна гэж бодсон?
ПАТТИНСОН: Ийм болохоор л “Interview” сэтгүүл гэдэг юм шүү дээ, хонгор минь.
ЗЕНДАЯА: Тийм дээ.
ПАТТИНСОН: Би сая кофе уугаад каффейны хэрэгцээгээ хангачихлаа.Тиймээс ярилцахад бэлэн.
ЗЕНДАЯА: Илэн далангүй ярилцлахад бэлэн үү? Би яг одоо бол цэвэрлэгээний горимд байна. Шинэ жил ойртож байгаа болохоор бүх юмаа эмхэлж сууна. Яг одоо угаалгын өрөөгөө нямбай гэгч нь цэвэрлэж байна.
ПАТТИНСОН: Угаалгын өрөөгөө цэвэрлэж сууна аа?
ЗЕНДАЯА: Тийм ээ, тун чухал хэсэг шүү. Завсар хоорондын жижиг хэсгүүдийг цэвэрлэж сууна. Чи хаана байна?
ПАТТИНСОН: Би амарч л явна.
ЗЕНДАЯА: Сайхан даа. Ийм амралтыг хүртэлгүй яах билээ. Хэн хэн маань их ажилласан шүү дээ.
ПАТТИНСОН: Чи л одоогоор дэлхий дээрх миний гайхуулж чадахгүй цорын ганц хүн байгаа нь уур хүргэмээр юм. Тэгээд чи үүнийгээ нэг их чухалчилдаггүй.
ЗЕНДАЯА: Би дажгүй хүлээж авсан шүү.
ПАТТИНСОН: Чи хэсэг хугацаанд ажиллахгүй байгаа биз дээ?
ЗЕНДАЯА: “The Drama” кино хүртээл болох хүртэл хэсэг завсарлаж, энэ хугацаанд зүгээр л амарна.
ПАТТИНСОН: Гоё.
ЗЕНДАЯА: Өөр юу байна? Асуултын жагсаалтаа хараад орхиё. “Та хоёр бие биенийхээ тухай өмнө нь ямар төсөөлөлтэй байсан бэ” гэдэг асуулт байна?
ПАТТИНСОН: Өө бүр шууд л асууж байна уу?
ЗЕНДАЯА: Сонирхолтой юм болов уу л гэж бодогдоод. Учир нь чамтай уулзахаасаа өмнө би чамайг юу гэж бодож байсныг чи мэдэж байгаа. Харин би чамаас миний талаар юу гэж бодож байсныг чинь асуугаагүй байх?
ПАТТИНСОН: Учир нь Том /Холланд/ аль хэдийн хэлчихсэн байх.
ЗЕНДАЯА: Үнэндээ, би чамтай дундын найзуудынхаа ачаар танилцсан. Чи их нам гүм, тайван байсан нь миний Робын тухай төсөөллөөс арай өөр байсан. Чи бараг юм ярьдаггүй. Би ч дотроо өө их нууцлаг юм байна гэж бодсон. Тэгээд Томтой ярьсан чинь “Үгүй ээ, тэр маш хөгжилтэй, үргэлж инээлгэж, наргиж байдаг” гэсэн. Би тэр үед нь “Тийм үү, Би тэр талыг нь харж байгаагүй юм байна” гэж хэлж байсан.
ПАТТИНСОН: Сэтгэлээр унамаар юм бэ. Би тэр нууцлаг байдлаа хадгалж чаддаг сан бол. Хэрвээ дуугүй байвал хүмүүс “Хөөх, их сүрдмээр юм” гэж боддог ч ийм байдлаа удаан хадгалж чаддаггүй юм.
ЗЕНДАЯА: Бид хамт кинонд ажиллах хүртэл чи хэсэг барьж чадсан шүү.
ПАТТИНСОН: Байз, байз. Би чамтай нэг уулзахдаа ганц удаа л дуу шуугүй байсан даа.
ЗЕНДАЯА: Би чамтай хэд хэдэн удаа санамсаргүй таарсан санагдаж байна.
ПАТТИНСОН: Чи “Euphoria”-гийн нээлтийн дараа би таарсан ч үнэндээ үзээгүй болохоор ичсэндээ дуугүй байсан.
ЗЕНДАЯА: /Инээв/ Тийм болохоор л дуугүй байсан юм уу?
ПАТТИНСОН: Тийм ээ. Бүгд л үзчихсэн сэтгэгдлээ хуваалцаж байхад би үзээгүй мөртлөө өөрийнхөө бодлыг хуваалцаж байсан.
ЗЕНДАЯА: Ингэхэд чи миний асуултад одоог хэр нь хариулаагүй л байна?
ПАТТИНСОН: Чиний тухай миний сэтгэгдэл үү? За, жаахан бүдүүлэг сонсогдох эсэхийг ялгаж хэлж мэдэхгүй юм.
ЗЕНДАЯА: Өө үгүй ээ, зай байзаарай.../Инээв/
ПАТТИНСОН: Хүмүүс "Та фенүүддээ үлгэр дуурайл болох үүрэг хариуцлагаа мэдэрдэг үү" гэж үргэлж л асуудаг даа. Тэгэхээр энэ талаас нь бодвол чи залуучуудад сайн үлгэр дуурайл үзүүлдэг шүү.
ЗЕНДАЯА: Баярлалаа, Роб. Би хичээдэг.
ПАТТИНСОН: Чи үргэлж л эелдэг санагддаг, үнэндээ ч тийм.
ЗЕНДАЯА: Сайн хэрэг. “Чи сайхан сэтгэлтэй ч үнэндээ хамт ажиллахад муухай ааштай, хэцүү хүн байна лээ” гэж хэлэх гэж байна гэж бодлоо. Би ер нь хүмүүсийн талаар урьдчилсан дүгнэлт хийхгүйг хичээдэг. Ялангуяа салбарынхаа хүмүүсийн талаар. Учир нь хэн нэгэн миний киног үзчихээд “Тэр иймэрхүү л байх” хэмээн хэлээсэй гэж хүсдэггүй.
ПАТТИНСОН: Тийм ээ. Хүмүүс намайг их ширүүн, хүчирхэг юм гэдэг байсан. Гэхдээ яг үнэндээ энэ нь намайг тодорхойлох албан ёсны тодорхойлолт биш шүү дээ. Хүмүүс гаднаа эелдэг юм шиг харагддаг ч яг үнэндээ дотроо новш юм билээ гэж олж мэддэг шиг зүйл болчихвол яах билээ.
ЗЕНДАЯА: /Инээв/ Яг тийм.
ПАТТИНСОН: Энэ бол чи л мэдэх цор ганц нууц. Би өнөөх асуултуудтай новшийн и-мэйлийг олж чадахгүй байна. Уг нь өчигдөр red flag-ийн талаар асуумаар байсан юм.
ЗЕНДАЯА: “Таны сэтгэл татам гэж боддог, үерхэж буй хүний чинь red flag юу вэ” гээд үү?
ПАТТИНСОН: Сонирхолтой байгаа биз?
ЗЕНДАЯА: Нас бие гүйцсэний дараа бодоход, red flag бол red flag л юм гэдгийг ойлгосон доо.
ПАТТИНСОН: Чиний хувьд тэр нь?
ЗЕНДАЯА: Ажил дээр хүмүүс, багийнхантайгаа хэрхэн харьцдаг явдал. Би зөвхөн жүжигчид, найруулагчид эсвэл продюсеруудад ч биш, бүх хүнд эелдэг ханддаг хүмүүсийг биширдэг. Хамгийн чухал зүйл бол багийнхан тухайн жүжигчний талаар ямар сэтгэгдэлтэй байгаа явдал. Учир нь тэд камер эргэлдэж эхлээгүй байх үед түүнийг ямар байсныг мэднэ.
ПАТТИНСОН: Сонирхолтой. Тэгэхээр бусдын санал бодол их чухал байх нь ээ.
ЗЕНДАЯА: За боль доо, чи юу гэх гээд байгааг минь мэдэж л байгаа шүү дээ.
ПАТТИНСОН: Чи хүнтэй танилцаад хэдхэн секундэд таньж чадна гэж боддог уу?
ЗЕНДАЯА: Тийм бас үгүй. Хүмүүс олон давхаргатай, мэдээж алдаа гаргана. Соёлын ялгаа ч бий. Гэхдээ "За энэ чинь ч арай дэндэнэ ээ. Муухай, бүдүүлэг байна" гэж хэлмээр ч санагдана. Эсрэгээрээ ч байна. Чи хэн нэгнийг удаан хугацаанд таньж мэдэж болно, тэгээд тэр хүн өөрчлөгдөх, эсвэл чи түүнийг илүү гүнзгий таних үед “Хөөх, чамд ийм тал байдаг гэж би огт мэдээгүй” гэж бодогдох үе ч гарна шүү дээ.
ПАТТИНСОН: Энэ нь секси гэж бодож байна уу?
ЗЕНДАЯА: Үгүй ээ. Би гэнэтийн зүйлд дургүй. Алив шууд л галзуу байдлаа ил гаргацгаая л даа.Чи хүмүүсийг танихдаа хэр вэ?
ПАТТИНСОН: Ер нь бол би бизнесийн хамтрагч шиг харилцаатай хүн. /инээв/ Хэн нэгнээс ямар нэг зүйл хүсэж байгаа үедээ л үнэнээ ярьдаг.
ЗЕНДАЯА: Чиний ёжтой хэлж байгааг бичгийн хэлбэрт зөв буулгахгүй бол хэцүү. Жишээ нь чи заримдаа хэр их инээж хэлж байгаагаас чинь тухайн зүйлийг хэрхэн тайлбарлаж байгааг ойлгох болдог учраас.
ПАТТИНСОН: Заримдаа үүнийг хүмүүс хэрхэн ойлгож байгаад нь би нэг их санаа зовдоггүй юм. Бас би тэгтэл нь тоглоом хийдэггүй /инээв/.
ЗЕНДАЯА: /тэр үүнийг тоглоомоор хэлж байна/
ЗЕНДАЯА: Чи аз жаргалтай төгсгөлтэй хайр дурлалын түүхийг илүүд үздэг үү эсвэл зүрх шимшрүүлэм төгсгөлтэйг нь илүүд үздэг үү?
ПАТТИНСОН: Би энэ талаар бодож үзсэн юм байна. Миний хамгийн дуртай хайр дурлалын кинонууд чинь үнэндээ романтик биш юм байна лээ. Салалтын тухай байдгийг нь өмнө анзаарч байгаагүй. Чи "Хоёр амраг" киног үзэж байсан уу?
ЗЕНДАЯА: Үзээгүй байх аа.
ПАТТИНСОН: Маш гоё кино, гэхдээ үнэхээр гунигтай. Дараа нь би Люк Бессоны The Big Blue киног бодсон, тэнд ч бас тэд хамтдаа үлддэггүй. Миний гайхалтай романтик гэж боддог байсан бараг бүх киноны хосууд эцэстээ хамт үлддэггүй юм байна лээ.
ЗЕНДАЯА: Тийм шүү. Титаник ч гэсэн.
ПАТТИНСОН: Чиний дуртай хайр дурлалын кинонууд юу вэ?
ЗЕНДАЯА: Чиний хэлж байгаатай адил ихэвчлэн сэтгэл эмзэглүүлэм бөгөөд энэ нь амьд байхын л мөн чанар юм шиг санагддаг. Тэдний ихэнх нь хагацаж байгаа тухай байдаг нь нас ахих тусам магадгүй амьдралын маш их хэсэг нь энэ алдах мэдрэмжээс ихийг ойлгож байдагтай холбоотой юм шиг санагдсан. Хайртай хүмүүсээ алдах, уй гашууг даван туулах гээд л. Тиймээс нэг талаар бодоход хайр, хагацал хоорондоо салшгүй ойлголт бололтой. Өдийд баярын үе болохоор би романтик инээдмийн кинонууд их үзэж байгаа. Заримдаа тэд эцэстээ хамт үлдээсэй гэж хүсдэг. Гэхдээ үнэндээ төгсгөл гэж байдаггүй шүү дээ. 10 жилийн дараа тэд аз жаргалгүй болж, салсан байвал яах вэ, хэн мэдэх билээ. Эцсийн дүндээ бүх кино адилхан, зүгээр л чи хүмүүсийн амьдралын өөр өөр мөчөөс нь үзэж эхэлж байгаа хэрэг.
ПАТТИНСОН: Мөн чи хэн нэгэнтэй харилцаа эхлүүлэхдээ, тэр хүнийг ямар өнцгөөс харахаа, ямар түүх бүтээхээ өөрөө шийддэг шүү дээ. Бурхан минь, би яг өөрийгөө яаж боддог талаар бодох гээд...
ЗЕНДАЯА: Чи өөрийнхөө бодож байгааг яаж бодож байгаагаа бодох гээд байна уу? Чи их яруу хүн шүү. /Инээв/
ПАТТИНСОН: Өчигдөр нэг найруулагчтай подкаст сонсож байсан юм. Тэгээд хэн нэгэн хэт уран илтгэгч шиг ярьж байгааг сонсохоор хааяа бүр уур хүрчихдэг. Гэхдээ уран яруу ярих нь нэг төрлийн хуучинсаг өнгө аястай үйлдэл юм шиг санагдаад авсан шүү. Өөрийгөө илэрхийлж чадахгүй байх нь харин нэг талаараа магадгүй их шударга зүйл шиг санагддаг. Юу ч хэлж чадахгүй байх нь пролетари шинжтэй ч юм шиг. За за, дараагийн асуулт. Олны танил байх нь дүрдээ орох, уусахад хэцүү төвөгтэй юм шиг санагдуулдаг уу?
ЗЕНДАЯА: Тийм ч юм шиг, үгүй ч юм шиг. Чиний нэг бахархмаар зүйл бол чи амьдралынхаа маш их хэсгийг өөртөө хадгалж чаддаг төдийгүй ялангуяа гэр бүлтэй байх үед энэ нь их сайхан. Би өөрөө эдгээр зүйлсийг хэрхэн тэнцвэржүүлэхийг суралцаж л явна. Эцсийн эцэст чи олны танил хүн гэдгээрээ юуг ч өөрчлөх аргагүй. Гэхдээ зарим зүйлс зөвхөн өөрт чинь, бас хайртай хүмүүст чинь зориулагдсан байх ёстой. Мөн өөрийнхөө тодорхой бус, танигдаагүй орон зайг үлдээх хэрэгтэй болдог. Ингэснээр чи өөр хүний дүрд тоглох үед хүмүүс чамайг заавал нэг хэвэнд магадгүй барихгүй.
Бид сая уран яруу ярих тухай ярьсан даа. Хар л даа, би энд үгэндээ тээглээд юу хэлэх гээд байгаагаа тайлбарлах гэж оролдож байна. Гэхдээ би зөвхөн дүрийнхээ төлөө биш, бодит амьдрал дээр ч хувийн орон зайгаа хадгалахыг хичээдэг. Олон нийтийн өмнө байхдаа өөртөө үнэнч байхыг хичээдэг ч бас зарим зүйлсийг өөртөө үлдээхийг чармайдаг. Чи энэ талаар юу гэж боддог вэ? Чамд өөрчлөгдөж, хувирах гайхалтай чадвар бий. Би үүнийг гаднаас нь ч, дотроос нь ч харж байсан. Хоорондоо ямар холбоо байна гэж харж байна?
ПАТТИНСОН: Би Twilight дээр ажиллаж байх үед энэ киноны амжилттай зэрэгцээд соёлын маш хүчтэй эсэргүүцэл ч гарч байсан бөгөөд би хоёуланг нь зэрэг даван туулах хэрэгтэй болсон. Энэ киног хийх нь надад үнэхээр таалагдсан ч гэхдээ түүнтэй зэрэгцээд асар том маркетингийн давалгаа явж юм л даа. Би хувийн өөрийнхөө мөн чанарыг кинонд харуулж, хутгалдуулж болохгүй. Тиймээс өөрийн онцлог, хувь хүний мэдрэмжээ бага зэрэг түлхэж гаргахыг оролдсон нь магадгүй надад нөлөөлсөн байх. Бас энэ дүрд тоглож байгаад алдартай болох сонин байсан. Хүмүүс намайг эхэндээ тэр дүрээр л төсөөлж боддог байсан л даа.
ЗЕНДАЯА: Ёстой сонин санагддаг байх даа.
ПАТТИНСОН: Нэлээд сонин байсан, гэхдээ бас өөрийгөө өөрөөр харуулах боломж олгосон. Тэр дүр бол анхнаасаа миний жинхэнэ би биш байсан болохоор би гэдэг өөрийн төрхөндөө огт баригдаагүй. Олон нийтийн чиний тухай ойлголтыг дүрийнхээ хөгжүүлэлтийн нэг хэсэг болгож ашиглах нь сонирхолтой байдаг. Учир нь ядаж үзэгчдийн зарим нь ийм зүйл хүлээж байгаа байх гэж бочих юм бол түүнийг илүү драматик болгож чадна. Гэхдээ нөгөө талаар хүмүүс яг юу бодож байгааг чи хэзээ ч бүрэн мэдэхгүй. Олон хүн "Би ийм л хүн, энэ бол миний өвөрмөц байдал” гэж өөрийнхөө дүр төрхийг маш их хамгаалдаг, харин надад тийм мэдрэмж төдийлөн байгаагүй. Миний нэг хэсэг өөрийгөө хэн болохоо маш тодорхой мэддэг ч, нөгөө талаас нэг өглөө сэрээд огт өөр хүн болчихлоо гэхэд надад тийм ч хачин санагдахгүй байх /Инээв/. Энэ бол их эерэг итгэлгүй байдал гэж бодож байна. Ёстой, энэ ярьсан зүйлс уншигдахдаа яаж харагдах бол гэж төсөөлөөд, “Чи ч үнэхээр…” гэж сонсогдох нь дээ гэж бодогдож байна.
ЗЕНДАЯА: /Инээв/ Олон нийтийн л бодол шүү дээ! Стресс шүү!
ПАТТИНСОН: Би нэг удаа сэтгэлзүйч дээр очиход, тэр намайг мансууруулах бодис хэрэглэж байна уу гэж асуусан. Яагаад гэвэл би юу ярьж байгаагаа ойлгуулахгүй байсан учраас гэсэн. Хариуд нь “Би чадлынхаа хэрээр л хичээж байна шүү дээ” л гэж хэлсэн. /Инээв/
ЗЕНДАЯА: Харин надад бол их мэдээлэл өгсөн, сонирхолтой хариулт санагдлаа.
ПАТТИНСОН: Хэрвээ чи The Drama киног огт сурталчилгаагүйгээр гаргаад, зүгээр л өөрөөр нь тогтнохыг зөвшөөрвөл юу болох байсан гэж бодож байна?
ЗЕНДАЯА: Мэдэхгүй ээ. Хүмүүс үзээсэй л гэж найдна. Гэхдээ эцсийн дүндээ сурталчилгаа бол бидний кино үзэх тэр туршлагыг хайрладаг учраас түүнийг амьд байлгахын тулд л оршиж буй шүү дээ. Хэрвээ хүмүүс ямар нэг бүтээлийг сурталчлахгүйгээр зүгээр л очоод үзэх боломжтой байсан бол үнэхээр сайхан байх байсан. Харамсалтай нь, энэ бол бидний бодит байдал биш.
ПАТТИНСОН: Жүжигчид өөрсдийн төслийнхөө тухай ярихыг сонсоход бүгд л надад суут ухаантан шиг л сонсогддог. Харин би өөрийнхөө хийх гэж байгааг сайн илэрхийлж чаддаггүй. Жишээ нь The Drama дээр, би чамд урт илтгэл хэлдэг том хэсэг байдаг даа. Тэр үед би өөрийгөө бүр галзуурчихсан юм шиг мэдэрдэг байсан үе маш олон. Би дотроо маш хүчтэй мэдэрч байгаа зүйлээ найруулагчид эсвэл хажуугийн хүмүүст тайлбарлах гэж оролддог ч хэн ч ойлгодоггүй. Бид нэгэнт бичигдсэн текстийг өөр өөрөөр тайлбарлах гээд оролдож байна, тэгээд дараа нь “За, одоо гараад оролд…” гээд л...
ЗЕНДАЯА: Бусдад ойлгуулах гэж үү?
ПАТТИНСОН: Би үнэхээр яахаа мэдэхгүй байна л гэж боддог.
ЗЕНДАЯА: Яг үүнийг ойлгож, мэдэрч байна. Тэр хэсэг дээр чи нэлээд эргэлзэж, будилж байсныг санаж байна. Чи болон Крисийн хүрсэн үр дүн үнэхээр гоё болсон. Гэхдээ би бас чамтай санал нийлнэ. Би ч гэсэн өөрийгөө үгээр илэрхийлэх, тайлбарлахдаа дандаа сайн байдаггүй. Төслүүдэд ороход хүмүүсийн хэрхэн талйлбарлаж байгааг огт бодлогүй уншихад ямар мэдрэмж төрж байгааг л боддог. Сурталчилгаа хийх үед нэг сонин зүйл болдог нь чи тэр бүтээлийнхээ тухай юу гэж бодож байгаагаа бодох хэрэгтэй болдог. Гэтэл зэрэгцээд өөрийгөө түүнээс салгах шаардлагатай болно. Учир нь тэр бүтээл цаашид зөвхөн чинийх биш болчихдог.
ПАТТИНСОН: Тийм шүү. Чамд байдаг, өөрөө бүр бага зэрэг ичдэг Холливуд зан чинь юу вэ?
ЗЕНДАЯА: Миний юу?
ПАТТИНСОН: Тийм. Чи ер нь Холливуд маягийн хүн биш шүү дээ.
ЗЕНДАЯА: Жинхэнэ Холливуд маягийн зан гэвэл магадгүй би нохойтойгоо харьцдаг байдал байх. Тэд маань нэмэлт витаминтай тансаг хоол иддэг. Ингэж ярихаар өөрт ч их инээдтэй сонсогддог хэдий ч би хүүхдээ хайрладаг. Магадгүй энэ л миний хамгийн инээдтэй Холливуд тал биз. Би ер нь өөрийнхөөрөө нам гүм амьдрахыг хичээдэг. Бас миний хамгийн ойрын найзууд бол гэр бүл болон бүр багаасаа, бараг төрсөн цагаасаа таньдаг хүмүүс. Гэхдээ сүүлийн хэдэн жилд чам шиг өөрийнхөө ажлыг биширдэг, бас үнэхээр гоё хүмүүс гэж боддог бусад жүжигчидтэй найзалж чадсан. Заримдаа “Та нарт ч энэ амьдрал ийм хачин санагддаг уу” гэж асуух боломжтой болсон нь гоё. Тэгээд “Тийм ээ, ганцхан би ингэж мэдэрдэггүй юм байна” гэдгийг буцаагаад ойлгох. Заримдаа хүмүүс “Чи яг юу яриад байгаа юм бэ” гэдэг тийм инээдтэй гомдол чинь, өөр нэгэнд “Үгүй ээ, би ойлгож байна" гэж мэдрэгдэх шүү дээ.
ПАТТИНСОН: Хүмүүс намайг зөрчилдөөнөөс зайлсхийдэг гэж хэлдэг. Гэхдээ би үгүй гэж хэлэхдээ, үнэндээ бүрэн утгаараа үгүй гэсэн үг биш байдаг. Миний үгүй бол өнгөлөн далдалсан “тийм” л гэсэн үг.
ЗЕНДАЯА: Би ч бас зөрчилдөөнөөс зайлсхийхийг хүсдэг. Хүмүүсийг баярлуулахыг хүсдэг болохоор ч юм уу, бүх зүйлийг сайхан байлгахын тулд ямар нэг зүйл хийх хэрэг гарвал би ихэвчлэн шууд л хийчихдэг. Аа харин кино зохиол уншихдаа би ер нь хийх эсэхээ маш хурдан мэдэрчихдэг. Энэ зохиолыг уншаад “Тийм ээ, үүнийг хиймээр байна” гэж бодсон. Чамд ч бас зохиол уншихад тийм мэдрэмж төрдөг үү? Магадгүй заримдаа зохиолыг дуустал нь уншихад нэлээд хэцүү байдаг нь анхаарал төвлөрөлтэй ч холбоотой байх.
ПАТТИНСОН: Кино чинь анх төсөөлж байснаас чинь өөрөөр болсон гэж бодож байна уу?
ЗЕНДАЯА: Надад үнэхээр их таалагдсан. Миний толгойдоо төсөөлж байснаас ч илүү болсон. Крисийн эвлүүлгийн арга барилыг би үнэхээр үнэлдэг. Зарим хачин таслалтууд нь, гайхалтай хошин мөчүүд, бас тухгүй, эвгүй мэдрэмжийг бий болгодо тэр нь бүр зохиол дээр байсан билүү ч гэж санагдах зүйлс байдаг. Харин чиний хувьд?
ПАТТИНСОН: Би дахин үзэхийг яарч байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.