Ормузын хоолойгоос үүдэж америкчууд түлшинд нэмэлтээр 10.4 тэрбум ам.доллар зарцуулаад байна
Бостон хотын оршин суугч Пэт Оэдраого сүүлийн үед машинтайгаа хол замд явахаа багасгасан бол хуулийн сургуульд орохоор зорьж буй Скайлер Бөрк хямд шатахуун хайж гэрээсээ хол байрлах колонкууд руу очих болсон байна. Хьюстонд амьдардаг авто брокер Дэвид Райт шатахуун их иддэг уралдааны машинаа бүрэн цахилгаан автомашинаар сольжээ.
Америк даяар жолооч нар тэдний адил иймэрхүү хүндрэлтэй тулгарах болжээ. Хэдий Ираны дайнд гал зогсоосон ч Ормузын хоолойн тээвэрлэлт зогсонги хэвээр байгаа. Үүнтэй холбогдуулан АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд хэмжээнд ойртсон тул олон хүн хэмнэлтийн горимд шилжжээ. Пэт Оэдраого машиндаа галлон (3.78 литр) нь 4.99 ам.долларын үнэтэй шатахуун авахдаа "Бензиний үнийн өмнө бид үнэхээр хүчин мөхөстөж байна" гэсэн байна.
Эрчим хүчний зах зээлийн шинжээчдийн хэлж буйгаар, зургаан долоо хоног үргэлжилж буй энэхүү дайн нь газрын тосны нийлүүлэлтэд түүхэнд байгаагүй том саад учруулж байна. Ормузын хоолойн тээвэрлэлт зогсонги хэвээр байгаагаас гадна Персийн булангийн орнуудын гол үйлдвэрүүд цохилтод өртсөн.
"Macquarie" фирмийн шинжээчдийн үзэж буйгаар дайны улмаас Ойрх Дорнодын газын тос боловсруулах үйлдвэрүүд цохилтод өртсөний улмаас өдрийн хүчин чадал нь 2 сая баррелиар буурчээ.
АНУ-ы Автомашины холбооны сайтаас харвал бямба гарагийн /2026.04.11/ байдлаар нэг галлон бензин дунджаар 4.13 ам.доллар, дизель түлш 5.67 ам.доллар байна. Энэ нь 2022 онд ОХУ Украин руу довтолсноос хойш үзэгдсэн хамгийн өндөр үнэ болохыг "GasBuddy" компанийн мэдээлэл харууллаа.
"GasBuddy"-ийн Патрик Де Хаан тооцоолсноор дайн эхэлснээс хойш буюу гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 10-ны хооронд америкчуудын бензин, дизель түлшний зардал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.4 тэрбум доллароор өссөн байна.
Хьюстонд ачааны тэрэг жолооддог Эдди Эскивелийн хувьд дизель түлшний үнэ өссөн тул долоо хоногийн зардал нь 800-900 ам.доллар байснаа 1,600-1,700 доллар болж, бараг хоёр дахин нэмэгджээ.
Тэр "Энэ үнэ бидэнд маш хүнд цохилт болж байна. Дизель түлш хоёр орчим доллар байсан бол одоо 6 доллар хүрэх гэж байна. Машины лизинг, дугуй, тос тосолгоо гээд зардлаас гадна ар гэрийн амьдрал бий. Энэ бүхэн биднийг туйлдуулж байна" гэж хэлсэн байна.
Шатахууны үнэ өссөн нь улс төрийн сөрөг үр дагаварт хүргэнэ
Ормузын хоолойг хаасан нь дэлхий даяар шатахууны үнэ нэмэгдэхэд хүргэсэн. АНУ нь дэлхийн хамгийн том шатахуун хэрэглэгч учраас бензиний үнэ тус улсын улс төрд чухал байр суурь эзэлдэг. Орос, Украины дайны улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл 2024 оны арваннэгдүгээр сард Доналд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдоход чухал нөлөө үзүүлсэн.

Харин энэ жилийн арванэгдүгээр сард Конгрессын зарим суудлыг сонгох завсрын сонгууль явагдана. Ираны дайнтай холбогдуулан завсрын сонгуультай чухал жилд Трампын нэр хүнд түүхэн доод түвшиндээ хүрчээ. Учир нь Трамп эрчим хүчний зардлыг бууруулах амлалт өгч гарч ирсэн. Харин бодит байдал дээр бензиний үенэ сүүлийн дөрвөн жилд үзэгдээгүй хэмжээнд хүрэв. Шатахууны үнэ нэмэгдсэн учир гуравдугаар сард АНУ-ын инфляцын түвшин сүүлийн дөрвөн жилд үзэгдээгүй хурдтай өсжээ.
Денвер хотын оршин суугч Кари Дайлонг бензин худалдаж авах зуураа "Би Бүгд найрамдах намд эсвэл одоогийн ерөнхийлөгчтэй холбоотой хэнд ч санал өгөхгүй" гэжээ.
Трамп Иран дахь цэргийн ажиллагааг зогсоосон ч гэсэн шатахууны өндөр үнэ хэвээр хадгалагдах төлөвтэй байгаа. Үүнийг АНУ-ын засгийн газар хүлээн зөвшөөрсөн. АНУ болон Ираны төлөөлөгчид бямба гарагт Пакистанд уулзаж, дайныг зогсоох талаар хэлэлцсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй. Хэлэлцээ эхлэхээс өмнө гал зогсоох тохиролцоо хэзээ ч нуран унаж магадгүй харагдаж байсан. Хоёр тал ямар нэгэн зөвшилцөлд хүрч чадаагүй нь нөхцөл байдлыг бүр дордууллаа.
Хэлэлцээрт хүрсэн байсан ч газрын тосны үнэ богино хугацаанд дайны өмнөх түвшиндээ очихгүй гэж шинжээчид үзэж байсан юм. Ийм учир америкчууд энэ зун аялахад болон нисэхэд маш өндөр зардал гаргах нь тодорхой болов.
"Rystad" компанийн шинжээч Вэй Рэн Ган "Зах зээлд геополитикийн эрсдэл байсаар байх болно. Түлшний үнэ хурдан буурах бус маш удаан хугацаанд бага багаар бууж, дайны өмнөх үеэс өндөр хэвээр байх төлөвтэй" гэжээ.
Америкчууд хэрэглээгээ танаж байна
Бензиний үнэ хэт өндөр байгаатай холбогдуулан америкчуудын хэрэглээ мөн багасаж байна. Тодруулбал Улаан өндөгний баярын өмнөх долоо хоногийн бензиний хэрэгцээ өнгөрсөн оны мөн үеэс 9 хувиар буурсан гэдгийг АНУ-ын засгийн газраас нийтэлсэн тоо баримт харуулжээ
Америкчуудын санхүүгийн нөхцөл байдал хүндэрч буйг харуулсан нэг үзүүлэлт бол барьцаалан зээлдүүлэх газруудын гүйлгээ 9 хувиар өссөн явдал юм. "EZCORP" компанийн санхүү хариуцсан захирал Тим Югманс үүнийг шатахууны үнэ 4 доллар давсантай холбон тайлбарлаж байна.
Денвер хотын оршин суугч Дайлонгийн хувьд санхүүгийн нөхцөл байдал дордсон тул амралтын өдрүүдээр гадуур явахаа больжээ. Тэрбээр ажилдаа очихын тулд 40 минут зам туулдаг учир цалингийнхаа ихэнх хэсгийг шатахуунд зарцуулахаас өөр аргагүй болоод байна. Дайлонг "Би одоо гэрээсээ гарахгүй байгаа. Ажилдаа явах бензинээ хадгалахын тулд бусад зардлаа танаж байна" гэжээ.
Ийнхүү америкчуудын амьжиргааны нөхцөл байдал Ормузын хоолойн асуудлын улмаас дордож, Бүгд найрамдах нам энэ жилийн завсрын сонгуульд томоохон ялагдах хүлээх төлөвтэй байна. Ардчилсан намынхан Конгресст олонх болсон тохиолдолд Трампыг импичлэн албан тушаалаас нь огцруулах гэж оролдох магадлал өндөр байгаа юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайн хаана болно тэндээс дэлхий даяар нөлөөлдөг нь үнэн юм аа
Fuel price usuhuur bugd l hetsuu boldog shuu
Америкт хүртэл ингэж нөлөөлж байхад бусад улс бүр хэцүү
10 terbum dollar gedeg chin asar ih mongo shuu
Шатахууны үнэ өсөхөөр бүх юм дагаад өсдөг
Шатахууны үнэ өсөхөөр бүх юм дагаад өсдөг
Геополитик гэдэг чинь энгийн хүмүүст хамгийн их нөлөөлдөг юм байна
Trump amlasan shigaa hiij chadahgui l bn daa
Ийм үед цахилгаан машин сонгох нь зөв шийдэл юм байна
Ийм үед цахилгаан машин сонгох нь зөв шийдэл юм байна
Dain bolohoor l ediin засаг unadag
Манайд ч гэсэн шатахууны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой
Түлшний үнэ улс төрд хүртэл нөлөөлдөг нь тодорхой
Dollar ihtei uls hurtel ingej bga yum chin
Инфляц өсөх нь ойлгомжтой болчихлоо