АНУ Ираны боомтуудыг хааж, Техран хариу арга хэмжээ авна хэмээн анхаарууллаа
АНУ-ын Тэнгисийн хүчин даваа гарагт /2026.04.13/ Ираны боомтуудаас орж гарах хөдөлгөөнийг хааж эхэлжээ. Доналд Трамп ням гарагт /2026.04.12/ мэдээлэхдээ Иранд хууль бус төлбөр төлж Ормузын хоолойг давж буй хөлгүүдийг тэнгисийн хүчин нь зогсооно хэмээсэн. Мөн олон улсын эзэмшил бүхий далайн хэсэгт явж буй төлбөр төлсөн онгоцнуудын эсрэг арга хэмжээ авна гэж тэр мэдэгдсэн юм.
Үүний эсрэг Иран анхааруулга өгөхдөө Персийн булангийн орнуудын боомтод чиглэсэн хариу арга хэмжээ авна гэжээ. Ираны Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, бригадын генерал Реза Талай-Ник анхааруулга өгөхдөө Ормузын хоолойг цэргийн хүчээр хянах гэсэн оролдлого нь хямралын дордуулна хэмээсэн байна.
Амралтын өдрүүдэд Пакистаны нийслэл Исламабадад АНУ, Ираны төлөөлөл уулзаж дайныг зогсоох талаар хэлэлцсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй. Үүний дараа Трамп Иранд төлбөр төлсөн хөлгүүдийн хөдөлгөөнийг зогсооно гэж мэдэгдсэн.
Ираны тал мэдэгдэж буйгаар АНУ хэлэлцээний эцсийн цагуудад яриагаа өөрчилж, максималист шаардлага тавьсан тул тохиролцоонд хүрч чадаагүй байна. Харин АНУ-ын албан тушаалтан “TIME” сэтгүүлд хэлснээр Иран хэд хэдэн улаан шугам дээр санал нийлээгүй гэжээ. Тодруулбал уран баяжуулахаа бүрэн зогсоох, баяжуулах томоохон байгууламжуудыг устгах, өндөр түвшинд баяжуулсан ураныг АНУ-д хүлээлгэн өгөх, бүс нутагт буй зэвсэгт бүлгүүдийг дэмжихээ зогсоох зэрэг шаардлагыг Иран хүлээж аваагүй юм.
Ираны хувьд иргэний зориулалтаар уран баяжуулах эрхтэй гэх байр суурь илэрхийлдэг. Хэлэлцээний үеэр АНУ Ираныг уран баяжуулалтаа 20 жилээр зогсоох санал тавьжээ. Харин Иран таван жил зогсооё хэмээн хариу санал тавихад Вашингтон хүлээн аваагүй байна.
Эхний хэлэлцээ үр дүнд хүргээгүй ч гэсэн АНУ-ын албан тушаалтнууд мэдэгдсэнээр тэд Ирантай холбоотой хэвээр байж, тохиролцоонд хүрэхийг хичээж байгаа гэжээ. Мөн Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф хэлэхдээ, мөргөлдөөнийг шийдвэрлэх хүчин чармайлт үргэлжилж байгаа хэмээсэн юм.
АНУ, Израил нар хоёрдугаар сарын 28-нд Иранд цохилт өгч дайн эхлүүлснээр Ормузын хоолойн хөдөлгөөн бараг зогссон. Тус хоолойгоор дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн 20 хувь дамжин өнгөрдөг. Мөн бордоо, хуванцар, хөнгөн цагаан, гели гэх мэт чухал түүхий эдийн нийлүүлэлтэд Ормузын хоолойн хямрал сөргөөр нөлөөлж байгаа.
Ормузын хоолойгоор Иранд төлбөр төлсөн цөөн тооны онгоц л дамжин өнгөрч байсан. Трампын хийсэн энэхүү алхам нь нэг ёсондоо Ормузын хоолойн бүх хөдөлгөөнийг зогсоож буй. Ингэснээр Ираны төлбөрт авч буй мөнгөний урсгал зогсож Техранд бага зэргийн дарамт болж өгнө. Энэ ажиллагаанд Франц, Их Британи гэх мэт НАТО-гийн холбоотнууд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
Трамп даваа гарагт мэдэгдэл хийхдээ Иран холбоо тогтоож, тохиролцоонд хүрэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн хэмээжээ. Гэхдээ Техран цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрсөн аливаа тохиролцоонд гарын үсэг зурахгүй гэсэн юм. Тэр “Иран цөмийн зэвсэгтэй болж болохгүй. Ямар нэг улс дэлхий дахиныг цөмийн зэвсгээр сүрдүүлж, шантаажлахыг зөвшөөрөхгүй” гэсэн байна.
Хэдийгээр АНУ Иранд төлбөр төлсөн онгоцнуудын хөдөлгөөнийг хориглож эхэлсэн ч Иран тохиролцоонд хүрэх хүсэлтэй байна гэж хэлсэн тул газрын тосны үнэ буурчээ. Тодруулбал Брент маркийн газрын тосны фьючерс 1.57 хувиар буурч баррель нь 97.8 ам.доллароор арилжиж байна. Энэ нь дайны өмнөх үетэй харьцуулахад 30 гаруй хувиар өндөр байгаа юм.
Эх сурвалж: Reuters, TIME














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иран хошного, чацга царайлаад эхлэх шив дээ!