Аудит: "Эгийн голын УЦС" ТӨХХК 0,7₮ саяын архи согтууруулах ундааг хурал зөвлөгөөний зардалд багтаажээ

"Эгийн голын усан цахилгаан станц" ТӨХХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлангийн дүгнэлтээ ҮАГ танилцуулжээ.
Уг аудитын тайлангаас харвал, 2025 онд Эрчим хүчний сайдын багцаас "Эгийн голын УЦС" ТӨХХК руу үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхээр 770.3 сая төгрөгийн санхүүжилт өгч, ТЭЗҮ-ийн нэмэлт судалгааны ажлын гэрээний дагуу 519.9 сая төгрөгийн хөрөнгийг эрчим хүчний яамнаас балансаас балансад шилжүүлэн авсан байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн хувьд,
Тайланд 0,7 сая төгрөгийн архи, согтууруулах ундаа худалдан авч, албан томилолтын зардал болон хурал зөвлөгөөний зардалд бүртгэсэн байжээ.
Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д "Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах", Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно”, 15.1.7-д “Байгууллагын төсвөөр согтууруулах ундаа худалдан авах” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн бөгөөд нөхөн төлүүлэхээр төлбөрийн акт тогтоожээ.
Мөн Эгийн голын усан цахилгаан станц ТӨХХК нь таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий 4 харилцагчийн 47.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авалтаас 24.1 сая төгрөгийн үнэ бүхий 2 харилцагчийг мэдээлсэн, 23.8 сая төгрөгийн үнэ бүхий 2 харилцагчийн худалдан авалтыг шилэн дансны цахим хуудаст мэдээлээгүй байна.
Энэ нь Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх”, 6 дугаар зүйлийн 6.4.4-т “таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг”-ийг долоо хоногийн дотор мэдээлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Шийдвэрлэсэн нь: Шилэн дансны нэгдсэн цахим системд байршуулах мэдээллийг бүрэн байршуулаагүй зөрчлийг таслан зогсоож, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль, тогтоожмийг хэрэгжүүлж ажиллах шаардлагагыг хүргүүлжээ.
Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй 1.5 сая төгрөгийн Starlink төхөөрөмж, 1.3 сая төгрөгийн нүүр таних төхөөрөмж, соронзон цоож худалдан авсан байна.
Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д "Захиалагч батлагдсан төсөвт туссан төсөл, арга хэмжээ бүрээр худалдан авах ажиллагааг үр ашигтай төлөвлөж, батална" гэж заасныг зөрчсөн байна. Шийдвэрлэсэн нь: Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө худалдан авсан зөрчлийг таслан зогсоож, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон аж.
Эгийн голын усан цахилгаан станц ТӨХХК нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, компанийн онцлогт нийцүүлсэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиггүй байна.
Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д “Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталж, мөрдөж ажиллана”, 20 дугаар зүйлийн 20.2.2-д “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасантай тус тус нийцэхгүй байна хэмээн аудитын тайланд дурдсан байв.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭЭ БИДДА АРХИ УУГААЛ ХЭВТЭЖ БАЙДАГ ГАРУУД БАЙНА ШҮҮ ЭРХЭМСЭГ АРХИЧДАА НААД МӨНГӨ ЧИНЬ ИРГЭДИЙН МӨНГӨ ШҮҮ АНДУУРСАН ААЛЗНУУДАА ЯАСАН ИХ АРХИ УУДГЫН МУУСАЙН АРХИЧИНГУУД ҮХЭЭЧ АЦНУУДАА
Яахав дээ, оросуудыг л архидуулан аргалах гэж байхгүй юу даа!!