АНУ Ираны карго онгоцыг хураан авч, Техран хариу өгөхөө мэдэгдлээ
АНУ ням гарагт /2026.04.19/ мэдэгдэл хийхдээ Ормузын хоолойд тавьсан хаалтыг нь давах гэж оролдсон Ираны онгоцонд цохилт өгч, хураан авчээ. Уг явдалд хариу арга хэмжээ авна гэж Техран мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Израил, Ливан нар арван хоног гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Үүний дараа Иран Ормузын хоолойг нээж байна гэж мэдэгдсэн юм. Гэвч хоолойг нээснээсээ хэдэн цагийн дараа Техран буцааж хаасан. АНУ Ирантай холбоотой хөлгүүдийн хөдөлгөөнийг хязгаарласаар байгаа учир Ормузыг буцааж хааж байна гэж Техран мэдэгдсэн юм.
Хоёр улсын гал зогсоох тохиролцоо мягмар гарагт /2026.04.21/ дуусна. Үүнээс өмнө АНУ дайныг дуусгах хоёр дахь хэлэлцээ хийх хүсэлтэй байгаа. Харин Иран АНУ-тай дахин хэлэлцэхгүй гэдгээ илэрхийлжээ. Тодруулбал Ираны Тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммадреза Ареф “Бусад орнуудын хөлгийг аюулгүй зорчуулах хүсэлтэй хэр нь Ираны газрын тосны экспортыг хязгаарлаж болохгүй. Маш тодорхой сонголтууд байгаа. Хүн болгонд зориулсан чөлөөтэй газрын тосны зах зээл үгүй бол хүн болгон алдагдал хүлээнэ” гэсэн байна. Ойрх Дорнодод энх тайван тогтоох гэсэн хүчин чармайлт тодорхойгүй нөхцөл байдалд орлоо.
Ормузын хоолой буцаад хаагдаж, Иран хэлэлцээнд оролцохгүй гэсэн тул буураад байсан газрын тосны үнэ буцаад өсжээ. Өнөөдөр /2026.04.20/ арилжаа нээгдэхэд 9 хувиар унаад байсан газрын тосны үнэ 5 орчим хувиар нэмэгджээ. Тодруулбал дэлхийн жишиг үнэ болдог Брент маркийн газрын тосны фьючерс 4.74 хувь нэмэгдэж баррель нь 94.66 ам.доллароор арилжиж байна. Харин АНУ-ын WTI маркийн газрын тосны фьючерс 5.52 хувиар өсөж, баррель нь 88.48 ам.доллароор арилжиж байгаа юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.