ҮХЦ: "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна" гэсэн нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж, түдгэлзүүллээ
ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэх агуулга бүхий заалт нь Үндсэн хуульд 2019 оны өөрчлөлтөөр тусгасан "Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно" хэмээн заасныг зөрчиж байгаа эсэх маргааныг хянан шийдвэрлэлээ. Мэдээллийг нэг дороос агуулгаар хүргэж байна.
Нэмэлт: 10.25 цаг
ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүн зөвлөлдөж, шийдвэрээ танилцууллаа.
ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэсэн нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийг зөрчиж байна гэж үзэж, хүчингүй болголоо. Тус заалтыг өнөөдрөөс эхлэн түдгэлзүүлж байна. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шийдвэрлэж, хариу ирүүлнэ үү" гэв.
Нэмэлт: 09.40 цаг
-ҮХЦ шийдвэрээ 10.30 цагт танилцуулна-
Дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир, мэдээлэл гаргагч иргэн Д.Отгонбат оролцлоо. Хуралдааныг ҮХЦ-ийн дарга С.Баясгалан даргалж, О.Мөнхсайхан нарын дөрвөн гишүүний хамтаар хянан хэлэлцэх гэж байна.
Хуралдааны эхэнд эрх үүрэг, хуралдааны дэгийг танилцуулж, оролцогч талуудаас нэмэлт нотлох баримт байгаа эсэхийг асуухад иргэн Д.Отгонбат, УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир нар "байхгүй" гэлээ.
Үргэлжлүүлэн ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан танилцуулга хийлээ.
"Иргэн Д.Отгонбат ҮХЦ-д хандаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.1 “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасантай зөрчилдөж байгаа талаар мэдээлэл ирүүлснийг ҮХЦ-ийн гишүүний 2026 оны 56-р тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэж шийдвэрлэсэн. Миний бие ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл хангаж ажиллалаа. Цугларсан баримтыг өөрийн урьдчилсан санал дүгнэлтгүйгээр танилцуулж байна.
Нэг. Иргэн дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ.
Монгол Улсын ардчилсан үндсэн хууль, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр анх батлагдахдаа 30.2 хэсэгт Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасан. Харин 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж өөрчлөн найруулжээ. Гэвч Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.1-т бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж заасан байна. Үндсэн хуулийн заалтад нийцүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хуулийн энэ заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн 30.2 заалтаас эш татан хэрэглэсэн боловч тухайн хэсэгтэй зөрчилдөж байна. Үүнийг тогтоож өгнө үү.
Хоёр. УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэгт заасныг өөрчилсөн. "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж өөрчлөн найруулсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.1-дүгээр заалтыг нийцүүлэх шаардлага бий болсон билээ. Дээрх нэмэлт өөрчлөлттэй холбоотой холбогдуулан баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлд,
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Нийцүүлэх ажлыг УИХ-аас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана гэж заасан.
Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг төлөвлөгөөнийд дагуу зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан.
Тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийн 2.3 дахь заалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль шинэчилсэн найруулгын төслийг 2020 онд багтаан боловсруулж, ингэхдээ Ерөнхийлөгчид тавигдах шаардлага, бүрэн эрхтэй холбоотой зохицуулалтыг тус нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэх чиглэл баримтлахаар заасан байна. УИХ-ын ТББХ-оор дээрх тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар холбогдох албан бичгийг Засгийн газарт хүргүүлж байсан болно. Иймд тус маргааныг шийдвэрлэж өгнө үү" гэсэн байна.
Гурав. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд бэлтгэсэн байдал.
Дунд суудлын хуралдаанд УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын ХЭГ, ХЗДХЯ-наас холбогдох мэдээлэл, баримт, тайлбарыг гаргуулан авч Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн төсөл, түүний үзэл баримтлал, танилцуулга, УИХ-ын байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны тэмдэглэл, судалгаа, лавлагаа, эрдэм шинжилгээний бүтээл зэргийг судалсан болно. Энэ маргааныг шийдвэрлэж өгөхийг ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнээс хүсье" гэв.
Үргэлжлүүлэн маргагч талуудаас ирүүлсэн мэдээлэлтэй холбоотой нэмэлт тайлбарыг сонслоо.
Иргэн Д.Отгонбат: 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, дагаж мөрдөх журмын тухай хууль мөн баталж, холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Үүнд Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуваарь гаргасан. Үүний дагуу 2020 онд Ерөнхийлөгчийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлж өөрчлөх байсан. Өнөөдөр 2026 он. Үндсэндээ зургаан жил Үндсэн хуулийн өөрчлөлтөд хуулиудыг нийцүүлээгүйгээс Үндсэн хуулийн зөрчил болсон. УИХ эс үйлдэхүйгээр Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна.
Цэцийн гишүүн О.Мөнхсайхан: 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуваарийг 2020 оны УИХ-ын хоёрдугаар тогтоолоор баталсан. Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ хуваарьт заасны дагуу буюу хугацаанд нь 5 удаа Ерөнхийлөгчийн хуулийн төслийг өргөн мэдүүлэх албан бичгийг Засгийн газарт хүргүүлсэн байна. 2020 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан УИХ, ТББ-ны зүгээс Ерөнхийлөгчийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлэхээр авсан арга хэмжээ байгаа юу. Мөн 2028 он хүртэл хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд Ерөнхийлөгчийн болон бусад хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх ажил тусаагүй байна. Энэ ямар учиртай вэ?
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир: Манай Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын 2020 оны хоёрдугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс 2020 онд гурав, 2021 онд хоёр удаа Ерөнхийлөгчийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх албан бичгийг Засгийн газарт хүргүүлж байсан. Энэ хугацаанд хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх ажил хийгдээгүй байна. Өнөөдрийг хүртэл зургаан жилийн хугацаанд Засгийн газар, УИХ Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулиудыг өөрчлөөгүй. Нэг үгээр, 2020 оны хоёрдугаар тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй явж байна гэсэн үг.
Иргэн Д.Отгонбат: 2021 оны зургадугаар сарын 16-ны Засгийн газрын хурлын тэмдэглэл байналээ. Үүнд Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн найруулаад УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов гэсэн байна. Засгийн газраас хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан зүйл байдаг уу?УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир: Засгийн газраас хуулийн төслийг өргөн бариагүй. Тиймээс УИХ өнөөдрийг хүртэл хуулийн төслийг хэлэлцээгүй, хууль хоорондын зөрчил байна.
Иргэн Д.Отгонбат, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир "Нэмэлтээр асуух зүйл байхгүй".
Хуралдаан даргадагч Г.Баясгалан: Шийдвэрийг 10.30 цагт танилцуулна.
Эхлэл: 09.30 цаг
-Хуралдаан 9:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно-
Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасантай зөрчилдөж байгаа талаар нэр бүхий иргэд мэдээлсэн юм.
Ташрамд дурдахад, Уг хуралдааныг даргалах Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад 11 сар болж байна. Тус агуулгыг дараах линкээс унших боломжтой.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үндсэн хуульд 2019 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жилээр тогтоож хуульчлахдаа Ерөнхийлөгчийн хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн бүрэнхийн эрхийн хугацааг 4 жил байсныг 6 болгох ёстой байсан. Энэ ажлыг хууль санаачлагч болон Засгийн газар, УИХ-ын Тамгын газар зэрэг газрууд хийх ёстой байсан. Хийгээгүйгээс одоо бөөн зарга үүсч ажил хийх аядах гэж бгаа нь АРЧААГҮЙ байна. Төрийн ажил ийм л байгаа юм даа.
Шог драм
Мөнхсайхан гэж нэг Хүрэлсүхийн нохойд барьдаг мод нөхөр байдаг болсон
бас ямар арга сэдээд байна даа