Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын БНХАУ дахь төрийн айлчлалын эхний өдөр хэрхэн өнгөрөв

Товч агуулга: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар пүрэв гарагт /2026.05.14/ уулзаж хэд хэдэн асуудлаар хэлэлцлээ. Хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын эхэнд Ши Жиньпин худалдааны хэлэлцээг Бээжин, Вашингтоны төлөөллүүд амжилттай явуулж байгаа гэжээ. Мөн Тайванийн асуудлаар санал зөрөлдөж буй нь хоёр орны харилцааг аюултай зам руу хөтөлж болзошгүйг анхааруулсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар пүрэв гарагт /2026.05.14/ уулзаж хэд хэдэн асуудлаар хэлэлцлээ. Хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын эхэнд Ши Жиньпин худалдааны хэлэлцээг Бээжин, Вашингтоны төлөөллүүд амжилттай явуулж байгаа гэжээ. Мөн Тайванийн асуудлаар санал зөрөлдөж буй нь хоёр орны харилцааг аюултай зам руу хөтөлж болзошгүйг анхааруулсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар пүрэв гарагт /2026.05.14/ уулзаж олон сэдвээр хэлэлцжээ. Олон улс дахь АНУ-ын гол өрсөлдөгч болох Хятадад Трамп 2017 оноос хойш анх удаа айлчилж байгаа гэдэг утгаараа энэ дээд хэмжээний уулзалт өндөр ач холбогдолтой юм.

Хүндэт харуул жагсан, хүүхдүүд цэцэг болон туг барин Трампыг хүлээн авсан нээлтийн ёслолын дараа хэлэлцээ эхэлсэн. Ши Жиньпин хэлэлцээг нээн үг хэлэхдээ "Бүх дэлхий бидний уулзалтыг анхааралтай ажиглаж байна. Дэлхий дахинд зуун жилд тохиолдоогүй их өөрчлөлтүүд эрчимтэй өрнөх боллоо. Олон улсад нөхцөл байдал маш тогтворгүй байна" гэжээ.

Тэрбээр нэмж "Манай хоёр улсад ялгаатай зүйл байгаа ч нийтлэг сонирхол илүү их гэдэгт би үргэлж итгэдэг. Нэг улсын амжилт нь нөгөө улсдаа боломж юм. Бидний харилцаа тогтвортой байх нь дэлхий ертөнцөд тустай. БНХАУ, АНУ хоёр хамтран ажиллавал хожиж, сөргөлдвөл хохирно" гэсэн юм.

Зургийн эх сурвалж: AFR

Харин Трамп нээлтийн үг хэлэхдээ Ши Жиньпинтэй уулзаж байгаа нь нэр төрийн хэрэг хэмээсэн байна. Тодруулбал Трамп "Бид сайн ойлголцдог байсан билээ. Хүндрэл гарахад бид асуудлыг шийддэг байсан. Би тань руу утасдаж, та ч над руу залгадаг байсан. Ямар нэг асуудал гарахад бид маш хурдан шийддэг байсныг хүмүүс мэддэггүй. Таныг агуу удирдагч гэдгийг би хүн болгонд хэлдэг" гэжээ. Мөн тэр "Тантай энд уулзах нь нэр төрийн хэрэг. Таны найз байх нь бас нэр төрийн хэрэг юм. АНУ-БНХАУ-ын харилцаа урьд өмнөхөөсөө илүү сайжирна" хэмээсэн байна.

Шинхуа агентлаг мэдээлснээр Ши Жиньпин, Трамп нарын уулзалт хоёр цаг 15 минут орчим үргэлжилжээ. Тэд энэ хугацаанд АНУ, Хятадын харилцааг дордуулаад буй маргаантай сэдвүүдээр ярилцсан байна.

Эдгээрээс хамгийн чухал нь Тайванийн асуудал байв. Ши Жиньпин үүнийг Америк-Хятадын харилцаа дахь хамгийн гол асуудал гэж тодорхойлжээ. Тэрбээр АНУ-ыг энэ асуудалд хянуур, нухацтай хандахыг уриалж, үгүй бол хоёр гүрэн мөргөлдөөнд хүрч болзошгүйг анхааруулсан байна. Мөн Ши Жиньпин хоёр орны харилцаанд тогтвортой байдал болон шударга өрсөлдөөн чухал гэдгийг онцолжээ.

Үүнээс гадна хоёр улсын удирдагч Ойрх Дорнод, Украин болон Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар ярилцсан байна. Гэхдээ эдгээр хэлэлцүүлгийн талаар нарийн мэдээлэл албаныхан өгөөгүй байгаа юм.

БНХАУ-ын тал мэдээлснээр Ши Жиньпин Хятадын шинэчлэл, нээлттэй байдалд АНУ-ын бизнес эрхлэгчид илүү өргөнөөр оролцохыг дэмжинэ гэжээ. Мөн уулзалт эхлэхийн өмнөх өдөр буюу лхагва гарагт /2026.05.13/ хоёр талын төлөөллүүд эдийн засгийн сэдвээр хэлэлцсэнийг амжилттай болсон гэж Ши Жиньпин сайшаасан байна.

Хоёр тал улс төр, дипломат болон цэргийн харилцааны сувгуудыг бүрэн ашиглах ёстойг Ши Жиньпин хэлжээ. Үүнд хууль сахиулах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал ч багтана гэдгийг тэр дурдсан юм.

Уулзалтын үеэр Трамп хамт ирсэн АНУ-ын томоохон компаниудын захирал нарыг Ши Жиньпинд танилцуулж, Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг тэдэнд уриалжээ. Мөн Хятадын зах зээлийг АНУ-ын аж үйлдвэрүүдэд нээлттэй болгохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Уулзалтад дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маск, зах зээлийн үнэлгээгээр олон улсад тэргүүлдэг “Nvidia”-гийн захирал Женсен Хуанг болон “Apple”-ийн Тим Күүк гэх мэт бизнес удирдагчид оролцжээ. Хоёр талын уулзалт дууссаны дараа Маск танхимаас гарахдаа хэлэлцээ гайхалтай өрнөсөн гэсэн юм.

Хэлэлцээний дараа хоёр удирдагч Тэнгэрийн сүмээр зочилж, хүндэтгэлийн зоог барьжээ. Тэд өнөөдөр /2026.05.13/ хамтдаа цай ууж, үдийн хоол идэхээр төлөвлөсөн байна.

“International Crisis Group”-ийн зөвлөх Али Вайн хэлэхдээ, Трампын 2017 онд айлчилснаас хойш БНХАУ-АНУ-ын хүчний харьцаа өөрчлөгдсөн гэв. Тухайн үед БНХАУ Трампыг сэтгэл хангалуун байлгахын тулд АНУ-аас их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авч байсан гэж тэр хэлжээ.

Зургийн эх сурвалж: CNBC

Харин энэ удаад АНУ БНХАУ-ын өсөлтийг хүлээн зөвшөөрч байна гэж Али дүгнэсэн юм. Трамп өнгөрсөн аравдугаар сард Өмнөд Солонгост Ши Жиньпинтэй уулзахдаа “G2” буюу Их хоёр гүрэн гэх нэр томьёог ашигласан гэдгийг тэр дурдсан байна.

Трамп энэ удаагийн хэлэлцээнд арай сул байр суурьтай оролцож байгаа юм. Учир нь АНУ-ын Дээд шүүх түүний гаалийн татвар ногдуулах эрхийг хязгаарлаж, Ираны дайн инфляцыг өсгөх болсон. Дайны улмаас арваннэгдүгээр сарын сонгуулиар Бүгд найрамдах нам ялагдах эрсдэлтэй тулгараад байна. Ийм учир Трамп Ираны дайныг дуусгах тал дээр БНХАУ-аас туслалцаа авах сонирхолтой байгаа юм. Хэлэлцээ эхлэхээс өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хэлэхдээ, БНХАУ-ыг ятган сэнхрүүлж Ираны дайныг дуусгах тал дээр илүү идэвхтэй ажиллаж эхлэхэд хүргэж чадна гэж найдаж байна гэжээ.

БНХАУ-ын хувьд эдийн засгийн өсөлт удааширч байгаа ч Ши Жиньпинд ийм улс төрийн дарамт үүсээгүй байна. Гэсэн хэдий ч хоёр тал өнгөрсөн аравдугаар сард тохирсон худалдааны дайныг түр зогсоох тохиролцоогоо хадгалах сонирхолтой байгаа юм.

Эх сурвалж: Reuters, CNBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button