Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн анхаарлыг татсан айлчлалаасаа Трамп хүссэндээ хүрэлгүй буцав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхий нийт анхааралтай ажигласан БНХАУ дахь айлчлалаа баасан гарагт /2026.05.15/ дуусгаж, нутаг буцсан. Тэрбээр БНХАУ болон Ерөнхийлөгч Ши Жиньпинийг хоёр өдрийн турш ихэд сайшаан магтсан боловч худалдааны асуудлаар болон Ираны дайныг зогсоох тал дээр бодит үр дүнд хүрсэнгүй.

Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар 2017 оноос хойш Хятадад анх удаа айлчилж буй нь энэ байв. АНУ-д ирэх арваннэгдүгээр сард Конгрессын завсрын сонгууль болно. Үүнээс өмнө өөрийнхөө буурч буй рейтингийг өсгөхийн тулд Трамп стратегийн болон эдийн засгийн гол өрсөлдөгч орондоо ийнхүү айлчилсан юм.

Дээд хэмжээний уулзалт амжилттай болж, хоёр улсын улсын удирдагч Жуннаньхай ордны нууц цэцэрлэгт хүрээлэнгээр хүртэл алхсан билээ. Харин хаалттай хаалганы цаана Ши Жиньпин Трампад хатуу анхааруулга өгчээ. БНХАУ-ын хувьд хамгийн гол асуудал болох Тайванийн тал дээр буруу алхам хийвэл мөргөлдөөнд хүрч болзошгүйг гэж сануулсан байна.

Трамп Ши Жиньпиний хэлсэн энэ үгний талаар ямар нэг тайлбар хийгээгүй. Харин Ши Жиньпиний найрсаг зан, нэр хүндийг магтсан зүйл л хэлсээр байсан юм. Гэхдээ тэр айлчлал нь дууссанаас хэдэн цагийн дараа Тайванийг тусгаар тогтнол зарлахгүй байхыг сэрэмжлүүлжээ.

Энэхүү айлчлалаараа Трамп БНХАУ-д "Boeing”-ийн онгоц олон тоогоор худалдах гэх мэт бизнес зорилготой очсон ч хүссэн тохиролцоондоо хүрч чадсангүй. Хятадын нисэхийн компаниуд таамаглаж байснаас хоёр дахин бага онгоц худалдах авахаар тохиролцсон юм.

Зургийн эх сурвалж: MS Now

Харин Ши Жиньпин Вашингтонтой худалдаагаа тогтвортой барих гэрээний тухай ярьсан байна. Өөрөөр хэлбэл Трамп шууд үр дүнд хүргэх бизнес тохиролцоо хийж ашиг олохыг хүссэн бол Ши Жиньпин урт хугацаандаа худалдааны харилцаагаа дахин тохируулах сонирхолтой гэдгээ илэрхийлжээ.

Айлчлалын үеэр Ши Жиньпин хоёр орны харилцааг тодорхойлохдоо стратегийн хувьд бүтээлч тогтвортой байдал гэсэн шинэ нэр томьёо ашиглажээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү шинэ нэршил нь БНХАУ-ын хувьд амжилт болж байгаа аж. Учир нь Бээжин анх удаа хоёр улсын харилцааны нөхцөлийг өөрийнхөөрөө тодорхойлжээ.

Цинхуа их сургуулийн Олон улсын аюулгүй байдал, стратегийн төвийн захирал Да Вэй "Өнөөдрийг хүртэл БНХАУ хоёр улсын харилцааг тодорхойлох тал дээр өөрсдийн хувилбарыг санал болгож байгаагүй бол одоо санал болголоо. Хэрэв АНУ-ын тал зөвшөөрвөл энэ нь ахиц дэвшил юм" гэсэн байна.

Хоёр улсын удирдагч баасан гарагт үдийн цай уухаас өмнө БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-Израилийн эхлүүлсэн Ираны дайнд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн хатуу мэдэгдэл гаргажээ. Тус яам "Энэ мөргөлдөөн хэзээ ч эхлэх ёсгүй байснаас гадна үргэлжлүүлэх ямар ч шалтгаан байхгүй" гэж мэдэгдээд эрчим хүчний нийлүүлэлт болон дэлхийн эдийн засагт саад учруулж буй мөргөлдөөнийг зогсоож, энхийн гэрээ байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Жуннаньхай цогцолборт үдийн цай уухаасаа өмнө Трамп хэлэхдээ, талууд Ираны асуудал дээр байр суурь нь маш ижил байгаа гэжээ. Харин Ши Жиньпин энэ талаар ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй юм. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Ирантай тохиролцоонд хүрэхийн тулд нөлөөгөө ашиглахыг БНХАУ-д уриалжээ. Гэхдээ Ши Жиньпин Техранд хүчтэй шахалт үзүүлнэ гэдэгт шинжээчид эргэлзэж байна.

“Brookings Institute”-ийн олон улсын бодлого судлаач Патришиа Ким "Анхаарал татаж байгаа зүйл нь БНХАУ Ираны асуудлаар яг тодорхой зүйл хийх амлалт өгөөгүй явдал юм" гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen

Энэ трамп нарийн ухааны хүн биш, мөнгөний л сонирхолтой этгээд бололтой. Ши энүүгээр өлхөн тоглочих шиг боллоо ккк

Холбоотой мэдээ

Back to top button