Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин энэ долоо хоногт БНХАУ-д айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилна гэдгийг Кремль мэдэгдээд байгаа. Энэхүү айлчлалаараа Путин БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпиньтэй Москва, Бээжингийн иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх төлөвлөгөөтэй байна гэж Кремль мэдэгджээ.

Мөн Путин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэх аж. Энэхүү айлчлал нь Москва, Бээжин 2001 онд байгуулсан Сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээний 25 жилийн ойн өдөртэй давхцаж байгааг ТАСС агентлаг мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий нийтийн анхаарлыг татсан айлчлалаа Хятадад хийсэн. Энэхүү айлчлал сүүлийн арван жилийн хугацаанд АНУ-ын ерөнхийлөгч Хятадад зочилж хэлэлцээ хийсэн анхны тохиолдол болсон юм.

Трамп, Ши Жинпин нар айлчлалын үеэр хийсэн худалдааны хэлэлцээрүүдээ сайшаасан ч Ираны дайн, Тайваньтай холбоотой гол асуудлууд дээр ахиц гаргаж чадаагүй. Тэд мөн Украины дайны асуудлаар хэлэлцсэн юм. БНХАУ Украины дайны асуудал дээр албан ёсоор төвийг сахисан байр суурьтай байгаа билээ.

Зургийн эх сурвалж: CNBC

2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу довтлохоос гурван долоо хоногийн өмнө БНХАУ, ОХУ нар хязгааргүй түншлэлийн харилцаа үүсгэсэн гэдгээ зарласан.

Төвийг сахигч байр суурьтай ч гэсэн Хятад компаниуд ОХУ-ын дроны үйлдвэрлэлийг дэмждэг талаар хэвлэлүүд мэдээлдэг. Бээжин эдгээр мэдээллийг үгүйсгэдэг байна. Эх сурвалжууд мэдээлснээр бол Хятадын компаниуд Оросын дроны үйлдвэрүүд рүү дроны хөргөх төхөөрөмж гэсэн шошго нааж илгээдэг аж.

Вашингтон болон Бээжингийн харилцаа хурцадмал байдалтай байгаа ч БНХАУ, ОХУ-ын харилцаа сүүлийн саруудад улам гүнзгийрч байна. Хоёр улс албан ёсны цэргийн холбоотнууд биш. Гэхдээ улс төр, эдийн засгийн маш нягт холбоотой харилцаатай. Барууны орнууд Москватай харилцаагаа тасалсны дараа БНХАУ ОХУ-ын газрын тос болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдан авч эхэлсэн.

Өнгөрсөн наймдугаар сард Путин БНХАУ-д дөрвөн өдрийн айлчлахдаа барууны орнуудын ялгаварлан гадуурхсан хориг арга хэмжээг буруушааж, Бээжинг сайшаасан юм.

БНХАУ одоо ОХУ хамгийн том худалдааны түнш болсон. Өнгөрсөн сард Ши Жинпин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа Бээжин, Москвагийн хооронд илүү нягт, хүчтэй стратегийн зохицуулалт хийхийг уриалсан байна.

Ши Жинпин өнгөрсөн жилийн тавдугаар сард Орост айлчилсан билээ. Тухайн үед тэр нэг талыг барьсан бодлого болон дарангуйллын эсрэг Москвагийн талд зогсохоо амлаж байв.

Эх сурвалж: Al Jazeera, CBS News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эзэн нь дууджээ!!

Устга
Устга

Алах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button