Газрын тосны нийлүүлэлтийн хямралыг нөөцөөр аргалж байгаа ч нохойн дуу ойртож байна
Ираны дайныг дуусгах Пакистаны хүчин чармайлт зогсонги байдалд орж Ормузын хоолой хаалттай хэвээр байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын БНХАУ-д хийсэн айлчлал Ормузын хоолойг нээх тал дээр ахиц гаргаж чадаагүй юм. Үүнтэй холбогдуулан газрын тосны зах зээлээс аюулын харанга дэлдсэн шинж тэмдгүүд ажиглагдаж эхэллээ.
Хөрөнгө оруулагчид АНУ, Ираны гал зогсоох тохиролцоо үргэлжилнэ гэсэн таамаглалаар арилжаа хийсээр байна. Гал зогсоох тохиролцоо үргэлжиллээ ч гэсэн газрын тосны худалдаа удахгүй хэвийн байдалдаа орох шинж тэмдэг бага байгаа юм. Ийм учир хөрөнгө оруулагчид бодит байдалтай нүүр тулахаас өөр аргагүйд хүрч байна.
“JPMorgan” хөрөнгө оруулалтын банк хөгжсөн орнуудын газрын тосны нөөц зургаадугаар сарын эхээр үйл ажиллагааны хямралын түвшинд хүрч болзошгүй гэж таамаглажээ. Харин дэлхийн хамгийн том газрын тосны компани болох “Saudi Aramco” бензин болон онгоцны түлшний дэлхийн нөөц зун эхлэхээс өмнө туйлын доод түвшинд хүрч магадгүй гэж анхааруулсан юм.
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) Ираны дайн дэлхийн газрын тосны нөөцийг түүхэнд байгаагүй хурдаар шавхаж байна гэж сэрэмжлүүлжээ. Тавдугаар сарын 8-ны байдлаар засгийн газрууд болон үйлдвэрлэгчид нөөцөөсөө 164 сая баррель газрын тосыг зах зээлд гаргаад байна.
“IEA” сүүлд гаргасан тайландаа "Нийлүүлэлтийн тасалдал үргэлжилж, нөөц хурдацтай багасаж байгаа нь цаашид үнэ огцом өсөхийг илтгэсэн шинэ тэмдэг байж болзошгүй" гэж бичжээ.
АНУ болон Израил Ираны эсрэг дайн эхлүүлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Шинжээчид Ормузын хоолой тавдугаар сарын сүүл эсвэл зургаадугаар сарын эхээр дахин нээгдэнэ гэж таамаглаж байсан юм.
Гэвч Иран Ормузын хоолойгоор өнгөрөх гэсэн хөлгүүд руу халдаж, АНУ-ын тэнгисийн хүчин Ираны онгоцнуудын хөдөлгөөнийг хязгаарлан, хураан авч байгаа тул энэ таамаглал бүтэх магадлал буурсаар байна. Мөн АНУ-ын тэнгисийн хүчин хоолойг дахин нээх гэсэн оролдлогоо түр зогсоосон байгаа.
“Capital Economics” компанийн уур амьсгал, түүхий эдийн эдийн засагч Хамад Хуссейн "Хэрэв Ормузын хоолой хаалттай хэвээр байж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) орнуудын газрын тосны нөөц дөрөвдүгээр сарынх шиг хурдтай буурсаар байвал зургаадугаар сарын сүүл гэхэд нөөц туйлын аюултай түвшинд хүрч болзошгүй" гэжээ.

Тэр нэмж хэлэхдээ "Нөөц аюултай түвшинд хүрч буурснаар Брент маркийн газрын тосны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрэх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн газрын тосны эрэлтийг албадан бууруулахад хүргэж, эдийн засагт томоохон хохирол учруулж болзошгүй" гэсэн байна.
Түүний тооцоолсноор, хэрэв Ормузын хаалттай хэвээр байж хомсдол энэ хэвээр үргэлжилбэл ирэх сард газрын тосны үнэ нэг баррель нь 130-140 ам.долларт хүрч магадгүй байна.
БНХАУ Иранд шахалт үзүүлж, Ормузын хоолойн хөдөлгөөнийг хэвийн болгох тал дээр ажиллана гэсэн ямар нэгэн дохио өгөөгүй юм. Үүний улмаас баасан гарагт /2026.05.15/ арилжаа хаагдахад (газрын тосны арилжаа амралтын өдрүүдээр явагддаггүй) Брент маркийн газрын тосны фьючерс 3 гаруй хувиар өсөж, нэг баррель нь 109.26 ам.долларт хүрчээ.
Хамад хэлэхдээ одоогоор газрын тосны фьючерс туйлын аюултай түвшинд хараахан хүрээгүй гэсэн юм. Дайн эхлэх үед их хэмжээний газрын тос тээвэрлэлтдээ гарсан байснаас гадна улс орнууд нөөцөөсөө түүхэнд байгаагүй их хэмжээгээр нефть гаргасан тул үнэ аюултай түвшинд хүрээгүй аж. Мөн газрын тосны хамгийн том худалдан авагч БНХАУ-ын импорт буурч, нөөцөөсөө ашиглаж байгаа нь үүнд тус болсон юм.
Улс орнууд газрын тосны нөөцөөсөө дахин зах зээлд гаргах боломжтой. Гэхдээ нефть хадгалах савны даралтыг барихад тодорхой хэмжээний нөөц шаардлагатай байдаг учир дуустал нь шавхаж болохгүй. Мөн өдөрт гаргаж болох хэмжээ нь хязгаарлагдмал байдаг.
Дайн эхэлснээс хойш тасарсан газрын тосны нийлүүлэлтийн хэмжээ 1 тэрбум орчим баррельд хүрсэн. Энэ нь улс орнууд нөөцөөсөө гаргахаар төлөвлөсөн 400 сая баррель нефтиэс хамаагүй өндөр дүн юм.
Ормузын хоолой хаалттай байснаар газрын тосны хэрэглээг хязгаарлах арга хэмжээнүүд илүү ширүүсэж магадгүй байна. Хамад хэлэхдээ "Ойрх Дорнодоос ирэх нийлүүлэлт тасалдсан нөхцөлд Ормузын хоолой хаалттай байх тусам эрэлт болон үнийн өөрчлөлт шугаман функцээр бус огцом хэлбэлзэх эрсдэл улам нэмэгдэнэ" гэжээ.
Өөрөөр хэлбэл, газрын тосны үнэ жигд шулуунаар өсөхийн оронд огцом өсөж магадгүй юм. “UBS” фирмийн шинжээчид мөн газрын тосны нөөц түүхэн доод түвшинд хүрэхэд дөхөж байгааг анхааруулж, нөөцөөр асуудлыг аргалж байсан нь үндсэндээ шавхагдлаа гэж сэрэмжлүүлсэн байна.
“UBS”-ийн үзэж байгаагаар, нөөц багасахын хэрээр газрын тосны үнийн савлагаа ихсэх аж. Тус фирмийн шинжээчид "Газрын тосны бодит нийлүүлэлтийн тасалдал гүнзгийрч, Ормузын хоолой хаалттай хэвээр байвал хүмүүс сандран худалдан авалт хийх эрсдэлтэй" гэжээ. Харин “Rapidan Energy” фирмийн шинжээчийн үзэж буйгаар газрын тосны нөөц аюултай доод түвшинд хүрэхийн оронд газрын тос болон бусад бүтээгдэхүүний үнэ огцом өсөж эдийн засаг их хэмжээгээр ширгэхэд хүргэх магадлалтай юм.
Эх сурвалж: Fortune, CNBC















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайны дараа хүмүүс уламжлалт дотоод шаталтат хөдөлгүүрээс татгалзана. Энэ нь маш бөгөөд шинэ зах зээлийг хөөсрүүлэх болно.
Зүгээр байхад дайн самуун өдөөж хямралд хүргэж байгаа зөнөсөн өвгөн Трамп үхэж далд ороосой! Наад дайнаа хурдан зогсоо тэнэг өвгөн!!!
zadaa uund bs nymbaatar buruutai blj uchiral zuvduh bhdaa kkk