Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын эдийн засаг дөрөвдүгээр сард саарлаа

Дөрөвдүгээр сард БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн эрч саарав. Үйлдвэрийн гарц буурч, жижиглэн худалдаа сүүлийн гурван гаруй жил үзэгдээгүй доод түвшинд хүрчээ.

Өнгөрсөн сард экспортын үзүүлэлт таамаглалаас сайн гарч, Бээжин шатахууны үнэд хяналт тавьсан нь нь эрчим хүчний цочролыг намдаахад тусалжээ. Гэвч газрын тосны үнэтэй холбогдуулан үйлдвэрийн зардал нэмэгдсэн нь ашигт ажиллагааг шахаж байна. Хэрэв Ираны дайн сунжирвал Хятадын дотоодын хэрэглээг улам бууруулах эрсдэлтэй юм.

БНХАУ-ын Үндэсний статистикийн даваа гарагт /2026.05.17/ мэдээлснээр дөрөвдүгээр сард үйлдвэрийн гарц өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өссөн байна. Энэ нь гуравдугаар сарын 5.7 хувийн өсөлттэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм. “Reuters” агентлаг эдийн засагчдаас санал асуулга авч үйлдвэрлэлийн гарц 5.9 хувь байна гэж таамагласнаас доогуур үзүүлэлттэй байлаа. 2023 оны долоодугаар сараас хойш БНХАУ-ын үйлдвэрийн гарц ийм түвшинд хүрч буураагүй байна.

Хэрэглээний гол үзүүлэлт болох жижиглэнгийн худалдаа дөрөвдүгээр сард ердөө 0.2 хувиар өсөж, гуравдугаар сарын 1.7 хувийн өсөлтөөс эрс буурчээ. Энэ нь 2022 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн сул өсөлт боллоо. Шинжээчид 2 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамаглаж байсан юм.

Дөрөвдүгээр сард иргэдийн хэрэглээ сул байсан нь дотоодын автомашины борлуулалтаас тодорхой харагджээ. Автомашины борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 21.6 хувиар буурч, долоон сар дараалж уналттай гарсан байна.

“Pinpoint Asset Management”-ийн ерөнхийлөгч, ахлах эдийн засагч Жан Живэй "Экспортлогчид сайн гүйцэтгэлтэй ажилласан нь дотоодын эрэлт муу байгаагаас үүссэн сул талыг нөхөхөд тусалсан боловч бүрэн гүйцэд нөхөж чадсангүй" гэжээ.

Ираны дайн үйлдвэрийн зардлыг нэмэгдүүлнэ гэсэн болгоомжлол үүссэн тул дөрөвдүгээр сард хиймэл оюун ухаан болон бусад салбарын худалдан авагчид шаардлагатай эд ангиуд нөөцөлж эхэлсэн байна. Үйлдвэрүүд эдгээр захиалгыг биелүүлэхийн тулд түргэвчилж ажилласнаар дөрөвдүгээр сард Хятадын экспорт сайн үзүүлэлттэй гарсан юм.

Зургийн эх сурвалж: Bloomberg

БНХАУ-ын засгийн газар ганц сарын л сул үзүүлэлтээс болж бодлогоо өөрчилнө гэж үзэхгүй байгаа гэдгээ Жан Живэй хэлжээ. Бээжин долоодугаар сард хоёрдугаар улирлын ДНБ-ий мэдээлэл гарах үед бодлогоо дахин үнэлэх байх гэж тэр нэмж хэлсэн байна.

“Conference Board” фирмийн Хятадын төвийн ахлах эдийн засагч Жан Юухан "2026 оны эхний дөрвөн сарын жижиглэнгийн худалдааны өсөлт иргэдийн  эрэлт сул хэвээр байгааг харуулж байна” гэжээ.

Түүний хэлснээр хятадууд амьдралын хэв маяг болон технологийн жижиг шинэчлэлтүүдэд тогтвортой зарцуулж байгаа ч орон сууц, орлоготой холбоотой том хэмжээний зээлийн худалдан авалтад мөнгөө зарцуулах сонирхол бага байгаа аж. Энэхүү ялгаа нь эдийн засаг хоёр өөр хурдаар сэргэж байгааг илтгэнэ гэж тэр хэлжээ.

Дөрөвдүгээр сарын тоо баримтууд Хятадын эдийн засаг эхний улиралд үзүүлсэн эрч хүч саарч буйн эхний шинж тэмдэг боллоо. Хятадын баригчид гадаад цочролын хариуд улсынхаа эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлж, технологийн хувьд бие даасан байдалд хүрэх ажлыг хурдасган, нийлүүлэлтийн сүлжээнд илүү их хяналт тавихаа амлажээ.

БНХАУ-ын эдийн засаг энэ оны эхний гурван сард таван хувиар өссөн юм. Бээжин энэ жил ДНБ-ээ 4.5-5.0 хувь өсгөх зорилт тавьсан билээ. Тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үүссэн хямрал эдийн засгийн өсөлтөд саад болсоор байгаа юм. Дотоодын хэрэглээ сул байгаа үед Ойрх Дорнодын хямрал БНХАУ-ын эдийн засгийг гадаад эрсдэлд орууллаа.

Хятадад үл хөдлөхийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт буурсаар байгаа. Дөрөвдүгээр сард энэ бууралт өмнөх оны мөн үеэс нэмэгджээ. Харин шинэ орон сууцны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн бага хэмжээгээр буурсан байна. Энэ нь зах зээл тогтворжиж эхэлж байж магадгүйг харуулсан шинж тэмдэг болов. Хятадын орон нутгийн засаг захиргаанууд үл хөдлөхийн борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн итгэлийг сэргээх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Дөрөвдүгээр сарын үзүүлэлтийг харгалзан үзээд хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт саарна гэж “ING” банк таамаглажээ. Тус банкны Хятадын асуудал эрхэлсэн ахлах эдийн засагч Сон Линн "Эдийн засгийн өсөлт саарч, инфляц өссөнөөр ирэх саруудад бодлого боловсруулахад хүндрэл учруулж магадгүй" гэсэн юм.

Тэрбээр нэмж хэлэхдээ "Энэ он гарснаар эдийн засгийг дэмжих яаралтай арга хэмжээ авах шаардлага бага байсан. Гэхдээ тоо баримтууд улам дордвол дэмжих арга хэмжээ авах шаардлага тулгарч магадгүй" гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button