Барри: Морин хуур сурч, Плэйтайм үзэхээр Монголд ирсэн

26 настай Израил улсын иргэн Барри Монгол болон Төв Азийн орнуудын хөгжимд сонирхолтой тул морин хуур сурахаар Монгол Улсад иржээ. "Eguur.mn" агентлаг түүнээс Монголд ирсэн сэтгэгдэл болон морин хуур тоглож сурах болсон талаар асуусныг хүргэе.
Сайн байна уу, та өөрийгөө танилцуулаач?
Сайн байна уу, намайг Барри гэдэг би 26 настай Израйлаас ирсэн. Морин хуур сурахаар арав гаруй хоногийн өмнө Монголд газардсан. Монгол болон Төв Азийн орнуудын хөгжимд би маш их дуртай. Тийм болохоор энэ хөгжмийг тоглож сурахаар шийдсэн юм.

Монголд анх удаа зочилж байгаа юу?
Би Монголд анх удаа ирж байна. Надад нүүдэлчин ахуй маш сонирхолтой санагддаг. Хараахан хөдөө нутгаар явж амжаагүй л байна, ирснээсээ хойш хотод цагийг өнгөрөөлөө. Гэрээ бариад, түүнийгээ буулгаж аваад өөр газарт очиж дахин барьдаг соёл маш сонирхолтой санагддаг.
Визээ сунгуулахаар цагаачлалын алба дээр очсон. Би долоодугаар сар хүртэл энд байхаар төлөвлөж байгаа. Дараа нь Плэйтайм наадмыг үзнэ гэж бодож байгаа. Өмнө нь хэлсэнчлэн, би одоогоор зөвхөн хотыг л сонирхож үзлээ. Улаанбаатар хот миний бодож байснаас хамаагүй том юм. Бас орон сууцны барилгууд нь маш өндөр юм байна.

Монголд анх удаа ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?
Архитектурын хувьд хуучин Зөвлөлтийн нөлөө их байгаа нь шууд анзаарагдаж байна. Надад маш сонирхолтой санагдсан. Учир нь манай улсад ч гэсэн Зөвлөлтийн үеийнхтэй төстэй барилгууд их байдаг. Бас машин замын баруун талаар явдаг мөртлөө жолооны хүрд нь баруун талдаа байгааг хараад их гайхсан. Би дэлхийн өөр аль ч улсад ийм зүйл харж байгаагүй байх.
Гудамжаар маш олон оюутнууд, залуучууд алхаж байна. Бас сагсан бөмбөг энд маш их дэлгэрсэн юм шиг санагдсан. Хотын хаана ч байсан сагсан бөмбөгийн талбай дээр хүүхдүүд өдөрт бараг 16 цагийн турш тоглодог юм байна. Израйлд хүүхдүүд ихэвчлэн гэртээ утсаа оролдоод суудаг бол энд хүүхдүүд гадаа тоглож байгааг харах таатай байна.
А.ТЭНҮҮН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zalit juud
Израиль.д олон монголчууд ажиллаж амьдардаг бгаа шүү
Энэ жүүдүүд ч дээ. Монголд байлгаад дэмий л байх