Путин, Ши Жиньпин нар АНУ-ын “Алтан бүрхүүл” хамгаалалтын системийг шүүмжлэв
НЭМЭЛТ: 2026.05.20, 19:45 минут
Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргахдаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан “Golden Dome” буюу “Алтан бүрхүүл” хамгаалалтын систем болон цөмийн зэвсгийг хянах тохиролцооны хугацаа дуусаж буйг шүүмжилсэн байна.
Тус мэдэгдэлд "АНУ-ын 'Алтан бүрхүүл' (Golden Dome) төсөл нь ижил түвшний өрсөлдөгчдийн бүх төрлийн пуужинг хөөрөхөөс нь өмнө болон нислэгийнх нь аль ч шатанд устгах зориулалттай, хязгааргүй, олон түвшинт пуужин эсэргүүцэх дэлхийг хамарсан систем бүтээх зорилготой. Энэ нь стратегийн тогтвортой байдалд илт аюул учруулж байна гэж талууд үзэж байна" гэжээ.
Тэрхүү төлөвлөгөө нь "Стратегийн довтолгоо болон стратегийн хамгаалалтын зэвсэг харилцан хамааралтай байхыг шаарддаг, стратегийн тогтвортой байдлыг хангах гол зарчимтай бүрэн зөрчилдөж байна" гэж шүүмжилсэн байна.
НЭМЭЛТ: 2026.05.20, 15:00 минут
Путин 2000 онд Хятадад айлчлахдаа зураг авхуулж байсан хүүтэй дахин уулзана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ удаагийн айлчлалаараа 2000 онд Хятадад төрийн айлчлал хийж байхдаа зураг авхуулж байсан хүүтэй уулзах аж. 2000 онд Путин Бээжингийн Бэйхай цэцэрлэгт хүрээлэнд явж байхдаа Пэн Пай нэртэй хүүтэй зураг авхуулж байсан юм.
Одоо инженер мэргэжилтэй болсон Пэн Пай 26 жилийн дараа Путинтэй дахин уулзах гэж байгаа талаар ярихдаа “Би Ерөнхийлөгч Путинтэй уулзахдаа та тэр үеийнх шигээ гайхалтай харагдаж байна гэж хэлмээр байна. Харин би жин нэмсэн дунд хэргэм насны л эр болж” гэжээ. Тэр нэмж хэлэхдээ “Түүнтэй дахин уулзах боломж гарна гэж огт төсөөлсөнгүй. Үнэхээр гайхалтай” гэсэн байна.

Өнгөрсөн жил ОХУ-ын төрийн өмчит хэвлэл болох “RT” агентлаг Вэйбо дээр Пэн Пайг хайж олох талаар нийтлэл оруулжээ. Үүний дараа хятадын сошиал платформууд дээр түүнийг хайх аян явагдсан байна. Пэн Пай Москвагийн их сургуулиас инженерийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм. Бага байхдаа Путинтэй уулзсан нь Москвагийн их сургуульд сурах шийдвэрт нөлөөлсөн гэж тэр хэлжээ.
НЭМЭЛТ: 2026.05.20, 14:35 минут
Путин, Ши Жиньпин нар нөхөрсөг хамтын ажиллагааг бататгах бичигт гарын үсэг зурлаа
Путин Ши Жиньпинтэй хийсэн уулзалт нь дорвитой өрнөсөн гэж дүгнэсэн байна. Хэлэлцээний үеэр Путин ОХУ-БНХАУ нь үлгэр жишээ харилцаатай гэж хэлжээ. Мөн хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын платформууд дээр ажиллана гэж Путин мэдэгдсэн юм.
Хоёр улсын удирдагч Орос, Хятадын Сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээг сунгахаар тохиролцжээ. 25 жилийн өмнө гарын үсэг зурж баталж байсан энэхүү гэрээ нь хоёр улсын урт хугацааны нөхөрлөл, стратегийн цогц хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан гэж Ши Жиньпин хэлсэн байна.
Путин, Ши Жиньпин нар одоо баримт бичгүүдэд гарын үсэг зурж эхэллээ. Хоёр улсын удирдагч стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх мэдэгдэлд гарын үсэг зурав. Тэд одоо худалдаа, технологийн хамтын ажиллагаа зэрэг сэдэвтэй 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурна.
НЭМЭЛТ: 2026.05.20, 12:08 минут
Хоёр улсын удирдагч үг хэллээ
Хоёр улсын удирдагч Ардын их хурлын танхимд хэлэлцээгээ нээж үг хэлжээ. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг дотнын найз хэмээн дуудаж, хоёр улс хөгжил, сэргэлтийн ажил дээр бие биедээ туслах хэрэгтэй гэсэн байна. Мөн харилцаа ийм түвшинд хүрсэн нь улс төрийн итгэлцэл, стратегийн хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж чадсантай холбоотой гэдгийг онцолжээ.
Ши Жиньпин олон улсад үүсээд буй нөхцөл байдлыг нарийн төвөгтэй, тогтворгүй хэмээн тодорхойлж, нэг талыг барьсан үзэл газар авч буйг анхааруулсан байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болон дэлхийн чухал гүрнүүдийн хувьд БНХАУ, ОХУ нь урт хугацааны стратегийн үзэл баримтлалыг дагаж, илүү шударга олон улсын тогтолцоог бий болгохын тулд хамтран ажиллах ёстой гэж тэр хэлсэн юм.
Харин Путин үг хэлэхдээ Ши Жиньпинийг дотнын найз хэмээн дуудаж, ОХУ-БНХАУ-ын харилцаа урьд өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрсэн гэсэн байна. Ойрх Дорнодын хямрал үргэлжилж байгаа энэ үед ОХУ найдвартай эрчим хүч нийлүүлэгч хэвээр байна гэж Путин хэлжээ. Мөн ирэх жил Ши Жиньпинийг ОХУ-д айлчлахыг Путин урьсан байна. Сүүлийн 25 жилийн хугацаанд БНХАУ-ОХУ-ын худалдаа 30 дахин өссөн гэдгийг онцлоод, хоёр улсын харилцаа олон улсад тогтвортой байдалд тусалж байгааг Путин хэлжээ
Путин, Ши Жиньпин нар хувийнхаа баг бүрэлдэхүүнтэй хэлэлцээгээ богино хугацаанд хийж дуусгажээ. Одоо хоёр улсын төлөөлөл илүү өргөн хүрээний хэлэлцээ хийх юм. Үүний хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар ярилцана.

НЭМЭЛТ: 2026.05.20, 11:41 минут
Путин, Ши Жиньпин нар Ардын их хурлын танхим руу орлоо
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Тяньаньмэний талбай дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хүлээн авлаа. Путинийг хүлээн авч хүндэт харуулууд жагсан, ОХУ-ын төрийн дууллыг тогложээ. Хоёр улсын удирдагч ёслолын дараа Ардын их хурлын танхим руу шууд орсон байна. Ши Жиньпин бусад удирдагчдыг угтан авахдаа танхим руу орон шатан дээр хэсэг хугацаанд зогсдог. Гэвч энэ удаад хоёр улсын удирдагч шууд Ардын хурлын танхим руу оржээ. Одоо тэд хаалттай хэлэлцүүлэг явуулж байгаа юм.
ЭХЛЭЛ: 2026.05.20, 10:45 минут
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д төрийн айлчлал хийхээр мягмар гарагийн орой /2026.05.19/ Бээжинд газардсан. Тэрбээр өнөөдөр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзаж хоёр орны болон олон улсын асуудлаар хэлэлцэх төлөвтэй байна.
Түүнийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И угтан авч, нисэхийн зурвас дээр хоёр улсын тугийг барьсан залуус зогсож байв.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадад айлчилж Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хэлэлцсэнийг дэлхий нийт анхааралтай ажигласан. Путин, Ши Жиньпин нарын уулзалтаас гарах үр дүнг олон улс мөн сайтар ажиглаж, Трампын айлчлал ямар үр дүнд хүрсэнтэй харьцуулах болно.
2024 оны тавдугаар сард Путин БНХАУ-д айлчлах үед хоёр улсын удирдагч Жуннаньхай цогцолборт цай ууж хэлэлцсэн юм. Харин Трамп өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпинтэй тус цогцолборын цэцэрлэгт хүрээлэнгээр алхсан нь илүү тавилттай, зохиомол мэт санагдсан гэж шинжээчид үзэж буй.
Австралийн Үндэсний их сургуулийн Номхон далайн хэргийн тэнхимийн ахлах судлаач Грэм Смит “Бээжин дэлхийн анхаарлын төвд байх дуртай. Энэ айлчлалыг мөн дотооддоо ч анхаарал татах хэрэгсэл болгон ашиглана” гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Нэг талаараа Ши Жиньпин Путин, Трамп нарын тогтворгүй сэтгэл хөдлөлөөс ашиг хүртэж байна” гэсэн юм.

Улс төр, зэвсэгт хүчин болон эдийн засгийн хувьд эрс зөрчилтэй хоёр гүрний удирдагч дараалан айлчлал хийж буй нь БНХАУ-ын дэлхийд эзлэх байр суурийг хүлээн зөвшөөрч буй явдал гэж Хятадын төрийн өмчит телевиз мэдээлжээ.
Бие биеэ дотны найз хэмээн дууддаг хоёр улсын удирдагч 2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхлэхээс гурван долоо хоногийн өмнө хязгааргүй түншлэлийн харилцаа үүсгэж буйгаа мэдэгдсэн билээ. Дайн эхэлснээс хойш хоёр улсын эдийн засгийн харилцаа улам гүнзгийрсэн.
Өнгөрсөн жил БНХАУ, ОХУ-ын худалдаа буурсан бол одоо буцаж сэргээд байгаа юм. 2025 онд хоёр улсын худалдаа 240 тэрбум ам.доллар байжээ. Энэ нь 2024 оноос 6.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар тэдний худалдаа 16.1 хувиар өсжээ.
2025 онд худалдаа буурсан чиг хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэж Путин хэлсэн байна. Дайны улмаас барууны орнуудтай худалдааны харилцаа нь бараг тасарсан тул БНХАУ бол ОХУ-ын эдийн засгийн хувьд амин чухал ач холбогдолтой юм. Путинийг дагалдан сайд нар, төрийн өмчит компаниуд болон томоохон банкнуудын захирлууд яваа.
Кремль мэдэгдсэнээр энэхүү айлчлалаар 40 баримт бичигт гарын үсэг зурж, 47 хуудас бүхий хамтарсан мэдэгдэл гаргах төлөвтэй байна. Мөн Путин, Ши Жиньпин нар дэлхийд олон туйлт дэг журам болон шинэ төрлийн олон улсын харилцаа тогтоох талаар хамтарсан тунхаглал гаргах аж. Кремль энэ удаагийн айлчлалд томоохон хүлээлт тавиад байгаа гэдгээ мөн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters, BBC















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харьцуулшгүй. Аль хэдий нь хоцорслн. Явангуут нь гэнэт айлчлал зарлаж хүүхэд шиг аашилж шараа боллоо. Нэгнийр нь айлчлал олон удаа яригдаж байж бөөн хөл болж хийгдэж байна. Нөгөө нь жоохон хүүхэд шиг үнэ хүндгүй ороод гарна гэж.
Оорк үхэр ээ, дээд хэмжээний айлчлал урьдаас төлөвлөгдсөн, асар их бэлтгэл ажил хийгдсэн байдым
Үхтүгэй