Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нойтон цасны аюулт үзэгдэл болж байна
2026 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагийн байдлаар баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны аюулт үзэгдэл ажиглагдаж байгаа талаар цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Нойтон цас гэдэг нь агаарын температур 0-аас бага зэрэг дулаан байх үед цас, бороо холилдон хайлмагтаж орох үзэгдэл юм.
Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Баянхонгор, Завхан, Увсын зарим нутгаар цас орж байгаа бол Баян-Өлгийд цасаар шуурч байгаа юм байна. Зарим нутгуудад өчигдөр өдрөөс эхлэн цас орсон юм. Харин Хэнтий, Хөвсгөлийн нутгаар аадар бороо, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Увс, Хөвсгөлийн зарим нутгаар бороо орж байна.
Мөн Увс аймгийн Тошилт, Зостын хөтөл орчмоор их хэмжээний цас орж, зам даваа гүвээ халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдсан талаар Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга У.Батжаргал мэдээллээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн
- Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах Өвлийн улирлын зориулалтын дугуй, техникийн бүрэн бүтэн байдлаа хангах
- Гүйцэж түрүүлэх болон эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх
- Цаг агаар, замын нөхцөл байдлын мэдээллийг тогтмол авах
- Онцын шаардлагагүй тохиолдолд тухайн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Х.ХУЛАН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.