Израил парламентаа тараахаар шийдэж, ээлжит сонгуулийг бага зэрэг эрт явуулах боломж үүсжээ
Израилын хууль тогтоогчид лхагва гарагт /2026.05.20/ парламентаа тараах хуулийн төслийг баталсан байна. Ингэснээр парламентын ээлжит сонгуулийг бага зэрэг эрт явуулах боломж үүсэж байгаа юм. Одоогийн байдлаар сонгууль явуулах огноо хараахан гараагүй. Израил дөрвөн жил тутам парламентын сонгууль явуулдаг. Хамгийн сүүлийн сонгууль 2022 оны арваннэгдүгээр сард явагдсан учир дараагийн ээлжит сонгууль энэ жилийн аравдугаар сарын 27-ны дотор болох ёстой.
Парламентыг тараахаар шийдсэн тул хууль тогтоогчид одоо сонгуулийн огноог товлох шаардлагатай юм. Израилын улс төрийн тоймчид есдүгээр сарын эхээр сонгууль болох магадлалтай гэж үзэж байна. Хууль тогтоогчид парламентыг тараахаар дэмжсэн нь Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн холбоотон байсан хэт Ортодокс шашны урсгалтай парламентын бүлэгтэй холбоотой юм. Нетаньяхугийн засгийн газар хэт Ортодокс шашинтай хүмүүсийг цэргийн албанаас чөлөөлнө гэсэн амлалтаа биелүүлээгүй тул итгэл хүлээлгэж чадахгүй гэж тус бүлэг үзжээ. Үүний зэрэгцээ сөрөг хүчний намууд удаан хугацааны турш Нетаньяхугийн засгийн газрыг унагаах эрмэлзэлтэй явж ирсэн учир парламент тарах болсон байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.