УЛС ТӨР

ТОЙМ: Гишүүд нь “түгжилдсэн ч”, эцсээ хүртэл цээжээрээ хамгаалаад “бараагүй” ХОЁР

-КИНО 1: ГИШҮҮД “ТҮГЖИЛДЭЖ”, Н.НОМТОЙБАЯР ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР “СААРАЛ ОРДОН”-ООС ЯВАХААР БОЛОВ-

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал сунжирсаар шийдэгдэхийн даваан дээр бөөн “маапаан” дагуулсан нь өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдал байлаа.

Пүрэв гарагийн /2020.01.30/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг хаалттайгаар хэлэлцсэн. Нууц байдлаар цаасаар санал хураалт явуулахад УИХ-ын 30 гишүүн “түдгэлзүүлэх” санал, 28 нь “авч үлдэх” санал гаргасан байдаг. Үүний дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг батлах санал хураалт явуултал олонхын дэмжлэг авч чадаагүй. Өөрөөр хэлбэл МАН-ын гишүүд далдуураа “түгжилдэж”, илээр “пялдагадаж” жинхэнэ хоёр нүүр гаргасан юм. Эл үйл явдлаараа МАН-ынхан “бэртэгчид”, Б.Нямтайшираас “айгчид” болохоо  жинхэнэ утгаар нь харуулсан гэж дүгнэгдсэн.

Улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тогтоол албажихаас урьтаж Н.Номтойбаяр хурлын завсарлагаан дундуур гарч саарал ордноос өөрийн хүсэлтээр явах өргөдлөө өгсөн юм.

Н.Номтойбаярыг тойрсон “кино”-ны нэгдүгээр анги ийн өрнөсөн.

-КИНО 2: Ц.НЯМДОРЖ, М.ЭНХБОЛД ХОЁР ЭЦСЭЭ ХҮРТЭЛ Н.НОМТОЙБАЯРЫГ ХАМГААЛААД “БАРСАНГҮЙ”-

Харин киноны хоёрдугаар ангийн өрнөл хэсэгт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн М.Энхболд нар тоглосон юм.

Н.Номтойбаярыг бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дараа байнгын хороо, чуулганаар дахин хэлэлцэх шаардлага үүссэн. Байнгын хороо тавхан минутын дотор хүсэлтийг нь хүлээн авч чөлөөлсөн. Харин чуулган тухайн өдрийн нилээн орой хуралдсан.

Улмаар Ц.Нямдорж: Та нар Н.Номтойбаярыг янаглан хорлож байна гээд эцсээ хүртэл өмөөрч чуулганыг орхин гарсан юм. Ийм бойкот хийх нь түүний эцсийн арга байсан бололтой. Харин М.Энхболд Н.Номтойбаярын бүиэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэж кноп дарсан хүний нэг байсан юм. Тэр чимээгүйгээр эцсийн аргаа хэрэглэсэн ч авч үлдэж чадаагүй.

-КИНО З: Х.НЯМБААТАР ГИШҮҮНИЙГ АСУУЛТАА МАРТТАЛ ХЭРЭЛДЭЖ, БУЛХАЙГАА ДЭЛГЭЛЦСЭН ХОЁР-

Киноны гуравдугаар ангийг харин С.Эрдэнэ, С.Бямбацогт нар үргэлжлүүлэв. Н.Номтойбаярын асуудал хэлэлцэхийн өмнө С.Эрдэнэ, С.Бямбацогт нар би биенийгээ хулгайч, ждүчин, концессчин зэргээр дуудалцсан юм.

Сонгуулийн мандатыг хуваарилахдаа нийслэлээс дөрвийг нь хассанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ эгдүүцсэнээр С.Бямбацогт тэр хоёрын дунд ширүүн маргаан үүссэн. Тэд хот, хөдөөгийнхөөрөө дуудалцахаас эхлээд нэгнийгээ хулгайчаар нь хүртэл цоллож амжсан бөгөөд УИХ-ын дарга микрофоныг нь хаасан ч үргэлжлүүлэн хэрэлдэж, улам ширүүссэн нь тэдний араас асуулт асуух байсан Х.Нямбаатар асуултаа мартсан юм.

Улмаар УИХ-ын даргаа би асуух асуултаа мартчихлаа гэсэн билээ.

-ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ, ДЭД САЙД АСАН Ж.АМАРСАНААГ “ДААПААЛАВ”-

Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа  урд хөршийн Ухань хот руу сайн дурын эмчээр явах гэж байгаагаа зарлаж, “2020 оны хоёрдугаар сарын 02-нд шинэ коронавирусын голомт руу явахаар төлөвлөөд байгаа.

Гэтэл өчигдрийн /2020.01.31/ чуулганы хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэд сайд асан Ж.Амарсанааг олны нүдэн дээр даапаалсан. Тэрээр, Муу эр дайнд хөөрнө гэгчээр балай юм яриад байх хэрэггүй. Тэр хүн Хятад улс руу очъё гээд тэр улс хүлээж авахгүй. Ийм зүйлийг дэвэргэвэл эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний асуудал үүснэ. Улс төрөө өөр сэдвээр хий. Энэ бол улс төржих сэдэв биш гэсэн юм.

-ЭЛЧИН САЙДУУД ЭХНЭЭСЭЭ “ОНИГОО”-НД ОРЖ, ЕРӨНХИЙЛӨГЧ ИЧСЭНДЭЭ ТОМИЛГООГ НЬ ЗӨВШИЛЦӨХ САНАЛАА ТАТАВ УУ-

Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар 11 улсад суух Элчин сайдын томилгоог хэлэлцэн дэмжсэн билээ. Уг асуудал Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэнээр Ерөнхийлөгчид хүргэгдсэн. Харин Ерөнхийлөгч 11 Элчин сайдын томилгоог зөвшилцөх саналаа өнөрөгч долоо хоногт татаад байна.

Учир нь элчин сайдуудын нэг нь хэлний асуудлаараа онигоонд орж, нэгнийх нь тэтгэвэрт гарах нас болж, нэгнийх нь мэргэжил хүрэхгүй байх шалтгаанд ороогдсонтой холбоотой гэж харагдаж байгаа юм.

МАН-ынхан БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох Ц.Өнөрзаяа, БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох Ч.Бүрэнбаяр нарыг дэмжээгүй билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button