Улс төрийн мэдээ

ХХОАТ-ыг нэг хувь болгох хууль гурван Ерөнхий сайд дамжсан ч МАН-ын бүлэг дэмжихгүй, гүрийнэ

НӨАТ-ын тухай хуулиар иргэд 5 хувийг буцаан авдаг болох өөрчлөлтийг 2025 онд оруулж, улмаар энэ оны 10-р сарын 1-ний өдрөөс хэрэгжихээр байсан.

Гэсэн ч Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь байсныг хуучнаар нь хоёр хувь хэвээр үлдээж өргөн барьсан. Хэрвээ иргэд НӨАТ-ын буцаалтыг 5 хувиар авч эхэлбэл төсөвт 1.6 их наядын дарамт үүснэ хэмээн үзэж өөрчлөөгүй.

2025 оны 5-р сард иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний цалин, орлогоосоо төлдөг ашгийн татварыг 10 хувиас бууруулж 1 хувь болгох саналыг цахим өргөдлийн системд байршуулсан бөгөөд ердөө долоо хоногийн дотор 100 мянган хүн дэмжиж гарын үсэг зурсан. Иймд УИХ дахь АН-ын бүлгээс Ж.Баярмаа нарын 32 гишүүн уг саналаар хуулийн төсөл боловруулан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн ч хэлэлцүүлж амжилгүй тэр үүрэгт ажлаа өгсөн. Дараа нь Г.Занданшатарыг Ерөнхий сайд болох үед мөн чуулганы босго даваагүй.

Ийн Н.Учралын Засгийн газрын үед Ж.Баярмаа нарын гишүүд дахин өргөж барьж, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийг хэлэлцэх эсэхээр санал хураахад байнгын хороон дахь МАН-ын гишүүдийн олонх буюу МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалаас авхуулаад 9 гишүүн дэмжилгүй унгасан. АН-ын бүлгийн гишүүдээс горимын санал гаргаж, улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Гэвч МАН-ын бүлэг уг хуулийг батлуулахгүй дээр нэгэнт тогтжээ.

Ингэснээр Н.Учралын Засгийн газар 100 хоног дотроо олон нийт рүү чиглэсэн ганц өгөөжтэй хууль санаачлаагүй нэр зүүхээр болсон тул түүний тэргүүлж буй Засгийн газрын нас богиносох эрсдэлтэй шууд нүүр тулна гэсэн үг. Иймээс Н.Учрал намын бүлэг дээрээ уг асуудлыг дахин авч хэлэлцэх тухай санал болгож, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ХХОАТ-ыг нэг хувь болгох агуулгыг багтаахыг хүссэн ч төсөвт 5.4 их наядын ачаалал ирнэ гэснээр намын бүлэг дээр дэмжээгүйгээр зогсохгүй, өчигдөр 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслээд батлачихсан.

Олон нийтийн зүгээс хамгийн хүлээлт өндөр уг хуулийн төсөл гурван Засгийн газар, гурван Ерөнхий сайдын өмнө ирээд ийн унавал гал нь Н.Учрал дээр ирнэ.

Тийм ч болохоор намын бүлгээрээ дэмжүүлэх гэж оролдоод амжилт олсонгүй. Өөрөөр хэлбэл түүний энэ саналыг бүлэг дэмжилгүй хөсөр хаяснаар түүнийг Ерөнхий сайдын статусынх нь хувьд буланд шахаж, эвгүй нөхцөлд оруулав.

Эндээс иргэдэд татварын хөнгөлөлт, буцаалт МАН-ын үед лав ирэхгүй нь гэдгийг бэлхнээ харж болохоор байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

АН маш их оноо авах тул МАН бүлгээрээ эсэргүүцэх үүрэг авч ажил эрхэлж бгаа бүгдэд амин чухал энэ хууль батлагдахгүй бх магадлалтай болсон !

Холбоотой мэдээ

Back to top button