Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Судалгаа: Зөгийнүүд багаж ашиглан асуудал шийдэж чаддаг

Зөгий асуудал шийдвэрлэхийн тулд багаж хэрэгсэл ашиглаж чаддаг байж магадгүйг шинэ туршилтууд харуулж байна.

Судлаачид 100 жилийн өмнө шимпазенууд өндөрт байгаа гадил руу хүрэхийн тулд хайрцаг давхарлан өрж авч чаддаг болохыг харуулсан туршилт хийж байсан юм. Түүнээс хойш өөр төрлийн сармагчин, заан, хэрээнүүд зэрэг цөөн тооны амьтдын бүлэг хүрээлэн буй орчны ойлголт, асуудал шийдвэрлэх чадвартай болох нь тогтоогдсон. Тэгвэл Финландын Оулу их сургуулийн эрдэмтэд үүнтэй төстэй туршилтыг зөгийнүүд дээр хийжээ.

Тус судалгаагаар зөгийнүүд жижиг бөмбөлгийг тодорхой байрлал руу өнхрүүлж аваачаад түүн дээр авирснаар дээр байрлуулсан хиймэл цэцэгт хүрч чадсан байна. Энэ туршилт нь шавжууд зөвхөн төрөлхийн зөн совин болон тодорхой утга учиргүй туршилт-алдааны аргаар ажилладаг гэсэн олон жилийн ойлголтыг сорьж байгааг эрдэмтэд онцлов.

Оулу их сургуулийн зан үйлийн экологич, судалгааны ахлах зохиогч доктор Олли Лоукола “Ихэнх хүмүүс шавжийг ердөө л рефлексээр ажилладаг машин гэж боддог” гэж хэлжээ. Тэр нэмж хэлэхдээ “Шавжнуудад ямар ч сэтгэл хөдлөл байхгүй, өвдөлт мэдэрдэггүй гэж үздэг. Зарим хүн бүр шавж тархитай гэдгийг ч мэддэггүй. Энэ үр дүн хүмүүсийн үзэл бодлыг өөрчилнө гэж найдаж байна” хэмээсэн юм.

Судлаачид хэдхэн долоо хоногийн настай байсан зөгийнүүдийг эхлээд хөх өнгийн хиймэл цэцгээс чихэртэй ус гардаг хэмээн ойлгуулж сургажээ. Туршилтын үеэр уг цэцгийг тунгалаг хайрцагт байрлуулсан байна. Цэцгийн байрлал зөгийнүүд хүрэхэд хэт өндөр байсан ч хайрцгийн хэмжээ нисэх хэмжээний хангалттай зайгүй байсан юм. Эрдэмтэд мөн хайрцагт жижиг бөмбөлөг оруулжээ. Цэцэгт хүрэхийн тулд зөгий бөмбөлгийг цэцгийн яг доор өнхрүүлэн аваачиж, дараа нь дээр нь авирах шаардлагатай юм. Эрдэмтэд өмнө нь зөгийнүүдэд ийм үйлдэл хийхийг сургаж байгаагүй аж.

Зургийн эх сурвалж: Honey bee Suite

Туршилтын хамгийн энгийн хувилбарт зөгийнүүдийн 75 хувь нь цэцэгт амжилттай хүрч чаджээ. Экологич Олли “Энэ бол үндсэндээ ‘хайрцаг ба гадил’-ын сонгодог туршилтын шавж дээрх хувилбар юм” гэж хэлсэн байна. Тэрбээр нэмж “Туршилтад орж буй амьтан ямар нэг объектыг өөр байрлалд шилжүүлээд дараа нь хүрэх боломжгүй байсан зорилгодоо хүрэх хэрэгсэл болгон ашиглаж болохыг ойлгох ёстой. Асуудал шийдвэрлэх чадварыг шавж дээр анх удаа харуулж байгаа гэдгээрээ энэ туршилт онцлог” хэмээжээ.

Гэхдээ зөгийнүүд үнэхээр асуудлыг шийдэж байсан уу гэх асуулт эрдэмтдэд үлдсэн байна. Зөгийнүүд зүгээр л бөмбөлөг өнхрүүлэх мэдрэмжид дуртай учир  өнхрүүлж байхдаа хөх өнгийн цэцэг рүү татагдаж санамсаргүйгээр бөмбөлгийг зөв газарт байрлуулсан байж болох юм.

Үүнийг шалгахын тулд эрдэмтэд зөгийнүүдийг улам бүр төвөгтэй сорилтуудад оруулжээ. Эцсийн туршилтад зөгийнүүдийг хоёр тасалгаатай хайрцагт оруулж, тасалгаануудыг судлах боломж олгосон байна. Хоёр тасалгааны зөвхөн нэгэнд нь хиймэл цэцгийг байрлуулжээ. Үүний дараа судлаачид тасалгааг улаан гэрлээр гэрэлтүүлж, зөгийнүүд хөх цэцгийг харах боломжгүй болгоод дараа нь бөмбөлгийг оруулсан байна. Энэ даалгаврыг биелүүлэхийн тулд зөгийнүүд цэцгийн байршлыг санаж, бөмбөлгийг яг доор нь байрлуулах шаардлагатай юм. Туршилтыг ийнхүү өөрчилж явуулахад 30 зөгийнөөс 23 нь амжилттай гүйцэтгэжээ.

Олли “Зөгийнүүд хүн шиг сэтгэдэг гэж хэлэх гэсэн юм байхгүй. Гэхдээ бидний илрүүлсэн үр дүн өчүүхэн хэмжээтэй тархитай амьтад хүртэл шинэ асуудлуудад уян хатан шийдэл олж чаддаг болохыг харуулж байна” гэсэн юм.

Энэхүү судалгаанд оролцоогүй зан үйлийн экологич, профессор Ларс Читтка “Лабораторид зөгийнүүд тоолох, объектуудыг чадварлагаар удирдах зэрэг олон гайхамшигтай зүйл хийж байгааг бид харсан. Зөгийнүүд намайг үргэлж гайхшируулдаг. Энэ туршилт тухайн нөхцөл байдалд юу чухал байгааг тодорхой хэмжээнд ойлгож буйг харуулсан хамгийн тод нотолгоо юм” гэжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Ухаалаг зан үйлд гаргахын тулд том хэмжээтэй тархи хэрэгтэй гэсэн ерөнхий ойлголт байдаг. Учир нь бид өөрсдөө том тархитай бөгөөд амьтдын дундаас харьцангуй өндөр оюун ухаантайд тооцогддог. Харин зөгийнүүд бол маш жижиг мэдрэлийн тогтолцоонд хэр их оюун ухаан багтаж болдгийн том жишээ юм. Энэ туршилт бид бусад амьд биетүүдийг ч мөн хүндэтгэх ёстойг сануулж байгаа хэрэг” хэмээсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жаахан зөгий ийм ухаантай гэж бодсонгүй гайхалтай юм

Зочин
Зочин

Байгаль дээрх амьтад бидний боддогоос хавьгүй сонирхолтой байдаг юм байна

Зочин
Зочин

Зөгийг зүгээр л зөн совингоор амьдардаг гэж ойлгодог байлаа

Зочин
Зочин

Ийм судалгаанууд их сонирхол татдаг шүү

Зочин
Зочин

Жижиг тархитай гээд ухаангүй гэсэн үг биш гэдгийг харуулжээ

Зочин
Зочин

Зөгийнүүдийг улам их хүндлэх хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

Байгаль дэлхий ямар гайхамшигтайг дахин харууллаа

Зочин
Зочин

Хүн төрөлхтөн амьтдыг дутуу үнэлдэг талтай шүү

Зочин
Зочин

30-аас 23 нь амжилттай хийсэн гэдэг их өндөр үзүүлэлт байна

Зочин
Зочин

Зөгийнүүдгүйгээр экосистем ямар байхыг төсөөлөхөд ч хэцүү

Зочин
Зочин

Ийм мэдээ уншихаар шинжлэх ухаан ямар сонирхолтой вэ гэж бодогддог

Зочин
Зочин

Өмнө нь хэрээ л багаж ашигладаг гэж мэддэг байлаа

Зочин
Зочин

Амьтан бүр өөрийн гэсэн онцгой чадвартай байдаг юм байна

Зочин
Зочин

Зөгийнүүдийг хамгаалах шалтгаан улам нэмэгдэж байна даа

Зочин
Зочин

Ийм жижиг амьтан асуудал шийдэж чадна гэдэг үнэхээр сонин

Холбоотой мэдээ

Back to top button