ДЭЛХИЙ

АНУ-ын зуучилсан гал зогсоох хэлэлцээрээс хэдхэн хоногийн дараа Израил Бейрутын захын бүсэд цохилт өглөө

Израил улс өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зуучилсны дагуу байгуулсан гал зогсоох хэлэлцээрээс хойш анх удаа Ливаны нийслэл Бейрут хотын өмнөд хэсэгт цохилт өглөө.

Ираны дэмжлэгтэй “Хезболла” бүлэглэлийн түшиц газар гэж тооцогддог бүс дэх хоёр орон сууцны барилгад өгсөн хоёр удаагийн агаарын цохилтын улмаас хоёр хүн амь үрэгдэж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг оролцуулаад дор хаяж 20 хүн шархадсан гэж Ливаны Эрүүл мэндийн яам мэдэгдэв.

Ерөнхий сайд Нетаньяху “Хезболла Израилийн нутаг дэвсгэр рүү гал нээсний хариуд Израил Бейрутын Дахи дүүрэг дэх террористуудын төв байранд цохилт өгсөн” гэж мэдэгдэв. АНУ-ын зүгээс Бейрут дахь цохилтууд нь өргөн хүрээний энхийн хэлэлцээрийг эрсдэлд оруулж болзошгүй гэж болгоомжилсны улмаас Израил нийслэл хот руу хийх довтолгоогоо тодорхой хэмжээнд хязгаарлаж байсан. Гэвч ням гарагийн орой Иран Израил руу пуужин харвасан бөгөөд энэ нь Израилын өмнөд Ливан болон Бейрутын захын бүсүүдэд явуулж буй довтолгоо нэмэгдсэний хариу арга хэмжээ байсан гэж мэдэгдсэн.

Ням гарагийн цохилтын улмаас орон сууцны нэг барилгын доод давхрууд нурж, бетон хэлтэрхий гудамжаар нэг тарсан байна. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэгүүдэд харагдаж буйгаар оршин суугчид шархадсан хүмүүст туслахаар хэргийн газар руу яаран очиж байгаа нь харагджээ. Ливаны эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр шархадсан хүмүүсийн дунд дөрвөн эмэгтэй, дөрвөн хүүхэд байсан гэв.

Израилийн армийн араб хэлээр мэдээлэл түгээдэг хэвлэлийн төлөөлөгч X платформ дээр нийтэлсэн мэдэгдэлдээ “Хезболлагийн террорист дэд бүтцийг онилж байна" гэж дурдсан бөгөөд цаашид нэмэлт цохилтууд үргэлжлэхийг сануулжээ. Тэрбээр “Үргэлжлэл бий” гэж бичсэн байв. Израилийн цэргийнхэн Ливаны талаас Израилийн нутаг дэвсгэр рүү нэвтэрсэн хоёр сум, пуужинг агаарт устгасан гэж мэдэгдэв.

Ням гарагийн орой гаргасан мэдэгдэлдээ “Хезболла” бүлэглэл Йфтах цэргийн бааз дахь Израилын их бууны байрлал болон Аль-Марж цөөрмийн ойролцоох цэргүүд рүү пуужин харвасан гэж мэдэгдсэн байна.“Хезболла”-гийн мэдэгдсэнээр эдгээр цохилтууд нь Израил гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж, өмнөд Ливаны тосгод руу халдсаны хариу арга хэмжээ гэсэн юм.

Ираны парламентын Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын хорооны хэвлэлийн төлөөлөгч Эбрахим Резаи Израилийн Бейрут руу хийсэн довтолгоонд хариу арга хэмжээ авна гэж амлав.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: ВВС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button