Н.Учралын ЗГ байгуулагдсанаас хойших 70 хоногт инфляц 3.8 хувиар өсөж, 2 оронтой тоонд хадгалагдлаа
Инфляцын түвшин 2025 оны V сард 8.3 хувь байсан бол энэ оны тавдугаар сард 11.2 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 2.9 нэгж хувиар өсөв. Улсын хэмжээнд хэрэглээний үнийн индекс хоёр дахь сардаа дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, өмнөх сараас эрс нэмэгдэв.
Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдоод 72, Засгийн газар нь бүрэлдээд 68 хоног өнгөрч байна. Яг эл өдрүүдэд инфляц 3.8 хувиар өсөж, хоёр дахь сардаа хоёр оронтой тоонд хадгалагдаад байна.
Инфляцын түвшин
- Гуравдугаар сард 7.4
- Дөрөвдүгээр сард 10.1
- Тавдугаар сард 11.2 хувьтай гарав.

Инфляц ийм дүнтэй гарч байгаагийн 57.3 хувь буюу 6.4 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгээс шалтгаалсан гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Мөн 7.8 хувь буюу 0.9 нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлэг, 0.9 нэгж хувь нь тээврийн бүлэг, 0.8 нэгж хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалжээ. Түүнчлэн мах, махан бүтээгдэхүүний үнийн индексийн өөрчлөлтийн талаар ҮСХ-ноос "2026 оны тавдугаар сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 46.7 хувиар өссөн. Үүнд үхрийн махны үнэ 54.6 хувиар, хонь, ямааны махны үнэ 53.4 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөллөө" хэмээсэн юм.
Ер махны үнээ дийлэхээ больчихсон гэсэн үг. Хот дахь махны хамгийн хямд цэг буюу "Хүчит шонхор" худалдааны төвд үхрийн цул мах 33-39, хонины ястай мах 25-27 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Иргэд "Удахгүй махны үнэ буурчих байлгүй хэмээн 2-3 өдрийнхөө махыг авлаа, үхрийн махны үнийг айгаад асуусангүй. Хонины мах л авсан" гээд алхаж явна. Гэтэл Ерөнхий сайд нь нөөцийн махны хомсдол, махны үнийн өсөлтийн гол буруутнаар Хотын дарга асан Х.Нямбаатарыг нэрлэж, суудлаас нь хөөчихсөн. Дараа нь "Махны үнийг тогтворжуулна" гэж мэдэгдсэн. Мөн "будаг нь ханхалсан" Хотын дарга Б.Пүрэвдагва Н.Учралтайгаа адил махны үнийг буулгана гэж хэлсэн даруй хагас сарын хугацаа өнгөрөхөд улам өссөөр байна. Иргэдийн гол нэрийн барааны сагсан дахь хамгийн тансаг хэрэглээ мах болчихлоо, Ерөнхий сайд аа.
Сөрөг хүчний намын зүгээс "Энэ Засгийн газар юу ч хийхгүй нь тодорхой боллоо. Эдийн засгийн үзүүлэлт, татвар, иргэдийн амьдрал дээрдэхгүй нь. Та нарт ямар төсөл, төлөвлөгөө танилцуулсан бэ. Та нар байтугай бид нар анзаарсангүй. Тэгэхээр ирэх хоёр жил Монголд ямар нэгэн өсөлт хөгжил, хийх ажил байхгүй нь гэдэг тодорхой болов. Иймд огцруулах акц өрнүүлж байна" хэмээсэн. Өдгөө О.Цогтгэрэлийн албан бланк дээрх гарын үсэг 20 хол давчхаад байна.
Үндсэн хуулийн 43.1-т "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" хэмээн заасан байдаг.
Нэг үгээр хэлбэл, 126 гишүүнтэй парламентын дөрөвний нэгээс доошгүй нь буюу 32 гишүүний гарын үсэг цуглаж, огцруулах саналаа албан ёсоор тавивал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногт шийднэ. Дийлэнх нь дэмжвэл огцруулах тогтоол баталсанд тооцогдоно.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.