ХЭҮК: Албан тушаалтны зураг ашигласан нь хүний эрхийн зөрчил гэж үзсэн С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулсан

“Цемент шохой” компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын дарга Н.Ганхуяг нь миний зургийг зөвшөөрөлгүй олон нийтэд нийтлэн тараасан гэх асуудлаар Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргаж хэвлэлийн байгууллагыг 20 сая төгрөгөөр торгосон нь олон нийтэд ил болсон. Уг гомдлыг хууль, журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан эсэхэд ХЭҮК-оос дотоод хяналт, шалгалт хийсэн бөгөөд гаргасан дүгнэлтийг мэдээлж байна.
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа "Н.Ганхуягийн гомдлын дагуу ХҮЭК-ийн Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг шалгалт хийсэн. “Н.Ганхуягийн зураг нь хүний биометрик мэдээлэл болох тул” гэж албан бичигтээ тодорхойлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг нь ХЭҮК-ын гишүүн Нарантуяагаас гомдлыг хүний эрхийн зөрчил, хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зөрчил эсэхэд дүн шинжилгээ хийж, танилцуулга хийх чиглэлийг энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр өгсөн. Энэ чиглэлийн дагуу гомдол шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулсан явц болон өгсөн чиглэл удирдамжийг зөрчин гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн нь хууль журмын заалтыг ноцтой зөрчсөн байна. Н.Ганхуягаас ирүүлсэн гомдлын мөрөөр холбогдох баримт мэдээллийг тал бүрээс нь бүрэн дүүрэн нягтлан хянаагүй.
Н.Ганхуяг гомдолдоо "Миний бие “Цемент шохой” ТӨХК-ийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын даргаар ажилладаг" гэж тодорхой бичсэн. Түүний албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4.1.3-д заасан нийтийн албан тушаалд хамаардаг.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулах саналыг ирүүлсэн. Хууль журамд заасны дагуу С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулахаар сонсох ажиллагаа явуулж байна
Н.Ганхуягийн ирүүлсэн гомдлын мөрөөр холбогдох баримт мэдээллийг тал бүрээс нь нягтлаагүй байна. Н.Ганхуяга гомдолдоо "Миний бие “Цемент шохой” компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын даргаар ажилладаг" гэж тодорхой бичиж өгсөн. Түүний эрхлэж буй албан тушаал нь нийтийн албан тушаалтан байсан учраас "Хүний гэрэл зураг нь биометрик мэдээлэл болохгүй" гэж үзсэн. Улмаар ХЭҮК-ийн Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулж, сонсох үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл хэлтсийн дарга С.Ганзоригийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах мэдээллийг өгсөн. Тухайн албан хаагчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж байна. Үүний дараа шийдвэрийг өөрт нь танилцуулж, холбогдох баримтуудад үндэслэн шийдвэр гаргана” гэв.
Х.ХУЛАН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.