Улс төрийн мэдээ

2 сая хүртэлх цалингаас ХХОАТ-ын 1 хувь, түүнээс дээш бол бууруулахгүй гэх МАН-ын тулгалт

Иргэд, олон нийтийн санал дэмжлэгийг хүртсэн ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгон бууруулах хуулийг Ж.Баярмаа нарын УИХ-ын 32 гишүүн өргөн барьсан билээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт уг хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж болох ч өндөр цалин орлоготой иргэдээс ХХОАТ-ыг багаар биш өндрөөр, шатлалтай авах ёстой гэх байр суурийг илэрхийлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өөрийн цахим хуудаст,

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төслийг нэгтгэх, цэгцлэх, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт хууль санаачлагч өөрөө оролцдоггүй. Өөрөөр хэлбэл, төсөл өргөн баригдсаны дараа түүнийг хэрхэн өөрчлөхийг ажлын хэсэг шийддэг.

Ажлын хэсэг хуралдаж, бидний өргөн барьсан төслийг Засгийн газрын төсөлтэй нэгтгэн хэлэлцэхдээ “Цалин хөлсний орлогод ногдох ХХОАТ-ыг бүхэлд нь 1 хувь болгох” саналыг дэмжсэнгүй. Энэ нь тун харамсалтай. Оронд нь зөвхөн 2 сая төгрөг хүртэлх орлогыг 1 хувийн татвартай болгох хувилбарыг дэвшүүлсэн. Энэ ангилалд нийт цалин авч буй иргэдийн 53 хувь буюу бараг 544,183 орчим нь хамрагддаг тул оргүйд орвол гээд саналыг хүлээн авахаас өөр сонголт байсангүй. Мөн нэг эерэг өөрчлөлт нь иргэдийн цалингийн 792,000 төгрөгт төлсөн татварыг дараа нь буцаан олгохын оронд анхнаас нь татвараас чөлөөлж, 0 хувь байхаар тусгасан явдал юм. Дээрх өөрчлөлт батлагдвал 792,000 төгрөг хүртэлх цалингаас 0 хувь, 2 сая хүртлэх цалингаас 1 хувь суутгах болно. 2 сая ба түүнээс дээш цалинтай иргэн бүрийн гар дээр сар бүр 188,000 төгрөг, жилд 2,256,000 төгрөг илүү үлдэнэ. Тухайлбал,

  • 2 сая төгрөгийн цалинтай иргэн татварт одоо төлдөг 10 хувь буюу 200,000 төгрөгийн оронд 12,000 төгрөг л төлнө.
  • 5 сая төгрөгийн цалинтай иргэн 500,000 төгрөгийн оронд 312,000 төгрөг татварт төлнө.

Төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлж, маргааш нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Гишүүд татвар төлөгчдийн эрх ашгийн төлөө дэмжинэ гэж найдаж байна. Энэ нь хэдий бүрэн ялалт огт биш ч татварын ачааллыг бууруулах бодлогын эхний бодит алхам, ахиц гэж бодож байна” хэмээсэн байв.

Өөрөөр хэлбэл МАН-ын зүгээс ХХОАТ-ыг 1 хувь болгож бууруулах сонирхолгүй гэдгээ удаа дараа илэрхийлж буй. Хэрвээ олон нийтийн саналаар дэмжигдэж, өргөн баригдсан энэ хуулийн төслийг МАН олонхиор унагаавал нийгмийн дундаж давхаргыг дэмжихгүй гэдгээ ил тод зарласнаас ялгаагүй юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button