“Гар утсанд нийтийн бие засах газрын суултуураас 18 дахин их нян байдгийг тогтоосон”
Өнөөдрийн /2020.02.03/ Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү гар утасны арчилгаа, ариутгалын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа ариутгал халдваргүйтгэл, дотоод халдварын тасгаас гаргасан мэдээллийг танилцуулъя. Гар утас хүн бүрийн хэрэглээ болсон. Тиймээс гар утасны бохирдлыг тооцоолж үзэх хэрэгтэй. Хүн гараа сайн угаачхаад гар утсаа ариутгалгүй эргээд гар утсандаа хүрч байгаа тохиолдол их учраас дараах товч мэдээллийг өгье.
Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 удаа утсандаа хүрдэг. Утас нь элдэв нянгаар бохирддог гэдгийг АНУ-ын эрдэмтэд тогтоосон. Гар утсанд нийтийн бие засах газруудын суултуураас 18 дахин их нян байдаг гэдгийг тэд мөн судалжээ. Хүн гараа угаадаг ч утасныхаа гадаргыг арчиж цэвэрлэдэггүй. ХӨСҮТ-ийн эмч нарын судалгаагаар утсыг цэвэрлэхийн өмнө ба цэвэрлэсний дараа тусгай орчинд нян бактерийг нь ургуулж хэр их үржиж байгааг үзсэн байна. Утас цэвэрлэхийн өмнө тус тэжээлт орчинд ургуулахад 24 цагийн нянгийн ургалттай байсан бол ариутгаж цэвэрлэсний дараа маш бага нян ургаж байгаа нь ажиглагдсан байна. Үүнд гэдэсний халдварт өвчин үүсгэдэг өвчин үүсгэгч нянгууд ихээр ургасан гэдэг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа гарсан. Иймд та бүхэн гараа угаахаас гадна утсаа ариутгаж цэвэрлэж байх нь зүйтэй.
Цэвэрлэх аргыг мөн танилцуулсан. Нүдний шилний алчуурт утасны дэлгэцээ арчих эсвэл гар халдваргүйжүүлэгч бодисыг зөөлөн даавуу салфетик, хөвөнд шингээн арчиж ариутгаж болно. Гар утасны ариутгагч багаж ч мөн байдаг бөгөөд бусад улс оронд үүнийг хэрэглэдэг” хэмээн ярив.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.