СУРВАЛЖИЛГА: Гэртээ үлдсэн хүүхдүүдийн ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН эхний өдөр

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор Монгол Улсын хэмжээнд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр, их дээд сургууль, коллеж, МСҮТ, ЕБС, цэцэрлэгүүдийг гуравдугаар сарын 02 хүртэл амраах шийдвэр гаргасан. Энэ хугацаанд оюутнуудад цахимаар, сурагчид болон цэцэрлэгийн насныханд теле хичээл заах зохицуулалтыг БСШУСЯ-наас хийгээд буй.
Ингэхдээ улсын өмчийн болон хувийн телевизийн сувгууд нийгмийн хариуцлагын хүрээнд сурагчдын хичээлийг камер, студи, боловсон хүчнээ гарган эвлүүлэн, бэлдэж, үнэ төлбөргүйгээр цацаж өгч байгаа юм.
ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРИЙН ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
Өнөөдөр /2020.02.03/ бол хүүхдүүд гэртээ теле хичээлээ үзэж эхэлж буй эхний өдөр. Эцэг эхчүүд энэ өдөр ажил, хичээлээсээ чөлөө аван хүүхдүүдтэйгээ анхны хичээлийг нь үзэж, танилцаж, тэднийг дадуулах, маргааш ганцаар үлдэхдээ хэрхэн хичээлээ олж үзэхийг нь зааварчилж байна.
Харин аргагүйн эрхэнд харгалзах хүнгүй үлдсэн зарим хүүхдүүд хичээлээ үзэж байгаа эсэх нь эргэлзээтэй.
Эцэг эхчүүдийн хэлж буйгаар теле хичээл маш богино хугацаанд гараад өнгөрч байгаа учир ихэвчлэн ойлгож амжихгүй өнгөрч байгааг онцлон хэлэв. Мөн өмнөх хичээл дээр нь даалгавар өгөөгүй учир тухайн хичээлтэй холбогдолтой хэрэглэгдэхүүнээ бэлдэж амжаагүйгээс хичээлээ дагаж хийж чадахгүй байсаар хугацаа нь дуусаж байна гэв.
Ийм тохиолдолд ухрааж нөхөх үйлчилгээтэй айлууд хичээлээ буцаан үзэж чадаж байгаа бол зарим айл тийм үйлчилгээгүйгээс үүдэн өдөр гарах давталтыг хүлээхээс өөр аргагүйд хүрч байгааг хэлэв.
Энэ мэт теле хичээлийн эхний өдөр эцэг эхчүүд, хүүхдүүдэд олон асуудал тулгарч, тун ч их сандаргажээ. Гэвч аргагүй байдалд орсон энэ цаг үед төр засаг хувийн хэвшил хамтран энэ ажлыг амжилттай зохион байгуулж эхэлсэнд талархах нь зүйн хэрэг билээ.
Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн Т.Хүчээ:
ТЭМДЭГЛЭЖ АВАХ ГЭСЭЭР БАЙТАЛ ДАРААГИЙН ХЭСЭГ РҮҮ НЬ ОРЧХОЖ БАЙНА
“Манайх хоёр хүүхэдтэй. Нэг нь тавдугаар анги, нөгөө нь гуравдугаар ангийн сурагч. Тавдугаар ангийн хичээл Etv сувгаар гарч байгаа бол гуравдугаар ангийн хичээл Эх орон телевизээр гарч байна. Манай хоёрын хувьд цагийн хуваарь нь давхцаж байгаа учир нэгийг нь эхлээд хичээлийг нь хийлгэж дуусгаад, нөгөөгийнх нь хичээлийг ухраах байдлаар үзүүлж байна.
Гэрт хичээл хийхэд хүүхэд төвлөрөхдөө муу байгаа нь анзаарагдлаа. Нөгөөтээгүүр, хичээл нь маш богино хугацаанд гараад өнгөрчхөж байгаа учраас тэмдэглэж авах гэсээр байтал дараагийн хэсэг рүү нь орчхож байна. Тухайлбал, өнөөдрийн математикийн хичээл дээр тоогоо тэмдэглэж авах эсвэл зурах юмнуудаа дагаж зурах гэсээр байтал хичээл нь дуусчихсан. Математикийн хичээл 10 минут, Монгол хэлний хичээл 15 минут, Дуу хөгжмийн хичээл 5 минут үргэлжилсэн. Өнөөдөр нэг хүүхэд хичээлдээ 30 минут зарцуулсан.

Ухрааж үзэхэд болохоор юм байна. Гэхдээ ухрааж үзэж чадахгүй айлууд олон байгаа. Гэр хороололд байгаа зарим айлууд бол ийм боломжгүй. Скаймедиа, Юнившинтэй айлууд л ухрааж нөхөж чадаж байна.

Харин хичээлийн хэлбэр хийц, эвлүүлсэн байдал нь сэтгэлд хүрсэн. Дуу хөгжмийн хичээл л гэхэд нотууд дээр нь маш сайн ажилласан байна. Дуурайж дарахад дуу нь адилхан гарч байгаа юм. Хүүхдүүд бишгүүрийн нотоо үзчихсэн болохоор дэлгэц дээр гарсан нотыг дагаад хийх юм байна.
Нэмж хэлэхэд, хүүхдүүдийг хэрэв харгалзах хүнгүйгээр орхих юм бол хичээлээ суугаад үзээд хийнэ гэдэг хэцүү. Яг хажууд нь байж байхгүй бол болохгүй. Бага ангийн ямар ч хүүхэд ийм л байгаа, ялангуяа эрэгтэй хүүхдүүд. Харгалзах хүнгүй гэртээ үлдэж байгаа хүүхдүүд хичээлээ хийж байгаа эсэх нь эргэлзээтэй”
Баянгол дүүргийн Дөрөвдүгээр хорооны иргэн Д.Жаргалмаа:
ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНҮҮДИЙГ ӨМНӨ ЗАХИЖ БЭЛДҮҮЛЭЭГҮЙ УЧИР ШУУД ХЭРЭГЖҮҮЛЭЭД ЯВАХ БОЛОМЖГҮЙ БАЙВ

“Манайх цэцэрлэгийн насны нэг хүүхэдтэй. NTV телевизээр 10 минутын ахлах бүлгийн математикийн хичээл өнөөдөр үзсэн. Өглөөний 10 цагаас гарсан болохоор цэцэрлэгийн насныханд жаахан нойрмог байгаа байдал ажиглагдаж байна. Гэхдээ мэдээж хичээл учраас хүүхдээ эрт босгоод үзүүлэх нь эцэг эхчүүд бидний үүрэг.
Мөн хичээл дээр зааж байгаа хэрэглэгдэхүүнүүд нь байхгүй, өмнө нь сануулж захиагүй учир сайн тогтож харсангүй, түүнийг шууд хэрэгжүүлээд явах боломж байсангүй. Иймээс өөр юманд сатаараад байх шиг санагдсан.
Анхаарал нь хичээл дээрээ төвлөрч өгөхгүй, сарниад байсан. Хүүхдийн сонирхлыг илт татахуйц байж чадаагүй юм уу даа. Нөхөж үзэж чаддаггүй айлууд давталтыг нь үзэхээс өөр аргагүй. Зарим интернэтгүй айлууд давталтыг нь үзэж чадахгүй бол хичээлээсээ хоцрохоос өөр аргагүй. Амьжиргаан түвшин өөр өөр байгаагаас асуудлууд үүсэж байгаа. Мөн Монгол ТВ-ийн ахлах сургуулиудын хичээлүүдийг нөхөж үзэх гэсэн боловч одоогоороо нөхөх боломжгүй хэвээр байна”
Баянзүрх дүүргийн 16-р хорооны иргэн Т.Гэрэлтуяа:
АНХНЫ ХИЧЭЭЛИЙГ НЬ ХАМТ ҮЗЭХ ГЭЖ АЖЛАА ТАСЛААД СУУЖ БАЙНА

“Манайх гуравдугаар ангийн нэг хүүхэдтэй. Өнөөдрийн хичээлээ Эх орон телевизээр үзэж байна. Миний хувьд өдөр бүр хажууд нь манаад хичээлийг нь хийлгэх боломж тун муу. Өнөөдөр анхны хичээл учраас өөрөө хажууд нь байя, ямархуу хичээл байх нь вэ гэдгийг харахын тулд ажлаа таслан байж хамт эхлүүлж байна. Үүнээс хойш өөрт нь даатгаад орой ажлаасаа шалгах байдлаар үргэлжлүүлнэ.

Өнөө өглөөний хувьд гурван хичээл дараалаад гарсан. Бүгдийг нь үзэж амжсан. Телевизээр үзэхэд хичээлийн агуулга нь бага буюу хугацаа нь богино байсан. Тиймээс өдөр 14:00 цагаас давтаж үзэхээр төлөвлөж байна. Давтаж үзэхгүй бол нэг удаагийн үзэлтээр шууд ойлгох боломжгүй юм байна гэж дүгнэлээ. Бидэнд зурагтаар болон интернэтээр нөхөж үзэх хоёр боломж бий. Манай хувьд зурагтаар нөхөх үйлчилгээ байхгүй учир яг одоо бол шууд интернэтээр нөхөж үзэж байна. Ер нь гэрт хичээл хийхэд анхаарал төвлөрөл жаахан сул байгаа нь үнэн.

Бага ангийн сурагчдын хувьд бусад ангиудын адил өдөр бүр хичээлтэй байгаа. Гэхдээ яг хөтөлбөр нь тодорхой болоогүй байх шиг байна. Өнөөдрийн хуваарь дэлгэрэнгүй гарсан байсан ч маргаашийнх дээр дутуу байсан. Маргааш өглөөний нэг хичээл нь хуваарь дээр тодорхой байвч дараагийн хоёр нь бичигдээгүй байх жишээтэй”.
АНГИЙН БАГШ МААНЬ БИШ БОЛОХООР ХИЧЭЭЛИЙГ НЬ ҮЗЭХГҮЙ
Ийнхүү эцэг эхчүүд, хүүхдүүдийн теле хичээлийн эхний өдөр өнгөрч байна. Тэд ихэвчлэн хичээл маш хурдтай гарч өнгөрч байгаа тул хүүхдүүд дагаж хийж, давтаж, тэмдэглэж авч амжихгүй байгааг хэллээ. Ухраах үйлчилгээтэй айлуудад энэ нь мэдээж асуудал биш ч ийм үйлчилгээг сонгоогүй айлуудад давтан үзэхээс өөр арга үгүй.
Мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээлээ үзэхэд нь хань болохгүй л бол ойлгоно гэдэгт нь итгэхгүй байна. Учир нь тэд гэртээ ихэвчлэн л тоглож наадах, амрах, хүүхэлдэйн кино үзэж өнгөрүүлдэг учир ингэж хичээл хийх нь шинэ дадал болох нь. Бага ангийн зарим хүүхдүүд “Ангийн багш маань биш болохоор хичээлийг нь үзэхгүй” гэж хөнгөн шог ч хийгээд амжиж. Нөгөөтээгүүр мэдэхгүй, чадахгүй асуудал гарахад хажууд нь зөвлөгч байх шаардлагатай байдаг. Гэтэл эцэг эхчүүд өдөр бүр хүүхдээ манаад, ажлаа цалгардуулах боломжгүй билээ.
Ямартай ч хөл хорио тогтоогоод буй эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж, цөөн хэдэн хоног ажил, хичээл, амьдралыг зохицуулахаас өөр аргагүй болох нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨӨРХӨН БНА ЛЭЭ. ТУН Ч АНХААРАЛТАЙ СУУЖ ХИЙСЭН.
2 дугаар ангийн монгол хэлний хичээл дээр бичих цаг богино байснаас болоод хүүхэд маань жаахан сандарсан. Бичиж тэмдэглэх цагийг нь зохицуулах т�##�аар багш нар анхаарна уу? Хамгийн их анхаарч сонирхож үзсэн хичээл цэцэрлэгийн хичээлүүд байлаа. 4 настай хүү маань цэцэрлэгийн бүх ангийн хичээлийг дара�##�ан үзэж, асуултад хариулж, үлгэрийг маш их сонирхож сонслоо.