Сурвалжилга: Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх Төрийн торгон сүрэг, цэргүүд наадамд бэлэн
Үндэсний их баяр наадмын өмнө төрийн есөн хөлт цагаан тугийг Ерөнхийлөгчөөр зарлигаар нар зөв тойруулж цэнгүүлэх ёслол хийдэг уламжлалтай. Ингэхдээ есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолж, төрийн тусгай хамгаалалтынхан жагсаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлдэг.
Монгол бахархал, ондоошил, сүр жавхаат эл ёслолын ард Төрийн торгон сүрэг, цэргүүд наадмын урьд сар гаруй хоног яв цав бэлтгэдэг. Тун удахгүй Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой зэрэг тэгш болон ой тохионо.
Eguur News агентлагийн уншигч та бүхэнд түмний хийморь, төрийн бэлгэдэл болсон есөн хөлт цагаан туг, түүнийг цэнгүүлэгч найман шарга, хоёр загал морьд, тугч алба хаагчдын отгоос бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.
Видео:
Төрийн есөн хөлт цагаан тугийг Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл хэмээдэг. Түүхийн эх сурвалжид дурдсанаар Цагаан зүсмийн адууны гөхөл дэлээр хийдэг учир “Цагаан сүлд” хэмээн нэрлэжээ. Нэгэн жолоо дор нэгдсэн Монголчууд 1206 оны зун Чингис хааныг Их Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхдөө есөн хөлт Цагаан тугаа босгож, их эзэн хаан туг сүлдэндээ мөргөн ёсолж байжээ. Энэ үеэс Цагаан туг нь Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болон төрийн орд өргөөнөө залагдсаар ирсэн гэдэг.
Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх Төрийн торгон сүрэг, цэргүүдийн ид бэлтгэлийн үеэр бид ирэв. Сүр жавхаа, омогшил яах аргагүй эндээс мэдрэгдэнэ. 60 жилд ганц тохиох морь жилийн морь сарын морь өдөр хэрийн салхи болон эзэн, тугнаасаа ангид зүйл нуруундаа ойртуулдаггүй шилмэл хүлгүүд, цэргүүдийн отогт ирсэн нь бэлгэшээл гэмээн.
Зургийг: О.Улсболд | Байршил: Богд Уул
Торгон цэргүүд өглөө бүр 06 цагт босож, 5 км газар гүйж биеэ халаасны дараа бага үдийн нарнаас урьтаж морьтой бэлтгэлээ хийдэг байна. Ингэхдээ тэд 16 хүний бүрэлдэхүүнтэй үлээвэр найрал хөгжимтэй хамт бэлтгэл хийнэ.
Есөн хөлт цагаан тугийн сүлдний орой дээр нь алтан шармал төмрөөр урласан гал бүхий гурван үзүүрт ган сэрээтэй, түүний доорх дугариг царнаас цагаан хялгасан хөхлийг 81 нүхнээс нарийхан зүссэн ямааны арьсан сураар бэхэлж унжуулсан байдаг. Цагаан туг нь гол сүлд болон түүнийг тойрсон найман элч туг буюу хөл тугаас бүрддэг байгуулал юм. Үүнийг найман хөлт цагаан туг сүлд гэх ба нийтдээ 9 туг болох тул бас "есөн хөлт Цагаан туг" гэж утга сэлгэж нэршжээ. "Монголын Нууц Товчоо" ба хуучин сурвалжуудад "есөн хөлт туг" гэсэн нь угтаа нийт есөн туг байгааг хэлж байгаа юм. МНТ нь "есөн хөлт цагаан туг"-ийг анх тахиснаас 20 гаруй жилийн дараа бичигдсэн тул утга сэлгэж "есөн хөлт" хэмээн хэвшсэн тухай судлаачид тэмдэглэжээ.
-Би найм дахь "Төрийн хонжин". Миний унаж буй бор морь 23 настай, 18 дахь жилдээ есөн хөлт цагаан тугийг залах гээд бэлтгэл сургуулилтаа хангаад байж байна. Ирэх жил яахыг мэдэхгүй. Морио эцсийг нь хүртэл Төрийн наадамдаа оролцуулна гэсэн бодолтой байдаг аа-

Төрийн хонжин, Улаанбаатар цэргийн хүрээний ерөнхий зохицуулагч, Зэвсэгт хүчний 032-р ангийн захирагч, хурандаа Э.Билэгсайхан: Би найм дахь "Төрийн хонжин". Энэ алба бол маш чухал үүрэгтэй. Тэртээ 1206 онд Тэмүүжинг Их хуралдайг зарлаж Хамаг Монголын Хаан цолоор өргөмжилж байхад Есөн хөлт цагаан туг, Бүх цэргийн хар сүлдийг бүтээгээд тугийг гаргаж, чиглүүлж, удирддаг хүнийг томилсон байдаг. Тэр нэршил бол Төрийн хонжин.
Миний унаж буй бор морь 23 настай, 18 дахь жилдээ есөн хөлт цагаан тугийг залах гээд бэлтгэл сургуулилтаа хангаад байж байна. Ирэх жил яахыг мэдэхгүй. Морио эцсийг нь хүртэл Төрийн наадамдаа оролцуулна гэсэн бодолтой байдаг аа. Олон жил энэ үүргийг гүйцэтгэсэн учир хийх үйлдэл, командыг тун сайн ойлгоно. Хатируул гэхэд хатирч байх жишээтэй. Орж ирээд хаана зогсохыг нь нэг удаа үзүүлсэн байхад дараагийн удаа команд, дохиогүйгээр зогсдог.
Морьд маань баяр наадмын үеэс бусад хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах Зэвсэгт хүчний 0232-р анги дээр байрладаг. Ямар ч уналгад ашиглагдахгүй, идээшиж, тарга тэвээргээ авдаг. Эл морьд бол зөвхөн Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэхэд л оролцдог гэсэн үг.
-Үүргээ гүйцэтгэснийхээ дараа маш том юмны ард гарлаа даа хэмээн өөрөөрөө, аав ээжээрээ, албаараа бахархаж, уужуу амьсгаа авдаг аа-

Их тугч Б.Баавар: Эзэн Чингис хааны 864 жилийн ой, Монгол бахархлын өдөр их тугчийн үүрэг гүйцэтгэсэн. Өдгөө Тулгар төрийн Их баяр наадмыг нээх ёслолд их тугчийн үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдээд байна. Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолд оролцох, тэр дундаа их тугч хийнэ гэдэг хүний амьдралд тохиох ховорхон боломж гэж боддог. Монгол түмний оройн дээд их шүтээнийг хазайлгахгүй байхад голчилж үүрэг гүйцэтгэж буй учир баярлах бус хамгийн тэргүүнд үүрэг хариуцлага мэдрэгддэг. Үүргээ гүйцэтгэснийхээ дараа маш том юмны ард гарлаа даа хэмээн өөрөөрөө, аав ээжээрээ, албаараа бахархаж, уужуу амьсгаа авдаг аа.
Харин хувь хүн талаасаа бодвол Цэнгэлдэх тойроод явж байхад хүмүүс уухай цуурайтуулах мэдрэмж их гоё байдаг. Хувь хүн талаасаа мэдэрдэг хамгийн сайхан зүйл бол их тугаа байрлуулаад, тугандаа хүндэтгэл үзүүлээд ёслоод зогсох маш өвөрмөц, нандин мөч.
Морь бидэн хоёр үүргээ гүйцэтгэж байхдаа яг нэг хүн шиг болчихдог. Наадам дөхөж буйг морь зөнгөөрөө мэднэ, их догдолж буйн унаж яваа надад мэдрэгддэг. Харин тугтай явж байх үедээ маш их хариуцлагатай, номхон дөлгөөн болчихдог. Миний унаж буй морь анх 2021 онд Үндэсний музейг нээхэд их тугчийн мориор үүрэг гүйцэтгэсэн. Тэр цагаас хойш таван жил Төрийн баяр наадамд Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ажиллагаанд оролцож байгаа.
Морь бид хоёр нэгнээ сайн мэдэрдэг. Би мориндоо тусдаа нэмэлт тэжээл өгдөг юм. Заримдаа залхуураад өгөхгүй тохиолдол байна шүү дээ. Тэгэхэд над руу эргэж хараад л гомдоод байгаа аятай янцгаадаг.
-Анх Төв цэнгэлдэх орж, тугаа шилжүүлэх гээд алхаж байх мэдрэмж хамгийн гоё, бас сандрал ихтэй мөч байсан-

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах дэслэгч, тугч Д.Бямбажаргал: Анх хугацаат цэргийн алба хааж байхдаа Үндэсний Их баяр наадамд Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолд оролцож байлаа. Тухайн үед шилжүүлэгчийн үүрэг гүйцэтгэсэн. Төв цэнгэлдэх орж, тугаа шилжүүлэх гээд алхаж байх мэдрэмж хамгийн гоё, бас сандрал ихтэй мөч байсан. Миний унаж буй морь эл ёслолд тав дахь жилдээ оролцож байгаа. Би хоёр дахь жилдээ унаж буй. Намайг маш сайн танина. Өөр хүн ойртвол бишүүрхдэг.
Зурагт харагдаж буй залуус бол 2025 оны хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаахаар ирсэн хугацаат цэргийн алба хаагчид. Зүүн гар талд буй алба хаагчийг М.Ариунболд гэх бөгөөд түүний хувьд туг шилжүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байна. Цэргийн алба хаах мөрөөдлийг багаасаа тээж, зарлангаа авахдаа тун их баярласан тухайгаа хуваалцаж байсан юм. Мөн аав нь Хүндэт харуул байсан нь түүнийг цэргийн албанд хайртай нэгэн болгожээ.
Харин баруун гар талд буй цэрэг алба хаагчийг С.Түмэнжаргал гэнэ. Тэрбээр Дундговь аймгаас татагдан ирсэн бөгөөд морь баригчийн үүрэг гүйцэтгэж ёслолд оролцохоор бэлтгэлээ хангажээ. Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ажилд гар бие оролцож буйгаараа бахархахын сацуу, ихэд сандарч буйгаа хэлж байсан юм.






















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм уламжлалаа үеийн үед хадгалж явах нь хамгийн сайхан
Төрийн есөн хөлт цагаан туг үнэхээр сүр жавхлантай
Эдгээр цэрэг, морьддоо баярлалаа
Монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэгдэл төрлөө
Бэлтгэл сургуулилтын ард ийм их хөдөлмөр байдаг юм байна
Наадам дөхөж байгааг улам мэдрүүллээ
Төрийн хонжин гэдэг алба ямар хүндтэйг ойлголоо
Монгол өв соёлоо ингэж хамгаалж явах хэрэгтэй
Морио хайрлаж хамгаалдаг нь үнэхээр сайхан
Moriud ni uneheer saihan archilgaatai haragdaj bn
Naadam oirtoj baigaa ni medregdej ehlej dee
Ene bol Mongoliin baharhal shuu
Survaljlaga ni mash sonirholtoi bailaa
Mori tereg hoyr yag neg yum shig sanagdlaa
Turiin belgedlee hundeldeg ni saihan
Mongol hun gedgeeree dahiad l baharhlaa