"OPEC" газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхгүй бол Ирак гишүүнчлэлээ түдгэлзүүлж магадгүй гэж анхааруулжээ
“OPEC”-ээс Иракт газрын тосны олборлолтоо мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдүүлэх боломж олгохгүй бол тус байгууллагаас гарах асуудлыг авч үзсэн талаар эх сурвалжууд “Reuters” агентлагт хэлсэн байна.
Хэрэв Ирак үнэхээр гишүүнчлэлээ түдгэлзүүлбэл “OPEC”-ийн хувьд томоохон цохилт болно. Учир нь тус байгууллагаас хоёр сар гаруйн өмнө газрын тосны хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болох АНЭУ гарсан билээ.
Ирак нь Саудын Арабын дараа орох “OPEC”-ийн хоёр дахь хамгийн том газрын тос олборлогч. Мөн тус байгууллагыг 1960 онд байгуулахад оролцсон таван үүсгэн байгуулагч гишүүний нэг юм. “OPEC”-ийг анх Иракийн нийслэл Багдадад байгуулсан байдаг.
Тус улсын орлогын ихэнх хэсгийг газрын тос бүрдүүлдэг. Гэвч АНУ, Ираны дайны улмаас Ормузын хоолойн хөдөлгөөн бараг зогссон тул Иракийн газрын тосны экспортоос олдог орлого нь эрс буурчээ.
Иракийн засгийн газар дайны улмаас санхүүгийн хямралтай нүүр тулаад байгаа учир “OPEC” олборлолтын хязгаарыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх асуудалд нухацтай хандах ёстой гэж үзэж буйгаа тус улсын Газрын тосны яамны өндөр албан тушаалтан “Reuters” агентлагт хэлжээ.
Тэрбээр “Саудын Араб болон “OPEC”-ийн бусад холбоотнууд энэ асуудалд хамгийн өндөр түвшний анхаарал хандуулах ёстой. Хэрэв тэгэхгүй бол Ирак бүх боломжит хувилбарыг авч үзэхээс өөр аргагүй болно” гэсэн байна.
Гэхдээ түүний хэлснээр Ирак өмнө нь “OPEC”-ээс гарах талаар хэлэлцэж байсан ч одоогийн байр суурь нь гишүүнчлэлээ хадгалж, олборлолтын хязгаарыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах аж.
Долоодугаар сард Ирак өдөртөө 4.378 сая баррель газрын тос олборлох хязгаартай ажилласан байна. Гэвч одоогийн олборлолт нь Ормузын хоолойн саатлын улмаас дээд хязгаараасаа их хэмжээгээр доогуур түвшинд байгаа юм.
“OPEC”-оос гарах асуудлыг эрх баригчид авч үзсэн эсэхийг “Reuters” агентлаг Иракийн Газрын тосны яамны эх сурвалж “Ийм алхам хийхэд одоогоор эрт байна” гэж хариулжээ.
Мөн Иракийн Газрын тосны яам мэдэгдэл гаргахдаа Багдад “OPEC”-ийн гишүүнчлэлээ дуусгавар болгох талаар хэлэлцэж байгаа гэх мэдээлэл нь Иракийн засгийн газрын албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй гэсэн байна

Дэлхийн газрын тосны жишиг үнэ болдог Брент маркийн нефть баасан гарагт /2026.06.26/ баррель нь 71 ам.доллар орчим арилжжээ. Пүрэв гарагт /2026.06.25/ тус маркийн газрын тосны үнэ 73 ам.доллар хавьцаа байсан юм.
Одоогийн байдлаар “OPEC+” бүлэг гишүүн орнуудынхаа олборлолтын хүчин чадлыг дахин үнэлж байна. Тус бүлэг нь “OPEC”-ийн гишүүд дээр ОХУ болон бусад үйлдвэрлэгчдийг нэмсэн байгууллага юм. Энэхүү үнэлгээний үр дүнг 2027 оны олборлолтын түвшнийг тогтооход ашиглана.
“OPEC”-ийн мэдээллээс харвал Ирак тавдугаар сард өдөрт 1.48 сая баррель газрын тос олборлосон байна. Ормузын хоолой хаагдахаас өмнө буюу хоёрдугаар сард тус улс өдөрт 4.2 сая орчим баррель газрын тос олборлож байсантай энэ нь огцом буурсан үзүүлэлт юм.
Иракийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч газрын тосны экспортын бүрэн хүчин чадлаа сэргээхээр ажиллаж байгаа гэж мэдэгджээ. Тодруулбал Иракийн засгийн газрын төлөөлөгч Хайдер аль Абуди “Ирак газрын тосны экспортын бүрэн хүчин чадлаа сэргээхийн төлөө ажиллаж байгаа. Ирэх жилүүдэд олборлолтоо өдөрт 7 сая баррельд хүргэх зорилт тавьсан” гэсэн байна.
Гэхдээ тэрбээр “OPEC”-ээс тогтоож өгсөн олборлолтын хэмжээ болон тус байгууллагаас гарах талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзжээ.
Иракийн албан тушаалтнуудын мэдэгдэлтэй холбогдуулан ОХУ-ын газрын тосны салбарын нэгэн эх сурвалж энэ явдал “OPEC+”-ийн хэлэлцээрт ноцтой сорилт учруулахгүй гэсэн байна. Мөн тэр эх сурвалж Иракийн олборлолтыг бага зэрэг нэмэгдүүлэх нь асуудлыг шийдвэрлэхэд тус болж магадгүй хэмээсэн юм.
“OPEC+”-ийн үндсэн долоон гишүүн дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд олборлолтын хэмжээгээ өдөрт 600 мянган баррелиар нэмэгдүүлсэн. Гэвч ихэнх гишүүн Ормузын хоолойн хөдөлгөөнд үссэн саатлын улмаас энэ зорилтоо биелүүлж чадаагүй байна.
Тавдугаар сард албан тушаалаа хүлээн авсан Иракийн Ерөнхий сайд Али аль Зайди эдийн засгийг сэргээх, гадаадын хөрөнгө оруулалт татах, авлигатай тэмцэх асуудлыг өөрийн засгийн газрынхаа гол чиглэл болгоно гэж мэдэгдсэн.
Тэрээр лхагва гарагт /2026.06.24/ улсынхаа “INA” агентлагт өгсөн ярилцлагадаа Ирак олборлолтын хүчин чадал болон хүн амынхаа хэмжээнд нийцүүлэн газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхийг “OPEC”-ээс хүсэж байгаа гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.