Иран АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахгүй гэж мэдэгджээ
Иран мягмар гарагт /2026.06.30/ мэдэгдэл хийхдээ Ойрх Дорнод руу ниссэн АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахгүй гэжээ. Хоёр тал өнгөрсөн долоо хоногт харилцан гал нээж, нөхцөл байдал хурцдаад байснаа зогсоох хэлцэлд хүрсэн. Гал нээж буйгаа зогсоосон тул АНУ, Ираны төлөөлөгчид Катар улсад хэлэцэнэ гэх хүлээлт үүсээд байсан юм. Гэвч Иран АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахгүй гэж мэдэгдсэн нь хоёр улс урт хугацааны энх тайван тогтоох магадлалд сөргөөр нөлөөллөө.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнер, тусгай элч Стив Виткофф нар Ираны талтай хэлэлцэхээр Катарт хүрэлцэн ирсэн байгаа. Виткофф бол үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч, харин Кушнер хөрөнгө оруулагч юм. Тэд олон улсын харилцааны тал дээр огт туршлагагүй, мэдлэггүй хүмүүс. Цагаан ордон тэднийг Ираны талтай өндөр түвшний хэлэлцээ хийнэ гэж мэдэгдсэн ч Техран болон Катар хэлэхдээ тэд зөвхөн зуучлагчидтай уулзана гэжээ.
Виткофф, Кушнер нартай уулзах зуучлагчид дунд Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман аль-Тани байгаа юм. Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажед аль-Ансари хэлснээр хоёр улс доод түвшний техникийн хэлэлцээ явуулах төлөвтэй байна.
Үүнээс харвал АНУ, Иран нар дайныг зогсоох 14 зүйл бүхий анхан шатны тохиролцооны нөхцөлүүд дээр санал ихээхэн зөрүүтэй байгаа нь харагдлаа. Энхийн хэлэлцээ гацаанд орсон байгааг гаргахын тулд Трамп дайныг дахин эхлүүлэх талаар авч үзсэн талаар “Wall Street Journal” мэдээлжээ. Трамп олон нийтийн өмнө Ираныг сүрдүүлсэн мэдэгдэл гаргаж байгаа ч одоохондоо дипломат ажиллагаанд хугацаа олгохоор шийдсэн гэж тус сонин мэдээлсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.