БНХАУ-ын үйлдвэрийн ашиг өмнөх оноос сэргэсэн ч хоёр сар дараалж саарлаа
БНХАУ-ын Үндэсний статистикийн газрын даваа гарагт /2026.07.27/ нийтэлсэн мэдээллээр бол үйлдвэрлэлийн ашиг зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 15.1 хувиар өсжээ. Тавдугаар сард үйлдвэрлэлийн ашиг 21.1 хувиар өссөн нь өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас хойших анхны бууралт байсан юм. Тэгвэл зургаадугаар сарын үзүүлэлтийг харвал удаашрал хоёр сар дараалан үргэлжиллээ.
Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтийг экспорт болон аж үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд тэтгэж ирсэн. Гэвч дотоодын хэрэглээ болон үл хөдлөх хөрөнгийн салбарын сунжирсан хямрал нь хоёрдугаар улирлын эдийн засгийн өсөлтийг сүүлийн гурван жилд үзэгдсэн хамгийн доод түвшинд хүргэж сааруулжээ. Ийм учир шинжээчид эдийн засгийн тэнцвэргүй байдлыг арилгахын тулд төрөөс бодлогын нэмэлт дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Энэ оны эхний хагасын байдлаар аж үйлдвэрийн салбарын ашиг 18.7 хувиар өссөн нь нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд бүртгэгдсэн 18.8 хувийн өсөлтөөс бага зэрэг буурсан үзүүлэлт болжээ.
Аж үйлдвэрийн компаниудын ашиг энэ онд мэдэгдэхүйц сэргэсэн байна. Тухайлбал ашиг 2025 онд бараг өсөлтгүй байсан түвшнээс хоёр оронтой хувийн өсөлтөд хүрчээ. Хиймэл оюун ухааны улмаас хагас дамжуулагч болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эрэлт огцом өссөн үүнд нөлөөлсөн байна. Мөн сүүлийн гурав гаруй жилийн турш үргэлжилсэн үйлдвэрийн үнийн дефляц дууссан нь үйлдвэрийн компаниудын ашиг сэргэхэд тусалсан аж.
Өнгөрсөн жилийн суурь үзүүлэлт харьцангуй муу байсан нь статистик эерэг үзүүлэлттэй гарахад дэмжлэг болсон байна. Тодруулбал өнгөрсөн жилийн зургаадугаар сард аж үйлдвэрийн ашиг 3.6 хувиар буурч, 2025 оны эхний хагасын дүнгээр 2.8 хувиар агшсан юм.

“ING” фирмийн Хятадын эдийн засаг судлаач Лин Сон “Энэ сэргэлтээ хадгалж чадвал эдийн засгийн хувьд сайн шинж тэмдэг болно. Ашгийн хэмжээ нэмэгдсэнээр компаниуд цалингаа үргэлжлүүлж нэмэх боломж нь бүрдэнэ” гэж хэлсэн байна.
БНХАУ-ын үйлдвэрийн үнэ хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өссөн байна. Энэ нь 2022 оны сүүлээс хойш үйлдвэрийн үнэ өсөлттэй гарсан анхны тохиолдол болжээ.
Бараануудын үйлдвэрийн гарц дээрх үнэ өсөж, инфляц нэмэгдэж буй энэ хандлага тогтвортой эсэх нь эргэлзээтэй байна. Эдийн засагчдын үзэж буйгаар, үнийн сэргэлтийн ихэнх хэсгийг газрын тосны үнийн огцом өсөлт бүрдүүлжээ. Харин дотоодын эрэлт хангалттай хүчтэй сэргэж чадаагүй байгаа юм.
“LSEG”-ийн мэдээллээр, зургаадугаар сард үйлдвэрлэгчийн үнэ өмнөх сараас 0.3 хувиар буурсан нь 2025 оны долоодугаар сараас хойших анхны сарын бууралт болов. Үүнд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх газрын тос тээвэр хэвийн түвшинд орсны улмаас газрын тос, шатахуун болон нефть-химийн бүтээгдэхүүний үнэ буурсан нь нөлөөлжээ.
Одоо хөрөнгө оруулагчдын анхаарал долоодугаар сарын сүүлээр болдог Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны хуралд төвлөрөөд байна. Тус хурлаар оны эхний хагасын эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэж, үлдсэн хугацаанд баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлох юм.
Хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт саарсан учир эрх баригчид мөнгөний бодлогоо зөөлрүүлэх талаар илүү хүчтэй дохио өгнө гэж шинжээчид үзэж байна. Харин эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих томоохон арга хэмжээ зарлана гэсэн хүлээлт бага байгаа юм. Учир нь БНХАУ-ын экспортын үзүүлэлт харьцангуй тогтвортой хэвээр байна.
“Morgan Stanley”-гийн Хятадын эдийн засаг судлаач Робин Шиний хэлснээр, "Улс төрийн товчоо бодлогын дэмжлэгийг илүү яаравчлан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж, төсвийн зарцуулалтыг хурдасгахыг тэргүүлэх чиглэл болгох магадлалтай" гэжээ.
Тэрбээр мөн "Нэг удаагийн том хэмжээтэй эдийн засгийг дэмжих сэргээх багц биш, харин бодлогын дэмжлэгийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж бид хүлээж байна" гэсэн юм.
Дотоодын эрэлт сул хэвээр байгаа ч экспортын ачаар эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой үргэлжилнэ гэж тэр үзэж байгаа аж. Хиймэл оюун ухаанд зах зээл их хэмжээний хөрөнгө оруулсаар байгаа билээ. Тус технологийг хөгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн гол нийлүүлэгч нь БНХАУ болсон учир экспорт сайн байх төлөвтэй байна.
Эх сурвалж: CNBC, Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.