Иран Ормузын хоолойг нээхэд АНУ-д тавих шаардлагуудаа танилцууллаа
Ираны Үндэсний дээд аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохаммад Багер Золгадр бямба гарагт /2026.08.08/ Ормузын хоолойг дахин нээхэд АНУ-д тавих гол шаардлагуудаа танилцуулжээ.
Иран, Оман нар Ормузын хоолойн асуудлаар тохиролцоонд хүрч, хэлэлцээгээ батлахад ойрхон байгаа гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ энэхүү тохиролцооноос гадна тус хоолойг нээх эсэх нь АНУ-аас шалтгаална гэдгийг Иран онцолсон билээ. Золгадр мэдэгдэл хийснээр бол Иран АНУ-ыг тэнгисийн цэргийн бүслэлтээ зогсоохыг шаардсан байна. Мөн Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцалж, дайны нөхөн төлбөр олгохыг шаарджээ. Үүн дээр нэмэгдэн Палестин, Ливан, Йемен, Ирак дахь холбоотнуудын эсрэг хийж буй довтолгоогоо зогсоохыг шаардсан байна.
Бямба гарагийн эхээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д Ванс Оман, Ираны явагдаж буй хэлэлцээг эергээр үнэлж буйгаа ярьжээ. Гэхдээ тэр мөргөлдөөн хараахан дуусаагүйг анхааруулсан юм. Ванс “Fox News”-д ярилцлага өгөхдөө “Мөргөлдөөн үргэлжилж байгаа. Америкийн ард түмний эрх ашигт нийцсэн хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд дипломат, эдийн засаг, цэргийн гээд бүхий л арга хэрэгслийг ашиглаж байна” гэжээ.
Эх сурвалж: The Hill












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.