Москва таймс: ОХУ шатахууны хомсдлын улмаас Монголд нийлүүлэх түлшний экспортоо 7-р сард 10 хувиар бууруулжээ
ОХУ 2026 оны долоодугаар сард Монгол Улсад экспортолсон автомашины түлшний хэмжээг зургаадугаар сарын 186.4 мянган тонноос 173 мянган тонн болгон бууруулжээ. Энэ нь Оросын дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүссэнтэй холбоотой гэж салбарын эх сурвалжууд мэдээлсэн юм.
Монгол Улс бүс нутагтаа Оросын автобензин болон дизель түлшний хамгийн том импортлогч хэвээр байна. Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээллээр тус хоёр төрлийн түлшний нийт импортын 95-97 хувийг ОХУ-аас нийлүүлдэг аж.
ОХУ автобензин, дизель түлш болон нисэхийн керосины экспортод хязгаарлалт тогтоогоод байгаа хэдий ч Засгийн газар хоорондын хэлэлцээртэй улс орнуудад Оросын экспортлогчид онцгой нөхцлөөр нийлүүлэлтээ үргэлжлүүлж байна.
Трэйдерүүдийн мэдээлснээр, долоодугаар сард ОХУ-аас Төв Азийн орнуудад экспортолсон автобензиний 98 хувь буюу 48.9 мянган тонн нь Монгол Улсад нийлүүлэгджээ. Харин дизель түлшний хувьд Монголын эзлэх хувь 89 буюу 123.8 мянган тонн байв. Дизель түлшний гол нийлүүлэгч нь Роснефть компани.
2026 оны эхний долоон сарын байдлаар Монголд нийлүүлсэн Оросын дизель түлшний хэмжээ өмнөх оны мөн үеийн 0.98 сая тонноос 1.05 сая тонн болж, 7 хувиар өссөн байна. Энэ нь эрэлт нэмэгдсэнтэй холбоотой аж.
Мөн автобензиний импорт өмнөх оны мөн үеийн 450 мянган тонноос 515 мянган тонн болж өсжээ. Харин нисэхийн керосины нийлүүлэлт эсрэгээрээ 40 хувиар буурч, 32 мянган тонн болсон байна гэж трэйдерүүд мэдээлэв.
Үүний зэрэгцээ Монгол Улс бензиний хомсдолтой тулгараад байна. Шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэж, наймдугаар сарын 4-15-ны хооронд шатахуун олголтод хязгаарлалт тогтоогоод байгаа талаар иргэд болон орон нутгийн хэвлэлүүдэд нийтлэгджээ.
Монголын эрх баригчид ОХУ, БНСУ болон БНХАУ-аас шатахууны нэмэлт нийлүүлэлт авах боломжийг эрэлхийлж байна. Үүнээс гадна түлшний импортын лицензийн шаардлагыг цуцалж, импортын гаалийн татварыг тэглэсэн байна.
Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
“Энэ сард АИ-92 бензин 86.5 мянган тонн, АИ-95 бензин 1.3 мянган тонн, дизель түлш 178.7 мянган тонн, нисэхийн түлш 7 мянган тонн нийлүүлэх гэрээ байгуулсан. Нийлүүлэлтийг ОХУ, БНХАУ болон БНСУ-аас хийнэ” гэжээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт БНХАУ-аас үйлдвэрлэсэн Jet A-1 төрлийн нисэхийн керосины эхний 1,000 тонныг Монгол Улсад нийлүүлсэн аж.
Г.Дамдиннямын мэдээлснээр, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний эрэлт жилд 14 хувиар өсөж, 2025 онд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 3 сая тонн байсан бол 2026 оны эхний долоон сарын байдлаар 1.783 сая тонн болжээ. Үүний ойролцоогоор 30 хувийг АИ-92 бензин, 63 хувийг дизель түлш эзэлж байна.
Монгол Улсад нисэхийн керосины хэрэглээ эдийн засгийн өсөлт болон аялал жуулчлалын урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор 2024 онд 69,984 тонн байсан бол 2025 онд 84 мянган тонн болж өссөн гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлэлд дурджээ.
Монголын эрх баригчид 2028 он хүртэл дараах гурван тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:
- Стратегийн шатахууны нөөцийг гурван сарын хэрэглээний хэмжээнд хүргэх,
- Дотоодын газрын тосны олборлолтыг 400 мянган тонноос 3 сая тонн болгон нэмэгдүүлэх,
- Дотоодын газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах зэрэг багтаж байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.