Эхнэрээ 22 жил хүчирхийлсэн гэх Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх нь өнгөрсөн 10-р сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаж, улмаар нэг сар цагдан хоригдох байсан ч хугацаанаас нь өмнө буюу 15 хоногийн өмнө суллаж байсан. Улмаар хилийн хориг тавьж, хязгаартай зорчих байдлаар шийдвэрлэсэн.
Түүний хувьд 22 жилийн туршид эхнэрээ зодож, хүчирхийлсэн байж болзошгүй байдлаар шалгагдсан. Хэргийг өнгөрсөн тавдугаар сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн. Улмаар шүүх хурлыг өнөөдөр |2026.08.24| товложээ.
Түүнд Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэг (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх), Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мөрдөж мөшгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Холбогдсон хэргийн хуулийн заалт
11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:
1.1.зодсон;
1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;
1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.12 дугаар зүйл.Хууль бусаар мөрдөж мөшгих
1.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөж мөшгисөн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.