Боловсролд хөрөнгө оруулагч “Номин Холдинг” ХХК

Монгол Улсын алслагдсан 111 багт 2-5 насны 13,632, 6-10 насны 17,740 хүүхэд сургуулийн өмнөх болон бага боловсрол эзэмших боломжгүй байсаар байна. Мөн 12,480 хүүхэд удаан хугацаагаар гэрээсээ хол дотуур байранд амьдарч, чанартай орчинд хичээллэх хэрэгцээ шаардлагатай хэвээр байна.

"Номин Холдинг" ХХК-ийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн санаачилгаар 2025.12.09-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт 75 хүүхдийн багтаамжтай Багийн бага сургууль үүд хаалгаа нээж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Уг сургууль нь хичээлийн 3 танхим, номын сан, ариун цэврийн өрөө, тоглоом-спортын талбай, цэвэр усны гүний худаг, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж, 40 кВт-ын нарны эрчим хүчний үүсгүүр зэрэг иж бүрэн дэд бүтэцтэй. Энэхүү төсөлд одоогоор 2 тэрбум гаруй төгрөгийг зарцуулжээ.


Түүнчлэн 2026.06.01-ний Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөс эхлэн тус сургуулийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Худалдааны гавьяат ажилтан, "Номин Холдинг" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ш.Баярсайханы нэрэмжит сургууль болгон нэрлэж байгааг албан ёсоор зарлав.

Энэхүү төсөл нь "Номин Холдинг" ХХК-аас боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутгийн хүүхэд багачуудад сурч хөгжих таатай орчин бүрдүүлэх чиглэлээр тогтмол хэрэгжүүлж буй ажлын тод илэрхийлэл юм. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудад чиглэсэн нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрүүдийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа Үндэсний томоохон групп компани болох Алтан гадас одонт “Номин Холдинг” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
А.ТЭНҮҮН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.