Г.Дамдинням: БНХАУ-аас Монголд хязгаарлалтгүй шатахуун нийлүүлэхээ илэрхийлсэн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Киргизийн нийслэл Бишкек хотноо албан уулзалт хийсэн билээ. Тус уулзалтаар БНХАУ-ын талаас манай улсад шатахууныг ямар хязгаарлалтгүй нийлүүлж, газрын тосны дотоодын хайгуулыг нэмэгдүүлэх чиглэлд дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ШХАБ-ын үйл ажиллагааг сурвалжилж буй хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа дурдав.
Тэрбээр,
Урьд нь БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн, шатахуун олгоход дотооддоо хязгаартай хэмжээ тавьдаг байсан. Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үр дүнд БНХАУ ямар нэгэн хязгаарлалтгүй олгох зарчмын шийдэлд хүрсэн. Ер нь бол Монгол Улсын өсөн нэмэгдэж байгаа шатахууны хэрэгцээний тодорхой хувийг хангахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.
Хоёрдугаарт, газрын тосны дотоодын хайгуулыг нэмэгдүүлэх чиглэлд бүрэн хэмжээнд хамтарч ажиллах байр суурь илэрхийлсэн. Манай улсад БНХАУ-аас орж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт бол Петросчайна буюу газрын тосны салбар. Дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө орсон байдаг. Бидний хооронд 13, 14 жилийн том маргаан байсныг өнгөрсөн хаврын чуулганаар эцэслэсэн. Үүний дүнд БНХАУ-аас шинээр зарлагдсан байгаа 14 талбайн эрэл хайгуулд идэвхтэй оролцоно. Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий эдээр хангахад хамтарч ажиллахаа илэрхийлсэн.
Гурав дахь асуудал бол уул уурхайн салбар. Монгол, Хятадын худалдааны эргэлтийг ойрын таван жилд 30 тэрбум ам.долларт хүргэх зарчмын зорилтыг тавьж, хоёр орны төрийн тэргүүн нар санал нийллээ хэмээв.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.