Нийгэм мэдээ

"Гацуурт"-ын Л.Чинбат дайрч алсан таван адууныхаа нөхөн төлбөрийг төлөөгүй, мөрдөн шалгаж байна

"Гацуурт"-ын Л.Чинбат |2026.09.01|-нд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт согтуугаар автомашин жолоодон явахдаа таван адууг дайрч алсан осол гаргасан. Тус адууны эзэн Т.Тогтохбаяр таван адууныхаа хохирлыг 40-50 сая төгрөгөөр үнэлж буй ч Л.Чинбатын талаас уг төлбөрийг өгөхөөс түр татгалзсан, хуулийн байгууллагаас шалгаж байгаа нөхцөл байдалтай байна.

Таван адууны эзэн энэ тухай "Хурдан удмын адуунууд байсан. 40-50 саяар үнэлэгдэнэ. Л.Чинбаттай өөрийн биеэр уулзаагүй, утсаар холбогдоогүй. Харин өмгөөлөгчтэй нь утсаар холбогдож, хохирлын хэмжээгээ хэлсэн, одоогоор нөхөн төлбөр төлөөгүй байгаа" гэв.

Харин Л.Чинбатын өмгөөлөгчийн хувьд "Малчинтай нь тэр даруй өмгөөлөгчийн хувиар ярьж, болсон асуудлыг хэрхэн шийдвэрлэх хүсэлтэй байгааг нь асуусан. “50 сая төгрөг өг, хурдын удмын адуу байсан. Үгүй бол хэвлэлд хандана” гэсэн. “Өгөх боломжгүй ээ, хуулийн байгууллага шалгаж байгаа. Та өөрөө малаа маллах, харж хандах үүрэгтэй биз дээ” хэмээсэн. Малчин хүн малаа маллаж, малынхаа үр шимийг өөрөө авдаг байж, малаа өөрөө хариулж, харж хандах үүрэг гэж байх ёстой" гэх байр суурийг илэрхийлэв.

Хэрэг учрыг тухайлбал, Л.Чинбат өөрийн эзэмшлийн "Toyota Land-300" маркийн автомашин жолоодож явжээ. Энэ үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд ослын улмаас зүүн хөлөндөө бэртэл авч, Цагааннуур сумын эмнэлэгт анхан шатны тусламж аваад Улаанбаатар буцсан байна. Мөн таван адууг дайрч алсан ослын улмаас түүний жолоодож явсан машин эвдэрсэн тул сумын цагдаагийн хэсгийн журмын хашаанд машинаа орхижээ. Одоогоор тус хэргийн мөрдөн шалгах процесс Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт үргэлжилж байна.


Хууль | Зөрчлийн тухай хуулийн 14.7.5.15.1.согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Үүнээс гадна дайруулсан адууны өртгийг хуулийн байгууллага тогтоосны дараа малаа дайруулсан малчинд нөхөн төлбөрийг олгох юм.

Ташрамд дурдахад, Зэлтэрээс Цагааннуур руу орох замд мал гарч ирж болзошгүйг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээ байдаг. Гэвч жолооч эхний адууг мөргөөд хурдаа хасалгүй цааш явж олон адуу дараалан дайрсан байж болзошгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэгдэх процессыг бид эргэн мэдээлэх болно.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

yahaaraa adsaga 10 saya hyrchdiin, davartsan um ene huduuniihun

Холбоотой мэдээ

Back to top button