"Apple" iPhone 18 Pro-г гүн улаан өнгөөр гаргалаа

Apple компани iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max загварыг /2026.09.09/-нд танилцууллаа. iPhone 18 Pro-гийн үнэ 1,199 ам.доллараас эхэлнэ. Урьдчилсан захиалгыг есдүгээр сарын 12-нд авч эхэлж, худалдаанд 18-нд гаргана.

Хоёр загвар дөрвөн өнгөөр гарна. Хар, мөнгөлөг, цайвар цэнхэр (glacier) гурав дээр гүн улаан (burgundy) өнгө шинээр нэмэгдсэн. Си Эн Би Си-гийн мэдээлснээр өнгөрсөн жилийн cosmic orange өнгө сайн борлогдсоны дараа Apple энэ удаа бас нэг тод өнгө сонгосон байна.

Хоёр загвар 256, 512 гигабайт, 1, 2 терабайтын дотоод багтаамжтай. АНУ-д 24 сарын хугацаанд хуваан төлөх сонголт нээлттэй. Хуучин утсаа өгч солиход iPhone 13-аас хойших загварт 175–885 ам.долларын үнэлгээ шууд тооцно. Оператор компаниудаар дамжуулбал iPhone 14, түүнээс хойших загварыг ямар ч байдалтай нь өгөөд 1,200 хүртэл ам.долларын хөнгөлөлт авч болно.
Мөн өдөр Apple анхны эвхдэг утсаа iPhone Duo нэрээр танилцуулсан. Энэ загвар star white, night sky гэсэн хоёр өнгөтэй. Урьдчилсан захиалга аравдугаар сарын 16-нд нээгдэж, худалдаанд 23-нд гарна.
Дагалдах хэрэгслийн шугам ч шинэчлэгджээ. MagSafe-тэй TechWoven бүрээс, FineWoven түрийвч тус бүр 59 ам.доллар, силикон бүрээс, тунгалаг бүрээс 49 ам.доллартай. Шинээр гарсан бугуйн оосор 29, мөрөвчний оосор 59 ам.доллар. Оосор, бүрээсээ утасныхаа дөрвөн өнгөнд тааруулж сонгох боломжтой.

Австрали, Бразил, Герман, Энэтхэг, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Их Британи, АНУ зэрэг 65 гаруй улс, бүсэд урьдчилсан захиалга нээгдэнэ. Бусад 20 улсад есдүгээр сарын 25-наас худалдаанд гарна.
Техникийн талд хамгийн том шинэчлэлт нь камерын диафрагм. 48 мегапикселийн үндсэн камерт лазераар огтолсон зургаан ир суулгаж, нээлтийн хэмжээг ƒ/1.48-аас ƒ/4 хүртэл өөрчилдөг болгосон. Бага гэрэлтэй орчинд нээлт өргөсч, олуулаа зогсох үед нарийсдаг тул ар талын хүмүүс тод гарна. Камерын програмд Pro controls нэртэй тохиргоо орсон — хаалтын хурд, цагаан тэнцвэр, гистограмыг гараар удирдана.

A20 Pro процессорыг 2 нанометрийн технологиор үйлдвэрлэсэн. Зургаан цөмт төв процессор, графикийн долоон цөмтэй. График өмнөх загварынхаас 40 хувь хүртэл хурдан ажиллана. Хиймэл оюуны тооцоолол хариуцсан хэсэг хоёр дахин хүчирхэг болсон. Дотор нь суулгасан уурын хөргөлтийн хэсгийн гадаргуу гурав дахин томорсноор тогтвортой ажиллах чадвар сайжирчээ.
Цэнэгийн хугацаа мөн уртассан. eSIM-тэй загварууд дээр iPhone 18 Pro 36, iPhone 18 Pro Max 45 цаг видео үзнэ. Кабелиар цэнэглэхэд 15 минутад 50 хувь цэнэглэгдэнэ. iOS 27 үйлдлийн систем есдүгээр сарын 14-нд үнэгүй шинэчлэлтээр тарна. Туршилтын журмаар ажиллах Siri AI туслах мөн тэр өдөр нээгдэх ч дэмжигдэх хэлний жагсаалтад монгол хэл ороогүй байна.
Шинэ загварт Apple Reference Image нэртэй боломж нэмэгдсэн. Мэдрэгч зураг авах агшинд бүртгэсэн өгөгдлөө баталгаажуулж, засварлах боломжгүй лавлах хувилбар үүсгэнэ. Photos программ дээр гол зурагтай нь зэрэгцүүлж харснаар засвар орсон эсэхийг тогтооно. Apple үүнийг сэтгүүлч, гэрэл зурагчдад чухал гэж үзжээ.
Эх сурвалж: Apple Newsroom, Си Эн Би Си, Блүүмберг




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.