PISA 2025: Монгол сурагчдын байгалийн ухааны дундаж оноо өссөн ч охид хөвгүүдийн ялгаа өндөр байна
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) дэлхийн олон арван орны сурагчдыг хамруулсан байгалийн ухаан, математик, унших чадварыг үнэлсэн PISA нэртэй тайлан гаргадаг. Хамгийн сүүлд нийтлэгдсэн буюу 2025 оны PISA тайланд 91 орны 760 мянган сурагч оролцжээ. Тус тайланд “OECD”-гийн гишүүн орнуудаас гадна хамтрагч улсууд оролцдог юм.
Дээрх гурван чиглэлээр 2025 онд БНХАУ-ын Бээжин, Шанхай, Жиансу, Жэжиан болон Сингапур улсын сурагч нар хамгийн өндөр үзүүлэлттэй байв. Мөн Эстони, Япон, Өмнөд Солонгос, Макао, Тайвань, Их Британийн боловсролын тогтолцоо хамгийн өндөр үзүүлэлттэй байжээ.
Монгол Улсын сурагчдын хувьд 2022-2025 оны хооронд байгалийн ухааны оноо 12-оор өссөн бол унших, математикийн чадварын оноо -4, -6 оноогоор тус тус буурчээ. Энэ гурван чиглэлээр Монгол Улсын дундаж оноо “OECD”-гийн орнуудын дунджаас доогуур үзүүлэлттэй байв.
“OECD”-гийн гишүүн орнууд дунд охидын байгалийн ухааны оноо хөвгүүдийнхээс бага зэрэг өндөр байв. Харин охидын байгалийн ухааны оноо хөвгүүдийнхээс хамгийн өндөр зөрүүтэй (охидын дундаж оноо хөвгүүдийнхээс 20 болон түүнээс дээш) орнуудад Монгол Улс, Иордан, Словени, Финланд зэрэг орон багтсан юм.
PISA мөн сурагчдын гэр бүл, багш нараасаа авдаг дэмжлэгийн төсөөллийн индексийг үнэлдэг байна. 2025 онд 2022 онтой харьцуулахад бараг бүх улс дахь сурагч нар гэр бүлээсээ авдаг дэмжлэг нь буурсан гэжээ. Энэ бууралт хөвгүүд болон боломж бололцоо муутай сурагч нарт хамгийн өндөр үзэгдсэн байна. Монгол Улсад ч мөн адил дүр зураг ажиглагджээ.
Эх сурвалж: OECD PISA












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.