ОХУ-ын цохилтын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, украинчууд хүндхэн өвөлд бэлтгэж байна
Сүүлийн саруудад ОХУ Украинд өгөх агаарын цохилтоо эрчимжлүүлэх болсон Үүний улмаас дэд бүтэц, экспортын гол салбаруудын хохирол нэмэгдэж, төсвийн хямрал нь даамжирлаа. Украины албан тушаалтнууд мэдэгдэхдээ нөхцөл байдал ийм болсон тул украинчууд хүндхэн өвөлд бэлтгэж байна гэжээ.
Украины Эдийн засгийн сайд Александр Кравченкогийн хэлэхдээ, энэ жил агаарын цохилтын улмаас дэд бүтэц болон үндсэн хөрөнгөд учирсан хохирол 10 тэрбум ам.доллар орчим хүрсэн байна. Цохилтууд болон Украины боомтуудыг хаасны улмаас учирсан эдийн засгийн нийт хохирол нь ДНБ-ий өсөлтийг 1.5 хувиар бууруулах хэмжээнд хүрсэн аж.
Кравченко Киевт болсон “YES” бага хурлын үеэр хөрөнгө оруулагчид, албаныхан болон дипломатуудад хандаж “ОХУ-ын халдлагад өдөр бүр өртөн, сүйдэж буй нэн чухал дэд бүтцийн хувьд мөн эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлын хувьд ч биднийг маш хүнд өвөл хүлээж байна гэж үзэж байгаа. Энэ бүхэн төсөв болон төсвийн боломж маш хязгаарлагдмал болсон үед тохиолоо” гэж хэлжээ.
Украины дайны фронт дээрх нөхцөл ерөнхийдөө гацаж, зогсонги байдалд орсон байгаа. Ийм учир ОХУ, Украин нар бие биеийнхээ логистикийн сүлжээ болон эдийн засгийн бусад чухал дэд бүтцэд эрчимтэй цохилт өгөх болсон.
ОХУ өнгөрсөн хоёр долоо хоногт тийрэлтэт хөдөлгүүртэй дроноор Киевт өдөр бүр цохилт өгчээ. Үүний тус хотын иргэдийн өдөр тутмын амьдрал, бизнесийн үйл ажиллагаа болон төрийн байгууллагуудын ажилд хүндрэл учирчээ. Мөн Москва Украины өмнөд бүс нутгуудад хийж буй агаарын цохилтуудаа эрчимжүүлж Хар тэнгисийн боомтуудын үйл ажиллагааг үндсэндээ зогсоосон байна.
Үүний улмаас Украины 40 тэрбум орчим ам.долларын экспортын орлогоо алдах эрсдэл тулгараад байгааг Кравченко анхааруулжээ. Украин голчлон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, төмөр, ган Хар тэнгисийн боомтуудаараа экспортолдог юм.
ОХУ-ын цохилтын улмаас дэд бүтэц, экспортын гол салбаруудын хохирол нэмэгдэж байгаатай холбогдуулан Украины төсвийн орлогын нөхцөл байдал хүндэрчээ.
Украины парламентын Төсвийн хорооны дарга Роксолана Пидласа хэлэхдээ, энэ оны эхний найман сарын хугацаанд төсвийн орлого төлөвлөснөөс 1.35 тэрбум ам.доллароор бага байсан гэсэн юм. Орлогын алдагдлын дөрөвний нэг нь зөвхөн наймдугаар сард бүртгэгдсэн байна. Дайны улмаас үүсэж буй зардал ихээхэн нэмэгдэж, Украин батлан хамгаалахын зардлаа дотоодын эх үүсвэрээр бүрэн санхүүжүүлэх боломжгүй болсон гэж тэр хэлсэн юм.
Энэ оны эхний найман сард Украин батлан хамгаалахын салбартаа ойролцоогоор 42 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь цэргийн тусламжийг оруулаагүй дүн юм. Харин энэ хугацаанд төсвийн орлого болон бондын худалдаанаас 39 тэрбум ам.доллар босгосон гэж Пидласа хэлсэн байна.
Тэр “Харамсалтай нь, энэ жил дайны зардал маш өндөр хэмжээнд хүрлээ. Үүний улмаас батлан хамгаалахын зардалд өөрсдийнхөө хариуцах хэсгийг ч бүрэн санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрээд байна” гэж нэмж хэлжээ.
Дайнд өдөр тутам зарлагадаж буй мөнгө энэ онд ойролцоогоор 190 сая ам.долларт хүрсэн байна. 2024 онд энэ дүн 140 сая ам.доллар байсан юм. Инфляц, цэргийн алба хаагчдын тоо өсөж, амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт олгох нийгмийн халамжийн зардал нэмэгдэн, сум, зэвсгийн хэрэглээ нэмэгдсэн зэрэг хүчин зүйл үүнд нөлөөлсөн байна.
Украины Засгийн газар цэргийн бус төсвийн зардлыг танах эсвэл хойшлуулах арга зам хайж эхэлжээ. Мөн барууны холбоотнуудаасаа санхүүгийн дэмжлэг авах талаар хэлэлцэж байгаа ч энэ асуудлыг богино хугацаанд шийдэх тодорхой шийдэлд хүрээгүй байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.