Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ 23 жилийн дараа Иракаас сүүлийн цэргүүдээ татлаа

Лхагва гарагт /2026.09.29/ АНУ-ын зэвсэгт хүчин Ирак дахь сүүлийн баазуудаасаа цэргүүдээ татлаа. АНУ 2003 онд Ирак руу довтлон эзэлж, Саддам Хуссэйний дэглэмийг түлхэн унагаан, Исламын шашны Шиит урсгалтнууд давамгайлсан засгийн газар байгуулсан. Үүний дараа Саддамд үнэнч иранчуудын бүлэг, Аль-Каидагийн бослогын эсрэг АНУ-ын зэвсэгт хүчин олон жил тэмцсэн юм. АНУ-ын цэргүүд 2011 оны эцсээр Иракаас гарсан ч гурван жил хүрэхгүй хугацааны дараа буцаж ирсэн байдаг.

АНУ-ын зэвсэгт хүчин 2014-2017 онд Суннит урсгалын “Islamic State” бүлэглэлийн эсрэг томоохон дайнд Иракийн армид туслан, ялахад дэмжлэг үзүүлсэн юм. 2003 онд АНУ-ын эхлүүлсэн “Operation Iraqi Freedom” ажиллагааны үеэр амиа алдсан америк цэргийн тоо Афганистаны дайнд амиа алдсан цэргүүдийн тооноос хоёр дахин их болсон. Афганистаны дайн 2021 онд АНУ цэргээ гэнэт татсанаар дууссан билээ.

Иракаас АНУ цэргээ татсаныг Иран болон Ираны холбоотнууд уг явдлыг ялалт гэж хүлээн авч байгаа юм. Мөн иракчуудын ихэнх нь үүнийг дэмжин хүлээн авч байгаа. Харин шинжээчдийн үзэж буйгаар энэ алхам нь Иракт хүчний тэнцвэрийг өөрчилж, Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт бүлэглэлүүд зоригжин, “Islamic State” бүлэг дахин зохион байгуулалтад орох боломж үүсэж магадгүй аж. Зарим хүн АНУ-ын сургаж, санхүүжүүлсэн Иракийн зэвсэгт хүчин эдгээр бүлгийг дарж чадах эсэхэд санаа зовж байгаа юм.

Аюулгүй байдлын зөвлөхөөр ажилладаг Иракийн шинжээч Жассим аль-Бахадли “Өнгөрсөн хорин жилээс гарч ирсэн нэг сургамж бол аюулгүй байдалд үүссэн хоосон орон зай маш аюултай байж болдог” гэж хэлжээ. АНУ 2021 онд цэргээ Афганистанаас гэнэт татсаны дараа Талибан бүлэг тус улсын хүчнийг түргэн хугацаанд буулган авч, төрийн эрхийг атгасан байдаг.

“Islamic State” бүлгийн эсрэг дайнд бригад удирдан оролцож байсан Иракийн зэвсэгт хүчний генерал Мохаммед аль-Жубури нөхцөл байдлын талаар ярихдаа “Одоогийн байдлаар хамгийн чухал асуулт бол Иракийн зэвсэгт хүчин эвслийн хүчин тарсны дараах үе шатад зориулсан, хэрэгжиж болох Б төлөвлөгөө бэлтгэсэн эсэх асуудал” гэжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Үүсэж болох хамгийн муу үр дүнгүүдийн нэг бол Ирак агаарын довтолгооноос хамгаалах хангалттай чадавхгүй байх үед ‘Islamic State’ бүлэг тэсрэх бодистой дрон олж авах явдал юм” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button