Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрхүүд лаборант эмэгтэй нас барсны дараа албаныхан нөхцөл байдал тогтвортой байгаа гэв

ОХУ-ын Эрхүүгийн Тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант эмэгтэй өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2026.09.29/ хүнд хэлбэрийн уушгины хатгааны шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтэж, пүрэв гарагт /2026.10.01/ нас баржээ. Үүнтэй холбогдуулан Эрхүү бүсийн эрүүл мэндийн албан тушаалтнууд 200 гаруй хүнийг хяналтад авч, ажиглаж байгаа аж.

200 орчим хүнийг ажиглалтад авсантай холбогдуулан ОХУ-ын эрүүл мэндийн албан тушаалтнууд Эрхүүд нөхцөл байдал тогтвортой байгаа гэж мэдэгджээ. ОХУ-д халдварт өвчин хянах үйл ажиллагаа явуулдаг Роспотребнадзор агентлаг мэдэгдэл хийхдээ лаборант эмэгтэй үүсэл шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгаагаар оношлогдсон байсан хэмээсэн юм.

Хэвлэлүүд уг халдварыг агаар дуслын замаар хүнээс хүнд халдварлах боломжтой уушгины хэлбэрийн тарваган тахал хэмээн мэдээлжээ. Эрхүүтэй залгаа оршдог Буриад мужийн захирагч Алексей Цыденов лаборант эмэгтэйг уушгины хэлбэрийн тарваган тахлаар нас барсан гэж хэлсэн ч дараа нь үгээ өөрчилж магадгүй хэмээсэн байна. Тарваган тахал нь Yersinia pestis нэртэй нэртэй бактериар үүсдэг өвчин билээ.

Харин Роспотребнадзор мэдэгдэл хийхдээ өвчтөнөөс авсан дээжид хийсэн шинжилгээгээр түүний ажилладаг лабораторид хадгалдаг аюултай эмгэг төрөгчөөс илрээгүй гэсэн юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио даваа гарагт /2026.10.05/ халдварын талаар хэлэхдээ, Вашингтон нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Санаа зовж, түгшүүрлэх асуудал гэж бодохгүй байна. Гэхдээ анхаарлаа хандуулж, ажиглалт хийх шаардлагатай” гэсэн байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тэр Цагаан ордноос Небраска муж руу нисэхээсээ өмнө “Ийм асуудалтай тулгарсан хэнд ч гэсэн бид туслахад бэлэн байдаг. Тийм халдвар гарсан нь хэцүү хэрэг. Хүнд өвчин шүү дээ” гэж хэлсэн юм.

ДЭМБ-аас ОХУ-ын эрүүл мэндийн албан тушаалтнуудтай холбогдож болсон явдлыг бататган, нөхцөл байдал болон лабораторийн шинжилгээний талаар мэдээлэл авч байгаа гэжээ. Албан бус мэдээллүүдээс харвал нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл бага гэж ДЭМБ нэмж мэдэгдсэн байна.

Казахстаны Эрүүл мэндийн яам нөхцөл байдлын эрсдэл бага гэсэн ч тус улс хил нэвтрүүлэх цэгүүдэд ариутгах, тусгаарлах хяналт хэрэгжүүлж эхэлжээ. Мөн Узбекистан хил нэвтрэх цэгүүддээ тусгаарлах хяналт тогтоож буйгаа зарласан юм.

Эх сурвалж: The Moscow Times, CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шелехов бол Эрхүү-Улаанбаатарын төмөр зам дээр байдаг тосгон шүү дээ!!! Хиагт-Алтанбулагийн хилийн хорио цээрийн хяналтаа эрс чангатгахгүй бол аюултай байна шүү!!!! Мнайхан хэнэггүй, баларсан хойно нь орилдог шүү!!! Казахстан, Кыргыстан улсууд хилийн хяналтаа чангалсан байна!! Манай ЗГ таг чиг!!!

Зочин
Зочин

Мэдээллииг орос улс нууж баиж мэднэ тиимээс бид ч арга хэмжээ авах нь зөв

Зочин
Зочин

Hilee haagaachee
Buruutah yumgyi harah heregtei.ayultai bolood 200 xvn tysgaarlasan bn
Manaixan hulgaigaa l bodood irgedee bodohgyi daanch haramsaltai yumaa

Зочиpн
Зочиpн

ямар тахал вэ лабораториин прүүс аюултай. манаах шиг лам бөхөө гулгайч улстөрөө дээдэлдэг газар бүр аюултай

Холбоотой мэдээ

Back to top button