Тооцоолол: "Солонго" төсөлд хоёр өрөө байр өмчлөхийн тулд сард 1.7 саяыг төлнө
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж буй Солонго-1, 2 хорооллын эхний 2042 айлд орох иргэдийн бүртгэл аравдугаар сарын 10-24-нийг хүртэл явагдахаар товлогдсон. Сонгогдсон айлууд арваннэгдүгээр сарын 1-нээс нүүж орно гэж Засгийн газар амласан. Гэвч энэ хугацаа нэг жилийн дотор дөрвөн удаа хойшилсон. Мөн хоёр өрөө байрыг өмчлөхийн тулд сард 1.7 сая төгрөг төлөх шаардлага гарч болзошгүй байна.
"Солонго" төсөл бол Монголын төрөөс "түрээслээд өмчлөх" хэлбэрээр нийтийн орон сууц олгох анхны том туршилт юм. Нийт 5002 айлын хотхоныг Өмнөд Солонгосын 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Хэдэн мянган айл хүлээж буй энэ төслийн ард хариулт нь тодорхойгүй асуултууд бий.
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд 17.19 га талбайд 66 блок, 5002 айлын "орлогод нийцсэн" орон сууц барих төсөл юм. Энэ нь халамжийн хөтөлбөр биш. Тогтмол орлоготой, татвар төлдөг ч урьдчилгаа хуримтлуулж чадаагүй иргэдэд зориулсан.
| Үзүүлэлт | Утга |
|---|---|
| Нийт хэмжээ | 66 блок, 5002 айл |
| Эхний ээлж (Солонго-1) | 27 блок, 2042 айл |
| Хоёрдугаар ээлж (Солонго-2) | 2960 орчим айл, 2027 онд |
| Санхүүжилт | БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, 266.885 сая ам.доллар |
| Захиалагч | Хот байгуулалт, барилга, орон сууцны яам; захиалагчийн хяналт — ТОСК |
| Ерөнхий гүйцэтгэгч | Kolon Global Corporation (БНСУ); туслан гүйцэтгэгч — Гранд Слаб Инвест ХХК |
| Байр | 2 болон 3 өрөө, гуравлалсан цонх, нарны хавтан, тусдаа угаалгын өрөө |
| 1 м²-ын үнэлгээ | 4,428,000₮ |
Тооцоолол: 50 м² байранд түрээслээд өмчлөхөд сард 1.66-1.86 сая төгрөг төлнө гэсэн үг
Албан ёсны тоогоор тооцоход 50 м² байранд түрээслээд өмчлөхөд сард 1.66-1.86 сая төгрөг шаардлагатай. Хэрэв сайдын хэлсэн 50 хувийн хөнгөлөлт хэрэгжвэл энэ дүн 1.10-1.30 сая төгрөг болж буурна.
| Дүн | Тооцоо | |
|---|---|---|
| Байрны үнэ | 221.4 сая₮ | 50 м² × 4,428,000₮ |
| Сарын түрээс | ₮550–750 мянга | 50 м² × 11,000–15,000₮ |
| Урьдчилгаа (30%) | ₮66.4 сая | 221.4 сая × 30% |
| Сар бүр хуримтлуулах | ≈ 1.11 сая₮ | 66.4 сая ÷ 60 сар |
| Нийт сард | ≈ 1.66–1.86 сая₮ | түрээс + хуримтлал |
| 50% хөнгөлөлттэй бол | ≈ 1.10–1.30 сая₮ | түрээс + 553 мянган₮ |
Өр орлогын харьцаатай уялдуулан үзвэл орон сууцны нийт төлбөр өрхийн дундаж орлогын 45 хувиас хэтрэхгүй байх ёстой. Зөвхөн түрээсийг тооцоход өрх сард доод тал нь 1.22-1.67 сая төгрөгийн орлоготой байх шаардлагатай. Хуримтлалыг нь нэмбэл энэ дүн 3.7 сая төгрөг хүрнэ. Гэтэл ҮСХ-ны тооцооллоор өрхийн сарын дундаж орлого 3.5 сая, нэг ажилтны голч цалин 2.6 сая буй. Тэгэхээр дунджаас дээш орлоготой өрх айл энэ төсөлд хамрагдаж чадах хэрэг үү.
Засгийн газраас иргэдээ дэмжих томоохон төсөл гэж мэдэгдсэн энэхүү төслийн зорилго зорилтот бүлгийн өрхийн орлогод нийцэхгүй бол хэчнээн олон айлын орон сууц баригдсан ч жинхэнэ хэрэгцээтэй иргэдийн санхүүгийн боломжид хүрэхгүй. Тэдэнд уян хатан төлбөрийн зохицуулалттай, өрхийн санхүүд хэт их дарамт, ачаалал үүсгэхээргүй л байр хэрэгтэй байна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.