УЛС ТӨР

ТОЙМ: З.Энхболд Г.Буяндоржоор, МАН Ц.Уртнасангаар жүжиг дэглэв үү

-Г.БУЯНДОРЖИЙН ДЭЛГЭСЭН АВЛИГЫН БАРИМТ З.ЭНХБОЛДЫН “ТАВИЛТТАЙ ЖҮЖИГ” БАЙВ УУ-

Өнгөрч буй долоо хоногийг “Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж дуулиан шуугиантайгаар эхлүүлэв. Тодруулбал, даваа гарагт /2020.02.03/ тэрээр өөрөөс нь 100 мянган ам.доллар нэхсэн прокуроруудын нэрийг зарлаж, энэ тухай баримтыг ЕТГ-ын дарга З.Энхболдод гардуулсан юм.

Түүнээс авлига нэхсэнээр Нийслэлийн прокурорын Хяналтын газрын прокурор байсан Б.Халиун, Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор Ц.Батболд, УЕП-ын газарт Хяналтын прокуророор ажиллаж байгаа Ж.Сандагдорж нар нэрлэгдсэн.

Олон жил шүүх, прокурорын байгууллагаар явж хэдэн сар “аав”-ынд суугаад гарч ирсэн Г.Буяндорж гэнэт л төрийн ордонд заларч ЕТГ-ын даргад авлигын баримт гардуулсан нь хэн хүний анхаарал татсан хэрэг байв. Ингэхдээ “иргэн авлигын баримт ЕТГ-т гардуулна” гэх мэдээ тараагаад хэвлэлийнхнийг цуглуулснаас эхэлж хардаж болох юм.

Улмаар хууль хяналтын байгууллагад биш төрийн ордонд баримтаа гардуулсан. Уг нь иргэн Г.Буяндорж нь авлигын баримтыг ЕТГ-ын дарга З.Энхболдод биш УЕПГ болон АТГ-т өгөх ёстой. Учир нь Ерөнхийлөгчийн тамгын газар авлигын хэрэг шалгадаггүй. Мөн Г.Буяндоржоос өөр иргэн өргөдлөө бариад очлоо гэхэд төрийн ордны хашааны хаалгаар оруулахгүй, орууллаа гэхэд З.Энхболд алгаа тосоод авахгүй нь ойлгомжтой.

Тиймээс л энэ бүхнийг “тавилттай жүжиг” гэж хардах яриа хөшигний ард хөвөрсөн. Тэр тусмаа З.Энхболдын найруулсан жүжиг гэгдсэн хардлага жиргээгээр дүүрэн урссан юм. Нөгөө талаар Г.Буяндоржоор дамжуулан прокурорын байгууллагад загас, жараахайн цэвэрлэгээ явагдаж байгаа гэх.

-НДЕГ-ЫН ДАРГА АСАН Ц.УРТНАСАН, Ч.ЧУЛУУНЧИМЭГ НАРЫГ СААТУУЛСАН МАН-ЫН “ЯВУУЛГА”-ЫГ АН-ЫНХАН “ОЙЛГОСОНГҮЙ” ГЭВ-

2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр АТГ-аас Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан, Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг саатуулан, 461-р ангид цагдан хориод байгаа юм. Тэдэнд урьдчилан сэргийлэх таслан сэргийлэх арга хэмжээ авч 30 хоногоор хориод байгаа.

Капитал банкны дампуурлаас болж нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан албан хаагч нарт тохон, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар цагдан хориод байгаа нь энэ гэх. Дээрх шилжүүлгүүдийг хийх үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Н.Номтойбаяр, С.Чинзориг нар тус тус ажиллаж байсан. Тэднээс өмнө ашигтай ажилласан албан тушаалтан хариуцлага тохоож болохгүй гэж АН үзсэн.

Тэднийг ийнхүү саатуулсан нь ойлгомжгүй, улс төрийн тавилттай зохиол хэмээн хардаж байгаагаа тус намаас илэрхийлэв.

Ардчилсан Намаас нийгмийн даатгалын санд хохирол учруулсан жинхэнэ эздийг хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруугүй хүнийг цагаатгах, түүнээс уучлалт гуйхыг эрх баригч МАН, тус намын дарга У.Хүрэлсүхээс шаардлаа.

-Н.НОМТОЙБАЯР ӨРӨӨНӨӨСӨӨ ХӨӨГДӨВ-

УЕП Б.Жаргалсайхан Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт гаргасан. Улмаар хоёр долоо хоногийн өмнө УИХ тус хүсэлтийг хүлээн авсан юм. Ийнхүү тэрээр “саарал ордон”-оос ч гарч, намаасаа ч хөөгдсөн.

Бас хилээр гарах эрхээ ч хязгаарлуулчхаад байгаа. Ер нь л “баян айлын, эрх хунтайж” гэдэг хэргэмээс өөр улс төрчөөрөө дуудуулах алдар үлдээгүй юм.

Гэтэл мягмар гарагт /2020.02.04/ УИХ-ын тамгын газраас түүнийг өрөөгөө суллаж өгөхийг шаардсан. Улмаар өрөөндөө орох гэтэл өрөөнийх нь хаягийг хуулж, газар хаясан байсан тухай түүний ажлын албаны ажилтан цахим хуудаснаа жиргэж байв.  Харин Н.Номтойбаяр, твиттер хуудаснаа, “Ордны ажилтан эгч танд баярлалаа. Миний нэрийг эргүүлж хадах шаардлагагүй ээ” хэмээж багахан жүжгийн хэсэг явсан.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button