УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учралын Засгийн газраас явах болзлоо хангасан сайд нар

Н.Учралын Засгийн газар байгуулагдаад зургаан сар, О.Цогтгэрэлийн албан бланк дээр түүнийг унагах гарын үсэг цуглаад дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрч байна. Ардчилсан намынхан огцруулах шаардлагаа албан ёсоор тавиагүй, "бид огцруулж чадна шүү" хэмээн сөрөг хүчний улс төрийн тоглолтоо л хийсээр ирэв. Харин Н.Учрал танхимаасаа нэг шүд сугалчхаад буй.

“Ноён урваач, нохой шарваач” гэж үнэн юм. Өөрт нь хэрэгцээтэй бол ашиглана, хэрэгцээ нь дуусчихвал түлхэх араншин үе үеийн Засгийн газар тэргүүлэгчдээс гарч байв. Н.Учрал ч энэ жишгээр 30-ийн талтайгаа эвсэж танхимдаа оруулсан таван сайдын нэг С.Амарсайханаа замын голд орхиж, Г.Тэмүүлэнгээр сэлгэсэн.

Түүний араас явах болзлоо хангасан, Н.Учралын танхимд сайд гэхээр саад болж буй нөхдийг нь нэрлэе.


Д.Батлут. Баянхонгорын 339-р цэргийн ангийн камергүй өрөөнд 19 настай алба хаагч бусдад зодуулж амиа алдсан. Улмаар Ардчилсан намын зүгээс өнгөрөгч зургаадугаар сард Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг тавьж эхэлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. 19 настай байлдагч залуу сая халагдаж ирэх байв. Одоогийн байдлаар хэрэг шүүх, прокурорын байгууллагад шилжсэнгүй. 339-р цэргийн ангийн алба хаагчдаас хэн нь ч хариуцлага тооцуулсангүй.

ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайханыг огцруулсны дараа Ерөнхий сайд "Ард иргэдийн шаардлага, Ардчилсан намын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээж ав. Ардчилсан нам зун Д.Батлутыг, саяхан С.Амарсайханыг огцруулах шаардлага тавьж байсан. Би шат шатанд хариуцлага тооцоод л явж байна. Цаашид ч тооцно" гэх байр суурийг илэрхийлсэн. Эндээс танхимаасаа сугалах дараагийн "шүд" нь Д.Батлут уу гэх асуулт ургав.

Л.Энх-Амгалан. Төсвийн тодотголоор 3.5 тэрбумын дуулиан дэгдэхэд Н.Учралын эсрэг жинхэнэ "түгжил" нь Л.Энх-Амгалан байв.

Эксэль файл задалсан "түгжилмаа"-гаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг нэрлэж, буруутгах замдаа "ерөөс уучлал гуйхгүй" гэж гэдийсэн. АН-аас О.Цогтгэрэл, Л.Гантөмөр нараар Н.Учрал хань татаж, "Тэд ч бас төсвөөс мөнгө авдаг" гэж гөвж орхисон. Ингэж чуулганы ирц бүрдэхгүй гацах бүрдүүлбэрийг тэр хийсэн. Басхүү Н.Учралд дайсагнах шалтгаанаа Л.Энх-Амгалангаар дамжуулан олон хүн олж авлаа.

Б.Энхбаяр. Г.Занданшатарын танхимд орохын тулд Л.Оюун-Эрдэнэд зуудаг нохой шиг хандаж явсан Б.Энхбаяр одоо Н.Учралд шадарлаж яваа. Яах вэ, Засгийн газар нь бүрдэн бий болоход нь "илд, жадны үзүүр байя" гэдэг ч эцэстээ тулж, танхим нь дэнжгэнэхэд дараагийн түшиг хүнээ хайдаг нь түүний зан. Урьд хоёр Засгийн газарт ХЗДХ-ийн сайдаар ажиллахдаа авлига, хахууль, бүр хүн амины хэрэг ярьж Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын өөдөөс ноцож байсан тэр одоо харьцангуй аниргүй яваа.

Гэхдээ тэр Н.Учралд хэрэг болох хүн биш. Хэчнээн хичээв ч хүний төрөлх араншин дарагдахгүй л. Саях байнгын хорооны хурлын үеэр Г.Лувсанжамц гишүүнийг "Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу" хэмээн дээр өнгөөр загначхаад хуралдааныг орхин гарсан кейс бий.

Б.Найдалаа, Т.Доржханд. Өвөл айсуй. -40 хэм хүрч хүйтрэхэд нийслэлчүүд эрчим хүчний хомсдолд орж, 1.5 цагийн цахилгаан, дулааны хязгаарлалтад орж, дөрвөн есөд дөрөвдүгээр цахилгаан станц нь гал алдсан.

Ерөөс ямар ч эрчим хүчний нөөцгүй, бэлтгэл, тоноглолгүй ажиллаж ирсэн учир нэг эд анги нь эвдрэхэд засах хүртэл хугацаанд галаа алдсан хэрэг болсон билээ. Яг энэ байдлаараа ажиллаж, шинэчлэл хийж чадалгүй 43 жилийн нүүрийг үзсэн. Сүүлийн найман жилд буюу 2018 оноос хойш нэг зуух нэмэх зайлшгүй шаардлагатай ч авч чадалгүй урсгал засвараасаа холдохгүй ирсэн тухай ажилчид нь шүгэл үлээж байв.

Тог, дулаан тасрах, хомсдох сургаар нийслэлээрээ Б.Чойжилсүрэнг чичилсэн. Тэр бол 2022 оноос хойших дөрвөн жил Эрчим хүчний сайдаар ажилласан. Энэ хугацаанд эрчим хүчний салбар дахь үйл явдал Б.Чойжилсүрэнтэй салшгүй холбоотой. Түүнд салбараа өөд нь тат гэж эхлээд 100, дараа нь 30 хоногийн хугацааг Г.Занданшатар өгсөн. Гэвч элгээрээ хэвтчихсэн эрчим хүчний салбарыг хөл дээр нь босгоход энэ хугацаа хүрэхгүй хэмээн Б.Чойжилсүрэн дурдаж, өмнөх Засгийн газрын үед ажлаа өгөхөө мэдэгдэж байв.

Харин одоо Б.Чойжилсүрэнгийн зовлог ХҮН нам үүрнэ. "Эрчим хүчний салбарыг хариуцъя" гэсээр Н.Учралын Засгийн газарт орж ирсэн Т.Доржханд, Б.Найдалаа нар үүрнэ гэсэн үг. Эрчим хүчний сайд болчихвол л бүх асуудлыг шийдэж чадна гэж дуугарч явсан Б.Найдалаа одоо "Өвөл ачааллын үеэр цахилгаан тасалдах эрсдэл бий" гээд жишимчгүй хэлээд яваа. Нэг үгээр хэлбэл өнгөрсөн зун олигтой ажиллаж чадаагүй хэрэг л дээ.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Т.Доржханд, Б.Найдалаа нарын үед эрчим хүчний салбар нар үзэхгүй юм байна хэмээн Б.Найдалааг огцруулах гарын үсгийг өөрийн албан бланк дээр цуглуулахаа мэдэгдлээ.

Ц.Сандаг-Очир. Засаг төр гаднаас унтуулгын буу, сум, цацлага худалдан авч тараах процессыг баавгай хүлээсэнгүй, хүний аминд хүрлээ.

Баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол элбэгшсэнтэй холбоотойгоор унтуулгын буу, сум, цацлага тэргүүтэн худалдаж авах, идэш тэжээл тавих, тухайн голомтод ажиллаж буй алба хаагчдын хэрэгцээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 88 сая төгрөг шийдэж өгсөн. Гэхдээ баавгай бүхий аймгууд болон нийслэлд шаардлагатай унтуулгын зүү шидэгч буу худалдаж авах ажил өнөөг хүртэл бүрэн шийдэгдээгүй, удаашралтай байгааг албаныхан хүлээн зөвшөөрөв.

Тендер зарлахгүй, шууд худалдан авалт хийнэ гэсэн хэрнээ баавгай бүхий 12 аймаг, нийслэлийн шаардлагатай бүсүүдэд унтуулгын буу, сум, эм цацлага хэрэглэгдэхүүнээ яагаад одоо хүртэл авч өгч нийлүүлээгүй байгаа талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир хариу тайлбар хэлэх ёстой албан тушаалтнууд таг чиг. Ганц үг ган хийхээрээ худлаа хэлсэн болж таарсан. Тухайлбал, Түүний "Баавгайд дайруулсан айлд УОК-оос нөхөн төлбөр олгохгүй" гэх нь худлаа, хурлаар олгохоор шийдвэрлэсэн. Ц.Сандаг-Очир сайд хуралд суугаагүй учир ташаа мэдээлэл хэвлэлд өгсөн гэж Н.Номтойбаяр хэлэв. Ер хариуцаж буй салбарт нь юу яригдаж байгааг, ямар шийдвэр гарч байгааг тоймлоод хэлчих чадваргүй, эрдэнэт хүний амь нас хохирсон байтал ганц эмгэнэл илэрхийлчих чадваргүй сайд Н.Учралд хэрэггүй л.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ одоо тэгээд нөгөө элдэв захиалгат нийтлэл үү, эсвэл жинхэнэ нийтлэл үү гэдгийг ч мэдэхээ болилоо. Их л мөнгө авдаг сайт гээ биз дээ?

Зочин
Зочин

Nomingoo nerleech esuul bas mungu awtsanuu ????????????

Зочин
Зочин

Zasgiin gazar baiguulagdaad udaagui baihad l said nar ni neg negээрээ unaj ehellee дээ

Холбоотой мэдээ

Back to top button