С.Баяр: Хувийн "эго"-гоо хангаж буй ихэрхэл | Д.Батлут: Өөрийн үзэмжээр хүндэт харуулаа жагсаа гэхгүй нь ойлгомжтой
Ерөнхий сайд асан С.Баяр Д.Батлутыг угтсан Сүхбаатарын Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудын ёслолыг түүнд хүндэднэ хэмээн шүүмжлэв. Д.Батлут хариуд нь "Өөртөө зориулж дүрэм зохиож, хувийн үзэмжээр хүндэт харуулаа жагсаа гэхгүй нь ойлгомжтой" гэв.
Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Батлан хамгаалахын сайд Д.Батлут Сүхбаатар аймагт ажилласан. Энэ үеэр түүнийг угтаж, Сүхбаатарын Зэвсэгт хүчний нэгтгэл ангиуд ёслол төгөлдөр угтаж авсан юм.
Үүнд Ерөнхий сайд асан С.Баяр "Энэ бол буруу! Хувийн эгоог төрийн хэрэгслээр хангаж буй ихэрхэл. Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаа ийн угтан мэндлэхийг ойлгож болно. Тийм ёслолын ард утга бас байна. Гэтэл бусад албан тушаалтанд, тэр тусмаа ЗГ-ын нэг гишүүнд бол ийм ёслол хүндэднэ. Аль ч утгаараа!" хэмээн өөрийн цахим хаягтаа байр сууриа илэрхийлсэн байна.
Хариуд нь Батлан хамгаалахын сайд Д.Батлут "Өөртөө зориулж дүрэм зохиож, хувийн үзэмжээр хүндэт харуулаа жагсаа гэхгүй нь ойлгомжтой. Цэргийн дүрэм бол зэвсэгт хүчнийхний хувьд “үндсэн хууль” мэт заавал дагаж мөрдөх ёстой баримт бичиг. Сайдын хувьд хэлбэрэлтгүй дагаж мөрдөх үүрэгтэй. Цэргийн жагсаалын дүрмийн 34 дүгээр зүйлд тодорхой заасан нь бий. Олон жил мөрдөж байна" хэмээсэн байна.
Цэргийн жагсаалын дүрэмд угтан авах ажиллагааны талаар ингэж заасан байна.
34 дүгээр зүйл. Угтан авах ажиллагаа
34.1. Цэргийн анги (хүрээ) дараах албан тушаалтныг хүндэт харуултай жагсаж угтан авна.
34.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч;
34.1.2. Улсын Их Хурлын дарга;
34.1.3. Монгол Улсын Ерөнхий сайд;
34.1.4. Батлан хамгаалахын сайд;
34.1.5. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга.
34.6. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг угтан авах ёслолд 24 цэргийн алба хаагч бүхий гурван салаа, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг угтах цэргийн ёслолд 24 цэргийн алба хаагч бүхий 2 салааг Байлдааны туг, цэргийн үлээвэр хөгжимтэй хамт томилно. Хүндэт харуулын дарга, салааны захирагч, туг хамгаалагч нар сэлэмтэй байна.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.